YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Их сургуулийн амьдрал төсөөлж байснаас минь тэс өөр байж.
Сайн байна уу? Би багаасаа л холын хүсэл тэмүүлэлтэй охин байсан. Дөнгөж 7 настай байхдаа гадаадад сурсан хүний тухай нэвтрүүлэг үзээд өөртөө гадаадад сурна гэж амлалт өгсөн. Тиймдээ ч энэ жил 12-р ангиа төгсөх хүртлээ хүсэл тэмүүллээр дүүрэн байв.
Оюутан болоод, голчоо сайн гаргуулаад, хэлний бэлтгэлд суугаад, хоёрдугаар курсээсээ гадаадад сурна гэсэн төлөвлөгөөтэй ЭЕШ өгч, хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ саадгүй тэнцсэн. Гэрээсээ хол, Улаанбаатар хотод ирээд ойрын хамаатныдаа амьдарч байна. Гэхдээ их сургуулийн амьдрал төсөөлж байснаас минь тэс өөр байж.
Одоо харин би ямар ч хүсэл тэмүүлэлгүй, өдрийн ихэнх цагийг интернэтэд өнгөрөөсөн, суралцах зохион байгуулалтгүй, арчаагүй амьтан мэтээр өөрийгөө мэдэрч байна. Дунд сургуульдаа гайгүй сурдаг байсан ч их сургуулийнхаа хичээлийг барахгүй байж гадаадад яаж сурах тухай бодлоор толгойгоо эргүүлэх боллоо. Дэмий зүйлсээс хөндийрөн хүсэл тэмүүлэл дүүрэн нэгэн болмоор байна.
ЗӨВЛӨГӨӨ: Энэ үед бууж өгмөөр санагдаж байж магадгүй ч бууж өгөх биш амралт хэрэгтэй байна гэж ойлгоорой.
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд оюутан болсонд нь баяр хүргэе. Оюутны амьдрал чиний төсөөлсөн шиг байгаагүй учраас сэтгэл санаа тавгүй байна гэж ойлголоо. Их сургуулийг ямар байна гэж төсөөлсөн бэ? Заримдаа бид хүлээлтээсээ болж хямрах гээд байдаг талтай. Магадгүй чиний их сургуулийн хүлээлт өөр байсан учраас хямарч байж болох юм.
Мөн хотод ирж оюутан болно гэдэг нь орчны өөрчлөлт. Амьдралын нэг үеэс нөгөө үе рүү шилжиж байна гэсэн үг. Тиймээс тодорхой хэмжээний дасан зохицох хямрал явагдаж байгаа болов уу. Энэ үед бууж өгмөөр санагдаж байж магадгүй ч бууж өгөх биш амралт хэрэгтэй байна гэж ойлгоорой. Өөрийгөө хэт их хүчлээд байгаа юм биш биз. Хэдий их сургуулийн амьдрал чиний төсөөлсөн шиг байгаагүй ч одоо бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Мөн шинэ орчинд дасахад найз нөхөд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс өөртөө амралт өгч, найз нөхөдтэйгөө илүү дотносоорой.
Хэсэг хугацаанд өөртөө амралт өгсний дараагаар ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн бодоорой. Төлөвлөгөө гаргах үед дараах зүйлсийг анхаараарай.
- Төлөвлөгөө төлөвлөсөн цагтаа бүтэхгүй эсвэл амжихгүй байж болно. Ирээдүйд ямар үйл явдал болон нөхцөл үүсэхийг тэр бүр тааж хэлэх боломжгүй шүү дээ.
- Бидний төсөөлөл болон бодит байдал хоорондоо зөрж болно.
- Нэг төлөвлөгөө биелээгүй гээд амьдрал дуусахгүй. Өөр төлөвлөгөө гаргах боломж бий шүү. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Өнөөдөр биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа сууж байгаад нэг тоглоомоос болж ангийнхаа охинд гаж донтойгоороо дуудуулсан.
Сайн байна уу? Би 17 настай, эрэгтэй. Уг нь найзуудтайгаа гадуур гарч, дурсамж бүтээх нас гэж боддог. Гэхдээ энэ цаг үед чөлөөтэй гарч чадахгүй байгаа болохоор муухай байна.
