Их хотод маань жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирж шинэ оныг угтах баярын уур амьсгал хэдийнэ ороод байна. Үүнтэй зэрэгцэн сурагчдын амралт ч хаяанд иржээ. Өвлийн урт амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ хараахан шийдээгүй бол бид энэ удаагийн дугаартаа сэтгэлийг чинь дулаацуулах долоон романтик к-драмаг танилцуулах гэж байна.
Магад уг жагсаалтад хэдийнэ үзсэн бүтээл чинь багтсан байж болох ч дахин нэг удаа үзэхэд өнгөрсөн түүхээрээ аялсан мэт мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.
1. “STRONG WOMAN DO BONG SOON”
“Би юу? Би бол Ду Бун Дуны Ду Бун Сүн”.
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 16
Хэрэв эмэгтэй гол дүр нь хүчирхэг атлаа эгдүүтэй цуврал үзэхийг хүсэж байгаа бол “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн” яг тохирно.
Эмэгтэй гол дүр Ду Бун Сун бол бие бялдрын хувьд супермэнээс ч илүү хүчирхэг нэгэн. Түүний мөрөөдөл өөрийн түүхээр видео тоглоом бүтээх. Биедээ баймгүй онцгой хүчтэй Бун Сун маань санамсаргүй тохиолдлоор тоглоом хөгжүүлэлтийн компанийн ерөнхийлөгч Ан Мин Хёгийн бие хамгаалагчаар ажиллахаар болно. Ингээд гол дүрийн маань хоёрын хооронд сэтгэл гижигдэм үйл явдал өрнөж эхэлнэ.
Мэдээж сайны хажуугаар саар гэдэгчлэн киноны эсрэг талын дүр бол “Penthouse” цувралын дүрүүдийн арай хялбарчилсан хувилбар л гэсэн үг. Гэвч түүний үйлдэж буй гэмт хэргүүд болон Бун Сунийг заналхийлж байгаа нь уг бүтээлийг улам үзүүштэй болгож өгчээ.
2. “WEIGHTLIFTING FAIRY KIM BOK JOO”
“Месси-д дуртай юу?”
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 16
“Хүндийн өргөлтийн дагина Ким Бог Жү” бол үнэхээр үзэлгүй өнгөрч боломгүй романс. Ямар ч хорон санаа, атгаг явуулга байхгүй өсвөр үеийнхэнд зориулсан бүтээл юм.
Хүндийн өргөлтийн аварга болохыг мөрөөддөг Бог Жү зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй шийдэмгий нэгэн. Ямар ч зүйлд өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ ханддаг чанар нь түүнийг онцгой болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний эгэл жирийн амьдралд Жон Жүн Хён гэх залуу гарч ирснээр илүү ээдрээтэй үйл явдлууд өрнөх болно.
Хайр дурлалыг хэзээ ч мэдэрч байгаагүй охин өөртэйгөө яг адилхан, эв хавгүй, ойлгомжгүй хөвгүүнд дурлах болно. Тэдний хөгжилтэй түүх чамайг хором ч уйдаахгүй шүү.
3. “OH MY VENUS”
“Намайг Дэгүгийн дурлалын бурхан гэдэг байсан юм шүү!”
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 16
“Миний дурлалын бурхан” цуврал Холливүдийн оддын хувийн дасгалжуулагчаар ажилладаг Ким Ён У, илүүдэл жинтэй ч сэтгэл татам өмгөөлөгч бүсгүй Кан Жү Ын нарын хайрын түүхийг өгүүлнэ.
Гол дүрийн хоёр хос маань эхэндээ жингээ хасах асуудлаас болж бие биетэйгээ хонь чоно шиг тэрсэлддэг байсан ч нэг нэгэндээ аажмаар дасаж эхэлнэ. Тэдний харц, инээмсэглэл, нэг нэгэндээ уусаж байгаа романсууд бол алдаж үл болом хором шүү.
Мөн уг бүтээлд Солонгосын “Super Junior” хамтлагийн гишүүн Хэнри Лау дүр бүтээснээрээ онцлог. Түүний анзааргагүй юм шиг хэрнээ гол дүрүүдийг холбож өгч байгаа үйлдлүүд нь нэг бол чиний элгийг чинь авна, эс бөгөөс зүрхийг чинь авна.
4. “SHE WAS PRETTY”
“Би жаахан байхдаа үнэхээр бүр үнэхээр хөөрхөн байсан юм чинь...”
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 16
“Тэр хөөрхөн байсан” бол гол дүрийн эмэгтэй хэрхэн сул дорой нэгнээс хүчирхэг нэгэн болж өсөн дэвжиж байгаа түүхийг харуулдаг. Гэхдээ энэ драмаг гайхалтай романс гэж нэрлэх болсон шалтгаан нь түүний гадаад төрхийн өөрчлөлттэй холбоогүй.
