Хаа нэгтээ “Gaslighting” нэр томьёог сонсож байв уу? Ямар утгатайг нь мэдэхийг оролдож байсан уу? Чи Gaslighting-тай учирч байсан уу? Яаж хариулахаа мэдэхгүй байна уу? Энэ нийтлэлээс бүх хариултаа хайж олоорой.
Gaslighting гэж юу вэ?
Энэ нь нэг төрлийн сэтгэл зүйн хүчирхийлэл бөгөөд хохирогчийн ой дурсамж, үзэл бодол, мэдрэмж, ухамсрыг нь үгүйсгэх, эргэлзээ төрүүлэх замаар удирдах явц юм. Ингэхдээ үйлдэгч тал ихэвчлэн өөрийн бодлоо тулгах, худал зүйлийг олон дахин давтах, аливаа асуудлыг гол сэдвээс нь хазайлгах замаар тухайн хүнд худал итгэл төрүүлж, гартаа оруулж авдаг байна.
Хэрэв чамд дээрх тодорхойлолт хэтэрхий сүржин ноцтой санагдаж “Надад ч ийм зүйл тохиолдохгүй дээ” гээд алгасах гэж байгаа бол түр азнаарай.
Гэмгүй хэлчихсэн цагаахан худал үг ч Gaslighting болох боломжтой. Тэр байтугай эцэг эх чинь чамайг хэчнээн удаа Gaslight хийж байсныг чи төсөөлөх ч үгүй. Бяцхан жишээ авъя.
Жаал хүү бүдэрч унаад өвдгөө шалбалчихлаа. Ээж нь түүнийг өргөж босгоод “Зүгээр ээ. Иймхэн жаахан шалбархай өвдөх ёсгүй.” гэж хэлнэ. Магад уйлмагц нь “Битгий сүржигнээд бай” гэж нэмэх байх.
Уг зорилго нь хүүгээ уйлуулахгүй байх учир, энэ ээж хүүгийнхээ тархийг угааж буйгаа өөрөө ч анзаарахгүй. Гэтэл ээжийн хэлсэн хоёр өгүүлбэрт хэчнээн алдаа байна гэж санана? Нэгдүгээрт, энэ явдал зүгээр биш. Арьс нь зулгарч шалбараад цус гарсан байна. Хоёрдугаарт, шалбарсан л бол өвдөнө шүү дээ. Шалбархай битгий хэл гараа цаасанд жижигхэн эсгэчихээр яаж хорсдог билээ?
Дээрх хоёр алдаа нь жижиг хэлбэрийн Gaslighting. Бодит байдлыг гуйвуулан мушгиж, улмаар хүүхэд аливаад дүгнэлт хийх чадвартаа эргэлзэж эхлэх ч магадлалтай. Сүүлийн бөгөөд хамгийн том алдаа нь “сүржигнэх” гэдэг үгтэй холбоотой. Мэдрэмж ямар ч байлаа эзэндээ туйлын үнэн. Түүнийг “сүржин, хуурамч” гэж шошголох эрх хэнд ч байхгүй.
Гэр бүл дэх Gaslighting
Гэр бүлийн хүрээнд явагдаж буй Gaslighting голдуу санамсаргүй бөгөөд ухамсаргүйгээр хийгдсэн байдаг. Энэ нь Gaslighting-ийн талаар ойлголт муутай байдагтай шууд холбоотой. Үйлдэгч тал нь тухайн гэр бүлийн харилцаанд хүч давамгай нэгэн байх хандлага бий. Насанд хүрэгчид өөрсдийгөө хүүхдүүдээс бүх талаараа илүү хэмээн бат итгэдэг бөгөөд үл итгэх, үл ойшоох хандлага ихээр гаргадаг. Өнөө л Gaslighting-ийн шинж тэмдгүүд шүү дээ.
Гэр бүл дэх Gaslighting төрлүүд
Хүүрнэх. Өнгөрсөнд болж өнгөрсөн аливаа нэг үйл явдлыг болоогүй мэтээр итгүүлэх, аль эсхүл хүүхдийн санаж буйгаас өөрөөр хүчээр тулгах.
Мэдрэмжийг үгүйсгэх. Хүүхдийн мэдэрч буй сэтгэл хөдлөлийг буруу мэтээр ухуулах, мэдрэмжийг нь үгүйсгэх. Хүүхэд учраас мэдрэх чадамжгүй гэж үзэх.
Хувийн дайралт. Дутуу үнэлж, хэт бөөцийлөхийг оролдох. “Угаасаа чадахгүй” гэдэг үгээр шалтаглаж хүсэл мөрөөдлөө хаяхыг ятгах.
Дээрх мэдээллүүдийг уншсаны дараа Gaslighting-д өртөж байсан эсэхээ тодорхойлж чадсан уу? Хэрэв өртөж байсан бол яах вэ гэж үү? Одоохон.
Gaslighting-с хэрхэн ангижрах вэ?
Юу байдгийг нь мэдчихлээ. Ямар аюултайг нь ухаарчихлаа. За одоо яах вэ? Ангижрах хэрэгтэй. Өөрийгөө анагааж эхлэх хэрэгтэй. Энэ л хамгийн хэцүү хэсэг нь. Маш их тэвчээр бөгөөд хүчин зүтгэл шаардана. Мэргэжлийн хүмүүс ихэвчлэн тухайн хүнээс холдож харилцаагаа таслахыг зөвлөдөг ч, гэр бүлгийн гишүүд тэр тусмаа эцэг эхтэйгээ холбоо хамаарлаа таслах тун бэрх. Тийм учраас зарим нэг сэдвүүдээр ярилцахаас зайлсхийхийг хичээгээрэй. Ялангуяа энэ сэдвээр. Эцэг эх чинь алдаа хийж буйгаа ухамсарлаж, тархийг чинь угааж байснаа хүлээн зөвшөөрөх нь юу л бол. Түүний оронд өөртөө түлхүү анхаарч, аливааг ойлгох чадвартаа итгэж сур. Дахин тийм явдал давтагдвал өөртөө эргэлзэхийн оронд эргэн тойрноо сайн ажиж бодитой дүгнэлт хий гэж сэтгэл зүйчид зөвлөжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх