О. Дашням: Анх удаа л түрүүлж найзлая гэж хэлж үзсэн


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-02-24

Бид “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь - 2” төслийн кампанит ажлын хүрээнд хийж буй цуврал ярилцлагынхаа энэ удаагийн дугаарт нийслэлийн 79-р сургуулийн 6в ангийн сурагч О. Дашнямтай ярилцлаа.

Түүний эцэг эх “Хүүгийн маань IQ болон EQ түвшин нь хэвийн хэмжээндээ байгаа ч мэргэжилтнүүд "суралцахуйн бэрхшээлтэй" гэж тодорхойлсон. Хичээл сурлагын хувьд үеийнхнээсээ хоцрогдмол ч өсвөр насанд нь хамт олны уур амьсгалыг мэдрүүлж, юунд сонирхолтойг нь олж нээх талаас нь анхаарч, дэмжиж ярилцвал хэзээ нэгэн цагт сонирхол нь тодрох байх гэж боддог” хэмээж байсан юм.

Ингээд О.Дашнямтай үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт ерөнхий боловсролын сургуульд сурах ямар байдаг талаар ярилцсаныг хүлээн авч уншина уу.


YOLOСайн уу? Чиний хувьд 2021-2022 оны хичээлийн жилээс нийслэлийн 79-р дунд сургуульд шилжин ирсэн шүү дээ. Шинэ сургуульд сурахын зэрэгцээ дунд ангид орох ямар байна? Сэтгэгдлээсээ хуваалцаач. 

- Бага ангид сурдаг байхад Дуу хөгжим, Биеийн тамираас бусад хичээлийг ангийн багш ордог байсан. Харин одоо нийт 13 хичээл ордог. Хичээл бүрийг өөр багш ордог болохоор гоё санагдаж байна. Бас анх  шинэ сургууль, шинэ анги, шинэ багштай болно гэсэн чинь цаанаасаа их гоё санагдсан.

YOLOГэнэт ийм олон хичээл орохоор ядарч байна уу? 

- Хичээлүүд амархан байдаг. Ядрахгүй байгаа. Монгол хэлний хичээлдээ хамгийн их дуртай. Гоё, цэвэрхэн бичихээр багш маань магтаж урам өгдөг.  

YOLOХичээлийн энгийн нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ? 

- Би өглөө 07:00 цагт сэрдэг. Хичээл 08:00 цагт эхлээд давтлага орвол 16:00 хүртэл сургууль дээрээ байдаг. Харин давтлага орохгүй бол 12:00 өнгөрөөгөөд тардаг. Хичээлээ тараад өвөө, эмээ дээрээ очдог. Тэнд очих их дуртай. Өвөө эмээ шинэ сургуульд явна гэсэн чинь их баярласан. 

YOLOШинэ анги, сургуульдаа найзтай болсон уу? Ангийнхантайгаа танилцаж амжсан ууу? 

- Анх ангийнхандаа өөрийгөө танилцуулахдаа их сандарсан. Гэсэн ч багш шинэ хүүхэдтэйгээ танилцаарай гэж хэлсэн чинь надтай мэндэлж, "Сайн уу?" гэж байсан нь сайхан санагдсан. Хүсэж хүлээж байсан шиг минь гоё байсан. Бас шинэ сургууль руугаа явах гээд автобусанд суухдаа нэг хүүхэдтэй таарсан. Ангидаа орж ирсэн чинь тэр хүүхэд байж байсан. Түүнийг Даваабаатар гэдэг. Бид хоёр адилхан автобусанд суудаг гэдгээ мэдээд найзууд болсон. Өмнө нь би хүүхэдтэй эхлээд найз болоё гэж хэлж байгаагүй юм л даа. Анх удаа л түрүүлж найзлая гэж хэлж үзсэн болохоор айж байсан. Шинэ найзтай болсон ч ангийнхаа бүх хүүхэдтэй танилцаж арай амжаагүй байгаа. 

YOLOЧиний бодлоор найз гэж хэнийг хэлэх вэ? 

- Бие биедээ тусалдаг хүмүүсийг найзууд гэдэг. Даваабаатар бид хоёр нэг тийшээ явдаг болохоор автобусанд хамт сууж гэртээ харьсан. Автобуснаас буугаад намайг гэрт хүргэж өгч тусалсан болохоор Даваабаатарыг найзаа гэж боддог. 

YOLOСургуулиасаа тараад гэртээ харихдаа аав эсвэл ээжээрээ хүргүүлдэг гэсэн. Найзтайгаа хамт гэртээ харих ямар байсан бэ? 

- Өмнө нь үргэлж аав ээж хүрч ирж сургуулиас авдаг байсан болохоор найзтайгаа хамт харих их гоё байсан. Аютобусанд хамт цонхоор хараад, юм яриад явсан. Дандаа тэгэж гэртээ ирдэг бол гоё санагдсан.

YOLOӨөрийнхөө хийх дуртай зүйл, хоббигоо уншигч нартай маань хуваалцаач. 

- Би салхинд гарч дугуй унах дуртай. Би дугуйгаараа сургууль руугаа явахыг хүсдэг ч сургууль жаахан хол болохоор чадахгүй байгаа. Ирээдүйд хоол хийдэг тогооч болмоор байна. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

О. Дашнямын анги удирдсан багш Б. Мөнхдулам, “Дашнямын анхаарал төвлөрсөн үед нь хичээл заавал дахиж мартахааргүй тогтоож авдаг давуу талтай. Энэ хичээлийн жил эхлэхэд түүнээс түвшин тогтоох шалгалт авсан. Мэдээж хүүхэд бүр өөр орчинд өсөж байгаа учир мэдлэгийн түвшин нь ч ялгаатай байна. Тиймээс Дашнямыг ангийнхаа бусад сурагчтай харьцуулахгүй гэж боддог. Түүний сурлагын түвшинг нэг шат ахиулах л бидний гол зорилго юм” хэмээж байлаа. 



Төслийн тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой. 

#Ярилцлага #SavetheChildren