Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Нүүрэндээ хэзээ ч будаг түрхэхгүй гэж өөртөө амласан
Сайн уу? Би 20 настай, казак охин. Нүүрэндээ батга, соривтой. Гэхдээ хэзээ ч нүүрэндээ будаг түрхэхгүй гэж өөртөө амласан болохоор гадагшаа гарах болгонд санаа зовдог. Хичээл дээрээ үзэл бодлоо хэлж чаддаггүй. Хүмүүс над руу харахад үхмээр санагддаг. Би их бүрэг болохоор нүүрнээсээ болоод хүнтэй харьцахаас ч зайлсхийдэг болсон. Бас казак болохоор монголоор ярихаас ичдэг. Надад олон хувилбартай биш ганц зөвлөгөө өгч болох уу?
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө хүлээн зөвшөөр
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Яагаад хэзээ ч нүүрэндээ будаг түрхэхгүй гэж өөртөө амлалт өгсөн бэ? Энэ амлалт үнэхээр өөрчлөгдөх боломжгүй гэж үү? Хэзээ ч нүүрэндээ будаг түрхэхгүй байх боломжтой юу? Энэ амлалтдаа бага зэрэг уян хатан хандах боломжтой болов уу? Бидэнд зарим тохиолдолд баяр ёслолоор ч юм уу хэзээ нэгэн цагт нүүрээ будах хэрэг гарах л байх.
Захидлаас харахад нүүрээ будмаар байвч амласан амлалтаасаа болоод нүүрэндээ будаг түрхэж чадахгүй байгаа, түүнээсээ болоод бага зэрэг хямраад байх шиг санагдлаа. Хүн болгоны нүүрэн дээр сорви, батга, сэвх гээд өө байдаг. Харин тэрийгээ хэрхэн арчилдаг вэ гэдэг нь чухал болов уу? Чиний нүүр үргэлж ийм байхгүй, тийм үү? Чиний хичээл зүтгэл мөн тодорхой хугацаа өнгөрөхөд юмс өөрчлөгддөг.
Бичсэн захидлаас нь харахад монгол хэлэндээ сайн санагдлаа. Яагаад казак учраас монголоор ярихдаа ичдэг гэсэн бэ? Бага зэргийн аялгатай ярьдаг болохоор уу? Хэрвээ тийм бол бага зэргийн аялга байлгүй л яахав. Яриад л хичээгээд л аяндаа сайжирна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ чиний хүссэнчлэн ганц л зөвлөгөө өгье гэвэл чамайг өөрийгөө хүлээн зөвшөөр гэж хэлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Одоогоор чи өөрийнхөө олон зүйлд “дургүй” байна. Ийм байдалтай удаан явах нь чиний сэтгэл зүйд муу. Яг одоо байгаагаар нь өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, хайрлачихвал дараа нь чи улам, улам л өөртөө итгэлтэй болох болно. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Мэргэжлээ чи өөрөө л сонго гэдэг
Сайн байна уу? Би энэ жил 12-р ангид орно. Мэргэжил сонголт дээр их эргэлзэж байна. Эмч эсвэл инженерийн мэргэжил хоёрын аль нэгийг сонгож чадахгүй, үүнээсээ болоод их стрессдэх болсон. Ирээдүйд Солонгос улсад сурахыг хүсэж байгаа ч гадаад улсад эмчээр сурч чадах болов уу, инженерийн мэргэжлээр сурлаа гэхэд яг миний хүсэж байгаа зүйл мөн үү гэх мэт маш олон зүйл бодогдоод сайн унтаж чадахгүй байна.
Ээж минь байхгүй аавтайгаа бараг уулздаггүй болохоор ах эгч нар дээрээ байдаг. Ярилцах хүн тийм ч их биш, тэгээд энэ талаар ярилцахаар мэргэжлээ чи өөрөө л сонго. Эхлээд монголдоо сургуульд орох талаар хэлдэг. Тэгээд хэн нэгэн мэргэжлийн талаар ярихаар бага зэрэг бухимддаг болсон. Өөрөө өөрийгөө сайн ойлгохгүй чадах болов уу гэсэн айдастай байна. Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Шинэ аялалд нь амжилт хүсье
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Мэргэжлээ сонгоход дараах гурван зүйл чухал нөлөөтэй.
