Буфет хоолны үйлчилгээ нь хэрэглэгч зөвхөн зөөгч хүргэж ирэхийг хүлээх шаардлагагүйгээр олон төрлийн хоолноос өөрийн хүссэн хэмжээгээр сонгон идэх боломжийг олгодог давуу талтай. Гэхдээ буфет хоолны үйлчилгээнд дагавал зохих хэд хэдэн дүрэм, бичигдээгүй хууль байдаг. Энэ нь үйлчилгээний ёс зүй болон хувь хүний биеэ авч явах соёлтой салшгүй холбоотой юм.
ЭХЛЭЭД ГАРАА УГАА. ТЭГЭЭД ХҮРСНЭЭ Л АВ
Бид өмнөхөө бодоход эрүүл ахуйн ариун цэврийг харьцангуй сайн сахидаг болсон. Мэдээж хооллохын өмнө гараа заавал угаана. Учир нь буфет хоолноос авахдаа ашиглах хэрэглэгдэхүүнийг бид дамжуулан хэрэглэдэг. Хоол сонголтоо хийж байхдаа ярихгүйг хичээн, болж өгвөл амны хаалттайгаа байвал сайн. Учир нь хүн ярьж, найтаахад 3000-40000 шүлсэн дусал агаарт тарж байдаг. Хэрэв та найтаах эсвэл ханиалгах шаардлагатай бол буфетны шугамнаас ухрах эсвэл эргэж харж, тохой руугаа найтаагаарай. Хоол руу орох магадлатай урт ханцуйтай цамц өмссөн бол хойш нь шамлаарай. Нэг зүйлийг нь сонгох гээд эргэж тойруулж тавиад нөгөөхийг нь сонгохгүй. Том жижиг хамаагүй тавган дээрх бүгд нэг ижил амттай учир та хүрснээ л ав.
ГЭНЭТ ОЛДСОН ХООЛ БИШ, ГЭМ ХИЙСЭН ГЭДЭС БИШ
Эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа өдөржин хоосон байснаа орой гэнэт их идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс нэг удаагийн амтлах, цадах таашаал тань хязгаараас хэтэрвэл олон өдрийн биеийн зовуурь бий болгохыг үгүйсгэхгүй. Тиймээс яаралгүй, нэг дор хэт бүү ид. Олон төрлийн хоол идэхээр төлөвлөж байвал тус бүрээс аль болох жижиг порцоор аваарай. Мөн хоорондоо тэр бүр зохимжтой байдаггүй хоол эсвэл өмнө нь таны биед таагүй нөлөө үзүүлж байсан хоолноос аль болох татгалзаарай. /жишээ нь гахайн мах зохидоггүй, идэхээр гүйлгэдэг хүмүүс байдаг/
ТАВГАН ДЭЭРЭЭ ХООЛ ҮЛДЭЭХГҮЙН ТУЛД АНХНААСАА ЗӨВХӨН ИДЭХЭЭ Л СОНГО
Өлссөндөө эсвэл өмнө нь амталж байгаагүй хоолоо сонирхоод тавган дээрээ маш ихээр “овоолчхоод” эцэс сүүлд нь барахгүй үлдээх тохиолдол цөөнгүй. Сонирхуулахад, хүн төрөлхтөн жилд 1,3 тэрбум тонн хоол хаядаг ба та үүний нэг хэсгийг бүрдүүлэгч болохоос зайлсхийгээрэй. Учир нь дэлхий дээр 2050 он гэхэд хүнсний хэрэгцээг 70 хувиар нэмэгдэх тооцоо судалгаа бий. Мөн дэлхийн нийт хүнсний хаягдлын дөрөвний нэг нь л өлсгөлөнд нэрвэгдсэн бүх хүнийг хооллоход хүрэлцээтэй байдаг аж.
ХООЛ НЭМЭХДЭЭ ШИНЭ АЯГА, ТАВАГ АШИГЛААРАЙ
Хоол зүйн үйлчилгээний дүрэмд буфет хоолны үед хэрэв дахин нэмэхээр бол цэвэр таваг хэрэглэхийг зөвлөдөг. Харин олон аяга, таваг бохирдуулахыг хүсдэггүй хүмүүс хэрэглэснийгээ дахин хэрэглэхийг илүүд үздэг. Гэхдээ шинийг ашиглах нь тавган дээр үлдээсэн яс, янз бүрийн үлдэгдэлтэй шинэ хоолыг нийлүүлэхгүй гэсэн санаа юм.
ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТЫН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ
Тодорхой зууш, хоол тус бүрт зориулагдсан хэрэгслийг ашиглаарай. Жишээ нь цайны аяганд шөлөө хийгээд, хоолны тавган дээр дессертээ тавиад байж болохгүй гэсэн үг. Мөн салатны хавчуурыг, махтай хоолны хэсэгт тавьж болохгүй. Дараагийн хүний хэрэглээнд төвөг удахгүйн үүднээс харгалзах хэсэгт нь байрлуулаарай. Түүнчлэн шөл хутгах хоолны том халбагыг тавих тавиур байхгүй бол саванд нь үлдээхдээ бариул нь дотогшоо хоолонд хүрэхгүй байгаа эсэхийг анзаараарай. Мөн хоолоо идэж байхдаа хутга шаардлагатай үед зөвхөн хутгаараа зүсэж, жижиглээрэй.
ХООЛНООС ГАРААРАА АВЧ БОЛОХГҮЙ
“Миний л ам руу орох учраас...” гэсэн бодлоор талх нарийн боов, аливаа амттанг шууд гараараа тавагтаа авах нь буруу. Таны бодсончлон мэдээж зөвхөн та идэх ч энэ нь маш бохир, ёс зүйгүй харагддаг. Тэр дундаа томоохон хүндэтгэлийн арга хэмжээ, уулзалтын хүрээнд болж буй зоогийн үед ийм үйлдэл гаргах нь бүр зохисгүй. Тиймээс зориулалтын халбага, хавчуур, сэрээг ашиглаарай. Хэрэв ойр хавьд байхгүй бол танд туслахад бэлэн зогсож байдаг хажуугийн үйлчилгээний ажилтнаас лавлаарай.
ЭГНЭЭНД БАЙХДАА ИДЭЖ (АМСАЖ) БОЛОХГҮЙ
Эгнээнд явж байхдаа амтыг нь мэдэх гээд хоолноос авч тэр дор нь амсдаг хүмүүс цөөнгүй. Энэ нь шүлс хоол руу үсрэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна энэ нь маш ёс зүйгүй үйлдэл юм. Тиймээс хэрэв та хоолноос амсахаар бол аяга, тавагтаа аваад өөрийн ширээний ард суугаад амсах хэрэгтэй. Хэрэв та ямар амтлагч орсон болон орц найрлагын талаар эргэлзэж байвал амтлахын оронд энэ талаар үйлчилгээний ажилтнаас асуугаарай.
БУФЕТ ХООЛНЫ ТАЛААР ТА ХҮҮХДЭДЭЭ ЗААГААРАЙ
Та хүүхдэдээ эдгээр энгийн дүрмийн талаарх ойлголтыг өгөөрэй. Ямар төрлийн хоолыг эхэлж иддэг, зориулалтын хэрэглэгдэхүүний гэх мэт буфет хоолны үйлчилгээний талаарх анхан шатны мэдлэгийг олгоорой. Мөн хүүхэд хоолоо асгах, хэт их хэмжээгээр авах магадлалтай учир хоол сонголт хийхдээ хүүхдээ байнга дэргэдээ авч явахыг зөвлөдөг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх