Арьсны нүхжилтийн асуудлаа шийдвэрлэхэд чинь туслах ШАЛГАРСАН аргууд


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-12-01

Арьсан дээрх жижигхэн нүхнүүд арьсыг амьсгалуулах маш чухал үүрэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Гэвч бидний нас, арьсны онцлог, удамшил, нар салхи, гадны нөлөө зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч арьсан дээрх нүхнүүд илт мэдэгдэхүйц томорч, нүхжилт гэх асуудлыг үүсгэдэг шүү дээ.

Үүнийг ор мөхгүй арилгах боломжгүй ч багасгах аргууд олон байдгаас арьсны эмч нарын санал болгодог шилдэг аргуудыг та бүхэндээ хүргэе.

ӨДӨР БҮР ЦЭВЭРЛЭХ

Өдөр тутмын цэвэрлэгээ нь арьсан дахь нүх сүвийг цэвэрхэн байлгахад гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд бид өдөрт нэгээс хоёр удаа нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй. Хэрэв чи нэг л удаа цэвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа бол оройн цагийг сонгоорой. Өдрийн төгсгөлд бидний арьсанд гаднын бохирдол, нүүрний будгийн үлдэгдэл хуримтлагдсан байдаг болохоор тэр бүгдийг цэвэрлэхгүй унтвал арьсан дээр чинь нүхжилт үүсэх таатай орчин бүрдэнэ шүү.

Мөн халуун орчин арьсны нүх сүвийг нээж өгдөг тул өдөр тутамдаа арьсаа цэвэрлэснийхээ дараа уураар утах, халуун алчуураар бигнэх нь арьсны гүнд хуримтлагдсан бохирдлыг гүйцэд цэвэрлэхэд тус болдог байна.

ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ГУУЖУУЛАХ

Арьсаа тогтмол гуужуулах нь арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэж, цэвэрхэн толигор болгодог. Гэхдээ хэт их гуужуулах нь эсрэгээрээ арьсанд муугаар нөлөөлдөг учир долоо хоногт нэг л удаа гуужуулах нь хангалттай гэж арьсны эмч нар үздэг байна. Мөн ширхэгтэй, ширүүн гуужуулагч нь арьсыг цочроож, нүхжилтийг улам томруулдаг учраас аль болох зөөлөн бүтэцтэй гуужуулагч хэрэглээрэй.

ГАРАА НҮҮРНЭЭСЭЭ ХОЛ БАЙЛГАХ

Гар, хуруун дээр хуримтлагдсан олон төрлийн бактери арьсны нүх сүв рүү хялбархан орж бохирдуулдаг тул нүүрээ цэвэрлэх, будахаасаа бусад үед нүүрэндээ гараа хүргэхээс аль болох зайлсхийгээрэй.

SPF-ТЭЙ PRIMER ХЭРЭГЛЭХ

Хэт ягаан туяа нь арьсны коллаген, эластиныг багасгаж нүхжилтийг томруулдаг болохоор арьсаа тэрхүү хүчин зүйлсээс хамгаалахын тулд нарны тос түрхэх нь маш чухал. Гэвч бидний хэрэглэдэг нарны тоснууд ихэвчлэн гялалзсан бүтэцтэй байдаг нь нүхжилтийг илүү тод харагдуулдаг учраас нарны тосноос илүү SPF хамгаалалттай primer хэрэглэх нь илүү дээр сонголт гэж арьсны эмч нар зөвлөжээ.

ШАВРАН МАСК

Арьсны нүх сүвэнд тос хуримтлагдах нь нүхжилт үүсгэх, томрох гол шалтгаан болдог. Харин шавран маск нь нүх сүвэн дэх тослогийг гадагшлуулдаг учир нүхжилттэй хэсгүүд дээрээ долоо хоногт 1-2 удаа шавар маск тавьж хэвшээрэй.

ГЛИКОЛИЙН ХҮЧИЛ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН

Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, илүүдэл тослогийг шингээж томорсон нүхжилтийг багасгах шилдэг аргуудын нэг бол гликолийн хүчил агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг дээр арьсны эмч нар санал нэгддэг ажээ. 

ТОСОН СУУРЬТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ

Хүнд тос буюу кокос, чидун жимсний тос болон бусад тосон суурьтай бүтээгдэхүүнүүд арьсны нүхийг бөглөж, томсгодог. Тиймээс аль болох усан суурьтай бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

ТОСОН ЦЭВЭРЛЭГЧ ХЭРЭГЛЭХ

Тосон суурьтай бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй ч тосон нүүр цэвэрлэгчээс айх хэрэггүй. Уснаас илүү тос нүүрний будаг, бохирдлыг сайн цэвэрлэдэг учраас тослог, холимог арьстай бол сүүн цэвэрлэгч, харин хуурай арьстай бол бальзам төрлийн цэвэрлэгчийг бага хэмжээгээр хэрэглэх нь оновчтой сонголт болж чадна.

Эх сурвалж: teenVogue

#Гоо сайхан #Арьс #Нүхжилт