1. Чи юунд сонирхолтой вэ?
2. Чи ямар чадваруудтай вэ?
3. Нийгмийн эрэлт хэрэгцээ буюу нийгэм хэнийг хүсэж байна вэ? Энэ гурваас гадна чиний зорилго чамайг аль нэг мэргэжлийг сонгоход тусалдаг. Чи ямар зорилготой вэ? Бид мэргэжлээ өөрсдийнхөө төлөө сонгодог юм шиг боловч угтаа нийгэмд юу өгөх вэ? Би бусдад юу бүтээж өгч чадах вэ? Бусдад яаж туслах вэ? Гэх мэт нийгэм рүү чиглэдэг. Тиймээс зорилгоо тодорхойлохдоо магадгүй 20 жилийн дараа юу хийчихсэн баймаар байгаа вэ? Хэнтэй хамт, хаана баймаар байна, юутай болмоор байна, нийгэмд юу өгмөөр байна. Энэ бүгдийг хийхэд аль мэргэжил нь чамд тус болохоор байна гэдгийг бодоод үзээрэй. 10, 20, 30 жилийн дараах амьдралаа төсөөлөн бодоод үзээрэй. Мөн хүн бүр аливаа зүйлийг эхлэхдээ тодорхой айдсыг даван туулах хэрэгтэй болдог. Чамайг айж байгааг ойлгож байна. Гэхдээ хүн бүр л бүхнийг шинээр сурч, шинээр эхэлдэг. Бас “яах бол” гэсэн айдсаа давж гардаг. Шинэ аялалд нь амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Карантин дуусахаар хүн бүр л өөрсдийгөө хөгжүүлчихсэн байна байх
Сайн байна уу. Надад нэг асуудал байна. Би хөл хорио эхэлснээс хойш өдөр хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд өдөр бүр заавал хийх зүйлсийн талаар жагсаалт гаргасан юм. Үүнд:
Гэвч орой унтахаасаа өмнө өдөрт юу хийснээ тунгаах гэхээр төлөвлөсөн зүйлийнхээ ердөө 30 хувийг буюу жагсаан бичсэн зүйлсээсээ цөөн хэдийг нь л хийсэн байх юм. Эхэндээ би зүгээр л амжихгүй байгаа юм байна гээд 10 хоногийн турш өглөө эрт босож үзсэн. Эрт боссон ч 100 хувь биелүүлсэн өдөр ганц ч алга. Би өөрийгөө утсаараа их оролдоод байгаа юм болов уу гээд Фэйсбүүк, Инстаграм зэрэг аппликэйшнүүдээ устгаж үзсэн ч бас л хэвээр байсан. Би өөрийн цагаа юунд тэгтлээ их үрж, төлөвлөсөн зүйлсээ гүйцэлдүүлж чадахгүй байгаагаа мэдэхгүй байна. Карантин дуусахаар хүн бүр л өөрийгөө хөгжүүлчихсэн байна байх. Гэвч би өдөр хоногийг үр бүтээлгүй өнгөрөөж байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө ажиглаад үзээрэй
Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Хуваариа илүү нарийвчлан гаргах хэрэгтэй юм болов уу? Жишээ нь яг хэдэн цагт англи ном унших юм? ямар ном унших юм? хэдэн хуудас унших юм? гэх мэтчилэн. Хийх зүйлс илүү тодорхой байх тусам бид түүнийг хийхэд хялбар болдог. Чиний юунд цагаа үрээд байгааг чи өөрөө л мэднэ. Тиймээс тэмдэглэл хөтлөөд, өөрийгөө ажиглаад үзээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач З. Намуундарь
АСУУДАЛ: Хаяад явсан ээждээ л уурла гэдэг
Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Намайг 4-р ангид байхад ээж аав маань салж, өөр өөр улс руу явсан учир би 4 настай дүүтэйгээ аавынхаа талын эмээ өвөө дээрээ үлдсэн. Үеэлүүдтэйгээ хамт амьдардаг байсан юм. Яг тэр үе надад үнэхээр хэцүү байсан. Эмээ болон бусад хамаатны хүмүүс багаас маань “чи л дүүгийнхээ эгч нь учраас харж, халамжилж, хувцсыг нь өмсүүлэх ёстой” гэх мэтээр хэлдэг байсан учраас дүү минь надад миний үүрэх ёстой ачаа юм шиг тээртэй санагддаг.