Нэгэн цагт баян айлын үзэсгэлэн төгөлдөр охин байсан Ким Хэ Жин-ий гэр бүлд асуудал тулгарч амьдрал нь орвонгоороо эргэж, хэцүүхэн амьдралыг туулж өнгөрүүлдэг. Нөгөөтээгүүр түүний хүүхэд насных нь сайн найз Жи Сон Жүн баян, царайлаг загварын сэтгүүлийн эрхлэгч болж Хэ Жиний дарга болж очиж байгаагаар драмын гол үйл явдал өрнөнө. Хэдий тэд багадаа салахдаа нэг нэгэнтэйгээ ирээдүйд заавал уулзана гэж амлалт өгсөн ч учрах тохиол нь зөрсөн гэлтэй нэг нэгнээ ололгүй өдийг хүрсэн.
Гэвч Хэ Жин амлалтаа биелүүлэхийн тулд цөхрөлтгүй хүлээсээр байсан нь сэтгэл догдлуулам. Мөн энэ драмаг илүү сонирхолтой болгож өгсөн нэг дүр бол “Super Junior” хамтлагийн Чой Шивоны дүр. Манай гол дүрийн эмэгтэйг үнэн сэтгэлээсээ анзаарч хайрладаг ч эцсийн сонголтыг бүсгүйдээ үлдээдэг. Энэ драмаг үзвэл Жексон гэдэг үг нэг хэсэгтээ л чиний амны уншлага болсон байх вий.
5. “LOVE IN THE MOONLIGHT”
"Бид хэн байх, хэзээ хаана байх огтхон ч хамаагүй зөвхөн бидний зүрх сэтгэл ижил байхад л болно".
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 59 минут
Ангийн тоо: 18
Түүхэн драма бол к-драма үзэгчдийн хувьд үеийн үед шилдэг сонголтуудын нэг байсаар ирсэн. Ялангуяа “Сарны гэрэл дэх хайр” цувралын гол дүрийн жүжигчдийн хоршил хэний ч анхаарлыг татам байгаагүй гэж үү? Пак Бо Гум, Ким Ёо Жун, B1A4 хамтлагийн гишүүн Жинён нар жүжигчдийн багт багтсан гэдэг мэдээ цацагдсан үеэс л энэ драма үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан.
Угсаа залгамжлах хунтайж И Юүны хувьд ордон дахь амьдрал нь тийм ч гайхалтай бус. Харин ч уйтгартай залхмаар өнгө аястай. Гэтэл ханхүүд үйлчлэх тайган нь эр хүний дүрд зүсээ хувилгаж ордонд орж ирсэн эмэгтэй хүн байж таарна. Тэдний оньсого шиг хайрын түүхийн зангилаа хэрхэн тайлагдах бол?
6. “FALLING FOR INNOCENCE”
“Өөрөөс нь болж мангас болсон эрийг ямар ч эмэгтэй хайрлаж чадахгүй”.
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 16
Хайртай шүү Сүн Жонаа! бол романтик инээдмийн цуврал. Ким Сүн Жон, Ма Дун Үг хоёр хоёр үерхээд олон жил болж байгаа бөгөөд хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч мөрдөгч Ма Дун Үг осолд орж учир битүүлгээр нас бардаг. Харин зүрхний өвчтэй Кан Мин Ү-д Ма Дун Үг-ын зүрхийг шилжүүлэн суулгаснаар тэрээр өөрийн эрхгүй Ким Сүн Жонд татагдана.
Мин Ү бол ааш муутай гэдгээрээ алдартай баян айлын хүү. Тэрээр өмнө нь Сүн Жонд муухай ханддаг байсан ч мэс заслын дараагаар түүнд татагдаж эхэлснээр тэдний хооронд тайлбарлахад төвөгтэй харилцаа үүснэ. Өөрийн мэдэлгүй татагдах зүрх шимшрүүлэм холбоо тэднийг юунд хүргэх бол?
7. “HEALER”
“Миний цаг хугацаа өнгөрсөнд гацсан тийм учраас надад маргааш гэж байхгүй”
Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 60 минут
Ангийн тоо: 20
Энэ жагсаалтыг романтик гэхээсээ илүү адал явдалт киногоор дуусгаж буй танд нь хачирхалтай санагдаж магадгүй юм. Анагаагч бол хүчтэй, ухаалаг, царайлаг, нууцлаг, ганцаардмал нэгэн. Гэвч эмэгтэй гол дүр Чэ Ён Шинтэй уулзсанаар түүнд өөрийгөө нээж ганцаардмал нэгнээс яг л бяцхан бамбарууш шиг нэгэн болж хувирах боломж тохионо. Хэдий анагаагч энэ эмэгтэйн дэргэд үлдвэл түүнд аюул учруулна гэдгээ мэдэж байсан ч түүнээс холдох гэсэн тэмцэл нь тэр бүр амжилтад хүрэхгүй.
Уг бүтээлээс бид зүрх догдлом хайрын түүх, харуусал гээд хүний амьдралд байж болох бүхий л нандин мэдрэмжийг хүртэх болно.
Эх сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх