Арванхоёрдугаар сарын 29-нийг яагаад тэмдэглэлт өдөр болгосон бэ?


С. Энхжаргал | YOLO.MN
2021-12-28

VIII Богд Жавзандамба хутагтын удирдлага дор Монголчуудын Манж Чин улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарласан. Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанаар VIII Богд Жавзандамба хутагтыг өргөмжилж, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан. 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол” , Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Ийнхүү 1911 оноос хойш үеийг Монгол улсын сэргэн мандалтын үе хэмээх болсон. 

Төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой энэ өдрийг хойч үе нь бахархан дурсаж, их үйл хэргийн утга учрыг ухамсарлан танин мэдэж, өвлөн авснаар тусгаар тогтнолын үнэ цэнээ мөнхөд хадгалан орших билээ. Энэ жил Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна. Мөн эл үйл явдалтай холбоотой бидний мэдэх ёстой хүмүүсийг танилцуулъя. Үүнд: 

1. Түшээ Гүн Чагдаржав
2. Жун Ван Гомбосүрэн
3. Бэйс Гомбосүрэн
4. Ван Цэдэнсоном
5. Гүн Намсрай
6. Да Лам Цэрэнчимэд
7. Эрдэнэ Ван Ханддорж
8. Гүн Хайсан

Түшээ Гүн Чагдаржав

Жун Ван Гомбосүрэн

Гүн Намсрай

Да Лам Цэрэнчимэд

Эрдэнэ Ван Ханддорж

Гүн Хайсан

Эдгээр хүмүүсийн зургаа нь Манжаас анх түрүүн засгийн эрх авсан хүмүүс юм. Тодруулбал, Түшээ Гүн Чагдаржав 1911 оны Монголын үндэсний хувьсгалын үйл хэрэгт онцгой идэвхтэй оролцож, Үндэсний хувьсгалыг санаачилсан удирдагчдын нэг юм. 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд нууц байдлаас ил гарсан “Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар”-ын анхны даргаар ажиллаж байв. Эрдэнэ далай ван Галсаннамжилийн Гомбосүрэн бол 1911 онд Богд хааны зарлигаар Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, Сэцэн хан аймгийн цэргийн захирагч жанжнаар томилогджээ. Шүүх таслах яамны тэргүүн сайдаар Намсрай ажиллав. Богд хааны зарлигаар Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд Да Лам Цэрэнчимэдийг тавьжээ. Дотоод яамны Да Лам Цэрэнчимэд нь бусад яамдаа ахалж байсан тул тэрбээр Монгол Улсын засгийн газрыг тэргүүлж байсан хэмээн үзэж болно. Эрдэнэ Ван Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилжээ. Гүн Хайсаныг Богд хааны зарлигаар Дотоод яамны дэс (хоёрдугаар зэргийн гэсэн утгатай үг) түшмэлээр томилсон. 

Улс орныхоо хамгаалалт, аюулгүй байдал, эрх чөлөөний төлөө тэмцсэн түүхэн үйл явдлын эздийн агуу их хүч хөдөлмөрийн үр шимийг хүүхэд, залуучууд ямагт санаж, хүндлэн дээдлэх учиртай. Үйл явдлын дэлгэрэнгүйг түүхэн сурвалжуудаас нэмж уншаарай.

Эх сурвалж: “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба Амьдрал ба Домог”, “Монголын түүх 1911-2017”,
Зургийн эх сурвалж: Wikipedia

#Сонин хачин #Түүх #Тэмдэглэлт өдөр