Би тэр үедээ өөрийгөө хангалттай хэмжээнд авч явж ч чаддаггүй байсан учраас дүүгээ тоохгүй, сайн хардаггүй байсан. Харин одоо би өөрөө биеэ даагаад хийж чаддаг байсан учир дүүгээ ч бас бүхнийг өөрөө хийж чадах ёстой гэсэн үзэлтэй болчихсон. Аливаа юмыг өөрөө хийгээд сурчих байх гээд тоохгүй орхичихдог. Их хатуу ханддаг болчихсон. Энэ зангаас минь болж гэр бүлийнхэн маань намайг “чамд өрөвдөх сэтгэл байдаггүй”, “мөсөн уул шиг хүйтэн сэтгэлтэй” гэдэг. Дээрээс нь аавын талаас ээжийг маань үзэн ядсан, муулсан үгс хэлдэг. “Танай ээж чинь ийм тийм, ээжийгээ дуурайсан, хаяад явсан ээждээ л уурла” гэх мэт.
Миний сэтгэл зүй тийм ч тогтвортой биш. Дүүдээ хатуу хандмааргүй байдаг ч өөрийн эрхгүй хатуу хандчихдаг. Хүний нүд рүү ч хараад ярьж чаддаггүй учраас хүмүүс намайг их зантай гэдэг. Мэргэжил сонголтын журмаар сэтгэлзүйчтэй уулзахад надад гэр бүлийн халуун дулаан орчин хэрэгтэй, ээждээ их гомдсон учраас эмэгтэй хүнд таагүй хандах магадлалтай гэсэн. Би бусад хүмүүсийн хэлсэн шиг хатуу, хүйтэн сэтгэлтэй юм болов уу?
Надад зөвлөгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Дүү чинь чамайг ийм байдалд оруулахыг хүсээгүй байх
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Хэцүү үеэ даван туулж, ихэнх зүйлийг биеэ даагаад хийж чадахаар том охин болсонд баяр хүргэе. Чи дүүгээ “тээр, садаа” гэж хараад байвал дүүдээ уурлаад л байна. Миний гэр бүл минь гэж харвал цаанаасаа хайр хүрээд л байна. Тэгээд ч “чи дүүгээ асрах ёстой” гэж бусад хүмүүс хэлдэг байсан болохоос дүү нь өөрөө хэлдэггүй байсан биз дээ? Дүү нь өөрийгөө ч, чамайг ч ийм байдалд оруулахыг хүсээгүй байх. Тэгэхээр тэрний буруу биш шүү дээ. Мөн дүү нь чамаас жаахан гээд чи түүнтэй муухай харилцаж болно гэсэн үг биш. Хэрвээ тэгвэл чи чамтай муухай харилцдаг том хүмүүсээс ямар ч ялгаагүй болно.
Ямар ч хүн хичээгээд, олон дахин оролдвол тусч, энэрэнгүй сэтгэлтэй (эмпатитай) болж болно. Энэ бол хөгжүүлдэг ур чадвар юм. Дүүдээ тусалж, асрах нь эмпатигаа хөгжүүлэх сайхан боломж юм. Дүү нь хэдэн настай вэ? Чи түүнд хамгийн сүүлд яаж тусалсан бэ? Дүүгийнх нь сэтгэл санаа ямархуу байгаа бол? Түүнд юу тохиолдож байгаа бол? Гэдгийг бодохоос л эхлэх юм. Амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх