Анх 2016 онд Apple компани “Airpods” утасгүй чихэвчийг танилцуулснаас хойш таван жил өнгөрсөн байна. Нэг хэсэг гудамжаар зөрөх хүн бүр уг төхөөрөмжөөр гангарч, залуусын дунд хамгийн өргөн хэрэглэгдэж байсан нь үнэн. Гэвч трэнд гээч зүйл үргэлж шинэчлэгдэж байдаг шүү дээ. Үүний нэг жишээ болсон утасгүй чихэвч трэндээс аажмаар гарч, эсрэгээрээ утастай чихэвч эргээд моданд орж байна.
УТАСТАЙ ЧИХЭВЧНИЙ ҮҮСЭЛ
1891 он – Анхны чихэвч
Утасны операторуудад зориулан нэг талдаа сонсох зориулалттайгаар анхны чихэвчийг бүтээсэн бөгөөд нэг чихэвч нь л гэхэд 4 кг жинтэй байжээ.
1910 он – Хос чихэвч
Nathaniel Baldwin анхны хос буюу хоёр чихэнд зориулсан чихэвчийг зохион бүтээжээ. Энэхүү чихэвчээс эхний ээлжинд 100 ширхгийг бүтээсэн ба бүгдийг нь гар аргаар хийсэн гэдэг.
1958 он – Стерео
Жазз хөгжимд дурлагч John Koss зөвхөн хөгжим сонсохын тулд анхны стерео чихэвчийг бүтээсэн аж.
1979 он – Walkman
Sony компани кассета тоглуулагчдаа зориулж анхны зөөврийн чихэвчийг олон нийтэд танилцуулсан бөгөөд уг төхөөрөмж нь 400 сая орчим хувь зарагджээ.
2000 он – Дуу тусгаарлагчтай чихэвч
Анх онгоцны их чимээг намжаах зорилгоор Bose компани 1979 онд дуу тусгаарлагчтай чихэвч бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэд анхны чихэвчээ 1986 онд онгоцны нисгэгчдэд зориулж үйлдвэрлэсэн бөгөөд улмаар 2000 онд бидний мэдэх зөөлөвчтэй чихэвчийг бүтээсэн байна.
2001 он – iPod/MP3 тоглуулагч
Apple компанийн танилцуулсан iPod нь зөөврийн дижитал хөгжмийг өнгөлөг загвар, ухаалаг маркетингаар хэрэглэгчдийн гарт хүргэсэн юм.
2008 он – Beats
Хөгжмийн продюсер Jimmy Lovine, реппер Dr Dre нар хамтран 2006 онд чихэвчний компани байгуулж Beats нэртэй чихэвчийг бүтээжээ.
ЯАГААД “COOL” СОНГОЛТ ГЭЖ?
Цэнэглэх шаардлагагүй - Энэ бол утастай чихэвчний хамгийн том давуу тал. Чи хаана ч, хэдийд ч хүссэн үедээ дуртай дуу хөгжмөө сонсох боломжтой.
Хямд үнэтэй - Чи аль ч компанийн утастай чихэвчийг худалдан авахад утасгүй чихэвчээс хэд дахин хямд байх нь тодорхой.
Утасны хамгаалалт - Утсаа гараасаа санамсаргүй алдаад унагаах мөчид чихэвч чинь тогтоож үлдсэн удаа байдаг л биз дээ? Чихэвч байгаагүй бол утасгүй болчихсон байж ч мэднэ.
Хувийн орон зайг илтгэнэ - Утастай чихэвчээ зүүчхээд дуу сонсоогүй сууж байсан ч хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд гадаад орчноос өөрийгөө тусгаарлахыг хүссэн чинь илэрхий байх болно.
Эцэст нь мэдээж загварлаг - Хувцаслалт, гоёл чимэглэлдээ тохируулан өнгө өнгийн чихэвч зүүсэн ч болно шүү дээ.
ХЭН ХЭРЭГЛЭЖ БАЙНА?
Утасгүй чихэвч хүн бүрийн хэрэглээ болж буй өнөө цагт “Тоон дотор үсэг” гэдэг шиг утастай чихэвч содон харагдах нь гарцаагүй. Тэгээд ч загвар өмсөгч Bella Hadid, жүжигчин Lily-Rose Depp болон Zoe Kravitz нараас эхлээд олны танил алдартнууд утастай чихэвчээр гангарч байна. Хэдэн жилийн өмнөөс тоохоо больчихсон, ширээнийхээ шургуулганд хийгээд мартчихсан өнөөх утастай чихэвч маань энгийн хэр нь дэгжин харагдуулах трэнд болно гэж хэн мэдэх вэ...
Эх сурвалж: teenVogue, Wall Street Journal, The Guardian
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх