“Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг интерактив контенттой хослуулан шинээр дэглэжээ


О.Хандмаа | YOLO.MN
2021-10-26

Үндэсний түүхийн музейн “Монголын эзэнт гүрэн” танхимын үзмэрүүдийг “Зэв” дижитал музейн интерактив контенттой хослуулан шинээр дэглэжээ.

Архивын зураг ашиглав

“Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүлэнгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан Мифокс анимейшн студийн хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэсэн байна.

Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг үзэгч олонд хүргэж байна.

#Мэдээ #Үзэсгэлэн #Монгол