Өчигдөр сургалтаа тараад найз охиноо гэрт нь хүргэж өгөөд, өөрөө гэр лүүгээ их аз жаргалтай явж байлаа. Гэтэл автобусанд нэг муухай юм болсон. Миний урд зогсож байсан эрэгтэй хажууд минь зогсож байсан эмэгтэйн биед хүрсэн юм шиг байна лээ. Гэтэл тэр охин намайг хүрсэн гэж ойлгоод над руу их сонин харж чанга дуугаар "Автобусанд ч зүгээр юм болохгүй юм. Ямар заваан юм бэ?" гэсэн. Тэр үед би биш гэдгээ хэлмээр байсан ч хэлж чадаагүй өнгөрсөн.
Өнөөдөр биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа сууж байгаад нэг тоглоомоос болж ангийнхаа охинд гаж донтойгоороо дуудуулсан. Би яахаа мэдэхгүй, сонин байдалд орчихлоо.
ЗӨВЛӨГӨӨ: Бид бусдын бодлыг хянах боломжгүй ч өөрийнхөө бодлыг илэрхийлж бусадтай ойлголцох бүрэн боломжтой.
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн хийгээгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөх нь мэдээж шударга биш. Дараа дараагийн удаа бусдын таагүй үйлдлийг өөр дээрээ хүлээж авахын оронд “би биш” гэдгээ илэрхийлээрэй. Өөрийн нөхцөл байдлыг илэрхийлэх нь өөрийгөө хамгаалж буй хэрэг.
Ангийнхаа охинд тоглоомоос болж буруугаар ойлгогдсон гэж ойлголоо. Ямар тоглоом байсан юм бол? Зарим тохиолдолд бидний тоглоом гэж харж байгаа зүйл нөгөө хүнд тийм биш байдаг. Тиймээс тоглоом байсан гэдгээ тайлбарлаж тэр хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлалт хүсээрэй. Бид бусдын бодлыг хянах боломжгүй ч өөрийнхөө бодлыг илэрхийлж бусадтай ойлголцох бүрэн боломжтой. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Энэ жил шинэ сургуульд орсноос хойш аав, ээж, эгч гурав маань намайг хайрлахаа больсон юм шиг санагдаж байна.
Сайн байна уу? Би 11 настай, 6-р ангийн сурагч. Энэ жил шинэ сургуульд орсноос хойш аав, ээж, эгч гурав маань намайг хайрлахаа больсон юм шиг санагдаж байна. Би шинэ хүүхдүүдтэй дасан зохицож чадахгүй байгаа юм. Ээж аав, эгч гурван маань ажилдаа яваад орой ирдэг.
Би дөнгөж дунд ангид орсон. Биеэ дааж сураагүй байгаа. Хичээл маань өглөөнөөс өдрийн 15:00 хүртэл ордог. Надад их хэцүү байна. Өдөр бүр ганцаардаж, уйлж, стрессдэж уцаарладаг боллоо. Ээжид хэлтэл намайг ойлгохгүй байна. Шилжилтийн нас болохоор стрессдээд байгаа юм болов уу? Энэ бүхэн байнга давтагдах мэт.
ЗӨВЛӨГӨӨ: Гэрийнхэн чинь юу хийвэл чамд анхаарал хандуулж байна гэж ойлгохоо гэрийнхэндээ илэрхийлээрэй.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Шинэ орчинд дасахад хүндрэлтэй байгаа, гэр бүлийнхэн нь чамайг ойлгоосой, чамд анхаарал халамж тавиасай гэж хүсэж байна гэж ойлголоо. Захидалд гэрийнхэн нь чамайг хайрлахаа больсон юм шиг санагдаад байна гэж бичжээ. Ямар учраас чамд ингэж санагдаж байгаа вэ? Гэр бүлийнхэн нь юу хийвэл чамайг хайрлаж байгаа юм шиг мэдрэмж төрөх бол? Чамайг хичээл рүү нь хүргэж өгвөл чамайг хайрлаж байгаа юм шиг санагдах болов уу? Гэрийнхэн нь чамд хэрхэн хандаасай гэж чи хүсэж байна вэ?
Эдгээр асуултуудад хариулж гэр бүлийнхэндээ илэрхийлээрэй. Ингэснээр чамд ямар мэдрэмж төрж байгааг гэрийнхэн нь мэдэх боломжтой. Захидалд ээждээ хэлсэн ч чамайг ойлгохгүй байсан гэж бичжээ. Ээждээ хэрхэн хэлж байсан бэ? Яг юу хүсэж байгаагаа гэрийнхэндээ илэрхийлсэн болов уу? Хэрэв илэрхийлээгүй бол илэрхийлээрэй. Энэ нь гэрийнхэн чинь чамд хэрхэн анхаарал халамж тавих талаараа мэдэхэд туслах боломжтой юм шүү.
Мөн шилжилтийн нас 11 наснаас эхэлдэг ба энэ үед сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байх гээд байдаг талтай. Энэ үедээ ойр дотныхоо хүмүүстэй аль болох сайн ярилцаж, өөртөө төрж байгаа бодол болон мэдрэмжээ бичиж тэмдэглэж байхыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Хаашаа ч хамаагүй зугтмаар. Би тайван, аз жаргалтай байхыг хүсдэг.
Сайн байна уу? Би 11-р ангийн сурагч. Ахлах сургуулиа төгсөөд Солонгост сурна гэдэг бодолтой. Хурдхан явахыг хүсэж байна. Ээж минь намайг төрүүлээд эмээ, өвөө хоёрт маань өргүүлсэн. Тэгээд дахиж хүнтэй суугаад дөрвөн хүүтэй болсон. Өвөө минь намайг 5 настай байхад нас барсан. Тэрнээс хойш 11 жил өнгөрчээ.
Том болох тусам амьдрал хэцүү болж байна. Ганцаараа нэг газар очоод нам гүм хэвтмээр. Ээжийн бага дүү нөхөр хүүхэдтэйгээ манай хашаанд нүүж ирсэн. Эхлээд гайгүй байсан ч сүүлдээ залхсан. Өдөр бүр хэрэлдэнэ. Ээж ч бас асуудалтай. Ер нь харсан юм болгон хэцүү байна. Хаашаа ч хамаагүй зугтмаар. Би тайван, аз жаргалтай байхыг хүсдэг.
ЗӨВЛӨГӨӨ: Аливаа зүйлийг эерэг эсвэл сөргөөр хүлээж авах уу гэдэг нь тухайн зүйлд ямар утга өгч бодож байгаагаас хамаардаг.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чамд илэрхийлж чадаагүй олон төрлийн мэдрэмж байгаа юм шиг санагдлаа. Захидлаас уншихад бусад хүмүүс чамд ямар мэдрэмж төрүүлсэн талаар төдийлөн илэрхийлээгүй юм шиг санагдлаа. Захидалд том болох тусам амьдрал үнэхээр хэцүү болж байна гэж бичжээ. Тэгвэл дараах асуултуудад хариулаарай.
- Чамд хэцүү санагдахаар ямар үйл явдлууд тохиолдсон бэ?
- Эдгээр үйл явдлуудаас чиний хувьд яг юу хэцүү санагдаж байна вэ?
- Хэцүү байдал нь чамд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?
- Тэрхүү мэдрэмжээсээ болоод чи ямар үйлдэл хийж байна вэ?
- Таагүй мэдрэмжээ даван туулахын тул ямар үйлдлүүд хийж болох вэ?
Цаашид ч мөн адил дараах асуултуудын дагуу тэмдэглэл хөтлөх нь өөрийнхөө бодол болон мэдрэмжийг ойлгоход туслах боломжтой юм шүү.
Мөн ээжийнх нь бага дүүгийнх нь гэр бүл ямар учраас чамд залхмаар мэдрэмжийг төрүүлсэн юм бол? Энэ талаар тэдэнд илэрхийлж хэлсэн болов уу? Хэрэв хэлсэн бол чи ямархуу байдлаар хэлсэн бэ? Бусад хүмүүст мэдрэмжээ илэрхийлэхэд дуу хоолойн өнгө тайван, нам дуу байх нь харилцан яриаг үр дүнтэй болгоход тусалдаг. Тиймээс тэдний яг ямар үйлдэл нь чамд ямар бодол төрүүлсэн бэ? Тэр нь цаашлаад чамд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? гэдгээ тодорхойлоорой.
Мөн аливаа зүйлийг эерэг эсвэл сөргөөр хүлээж авах уу гэдэг нь тухайн зүйлд ямар утга өгч бодож байгаагаас хамаардаг. Тийм болохоор цаашид аль болох бодлын тэмдэглэл хөтлөх, бусдад мэдрэмжээ эерэгээр илэрхийлэх, хэцүү асуудал тулгарвал бусдын тусламжийг авах, сэтгэл судлаачид биечлэн хандах зэргээр өөрийнхөө мэдрэмжид анхаарал тавих боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх