Бид "Залуучуудын хөгжлийг дэмжигч, ээлтэй байгууллага"-аар шалгарлаа


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2021-12-20

Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх зорилготой "Монгол контент" ХХК "Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага"-аар шалгарч, шагнал хүртлээ. 

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах шинэлэг санал, санаачилга гарган ажилласан байгууллагыг жил бүр шалгаруулдаг. 2021 оны шалгаруулалтад 20 гаруй аж ахуйн нэгж өрсөлдсөнөөс "Ковид-19" цар тахлын үед сайн жишиг, эерэг хандлагыг түгээсэн таван байгууллагыг шилдгээр тодруулав. Үүний нэг нь "Монгол Контент" ХХК байлаа. 

Тус компани 2016 оноос хойш YOLO.mn сайтаар дамжуулан өсвөр үеийнхэнд зориулсан медиа бүтээлийг тасралтгүй бэлтгэж, хүүхэд залуучуудад зориулан энтертаймент, боловсролын чиглэлийн контентыг хүргэсээр байна. 

YOLO.mn сайтын хамт олон

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөөг тогтмол үнэ төлбөргүй хүргэсээр ирсэн билээ. Энэ жил бидний хийсэн, нийгэмд чиглэсэн томоохон ажлуудаас дурдвал: 

- 2021 оны зургадугаар сард – Найм дахь удаагийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар залуу үеийнхнийг нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг уриалах, сонголтоо зөв хийхэд нь туслах кампанит ажил, 

- 2021 оны зургадугаар сард - Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоотой хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Бидэнд шийдэл бий” форум, арваннэгдүгээр сард “Бид дээрэлхэхгүй” цахим аян,

- 2021 оны есдүгээр сард – Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн контент,

- 2021 оны арваннэгдүгээр сард - Монголын Эмнести Интернэшлнээс хэрэгжүүлсэн Хүний хувийн нууцтай байх эрхийн талаар олон нийтэд таниулах “Нууц шүү за” цахим аяны видео контент, 

- 2021 оны арванхоёрдугаар сард – Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй кампанит ажлын контент,

- 2021 оны тавдугаар сараас хойш – Монгол экологи төв, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөртэй хамтран хувь хүний хөгжил, байгаль орчны тухай мэдээлэл өгөх контентуудыг тус тус бүтээлээ.

Энэ завшааныг ашиглан хамтран ажилладаг байгууллагууддаа талархлаа илэрхийлж байна!

#Мэдээ #Амжилт