“Шувуучлахуй” үзэсгэлэн нээлтээ хийнэ


Э. Оргил | YOLO.MN
2021-11-18

Монгол Улсын Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын арьсан урлагийн “ХҮРЭЛ БУГА” нийгэмлэг, Монголын Шувуулахуй холбоо хамтран “Шувуучлахуй” хамтарсан үзэсгэлэн 11-р сарын 18-нд Монгол арт галерейд нээлтээ хийнэ. Долоо хоногийн хугацаанд үргэлжлэх уг үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчдийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал мөн олон төрлийн материал ашиглаж махчин шувуудын өвөрмөц донжийг гарган бүтээсэн баримлууд байх ба Монголын Шувуулахуй холбооны үзүүлбэрийг үзэх боломжтой.

Үзэсгэлэнгийн зорилго нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчлан, уран бүтээлийн инноваци хийж таниулах, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэх зорилго агуулж байна.

Монгол Улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2010 оны 11-р сарын 16-ны өдөр бусад 11 орны хамт “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” Дэлхийн биет бус өвд бүртгүүлж, түүнийхээ үүргийн дагуу энэ соёлыг хамгаалах, түмэн олонд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Иймд Олон улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн 11-р сарын 16-ныг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж Дэлхий даяар тэмдэглэх болсон. Уг конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахын чухлыг ялангуяа залуу үеийнхэнд гүнзгий ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газраас 2012 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар хуралдаанаар Идлэг Шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу болгох тухай 101 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Монголын эзэнт гүрний үед энэ арга ихээхэн дэлгэрсэн тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэжээ. Уран бүтээлчид Монголын шувуулахуй холбоотой хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтын үйл ажиллагаа хийж, харилцан туршлага солилцон зөвлөгөө авсны үр дүнд бүтээлүүд төрсөн ажээ. 

#Мэдээ #Урлаг #Үзэсгэлэн