“Эх оронч залуу” үндэсний аянг орон даяар зохион байгуулна


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-11-10

21-р зууны даяарчлагдсан нийгэмд эх орныхоо үнэ цэнтэй гэсэн бүхнийг хамгаалж үлдэх, хөгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг болсон. Нэн тэргүүнд энэ үүргээ ухамсарлах ёстой хүмүүс бол залуу үеийнхэн бид.

Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Эх оронч залуу” үндэсний аяныг зохион байгуулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгээс аяны талаарх мэдээллийг тодрууллаа. Тэрээр:

- “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Эерэг тэмүүлэл ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Эх оронч залуу” үндэсний аян 2021 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдана. 

Аяны гол зорилго нь залуучууддаа эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, эерэг хүсэл тэмүүлэлтэй болгох юм. Аян залуу хүн та зөвхөн өөрийнхөө төлөө биш Монгол Улсынхаа төлөө нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байна вэ гэсэн агуулгаар явагдах учир ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

Эх оронч байна гэдэгт маш олон зүйлийг хамруулан ойлгож болно. Хамгийн энгийнээр энэ нь залуу хүнд “эх орныхоо бахархал болохын тулд бид бүхэн юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулдаг ирээдүй хойч үеийг бүтээхэд таны оролцоо маш чухал байна” гэдэг суурь ойлголтыг түгээхэд оршино. 

Аяны хүрээнд бид бүхэн 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумд суугаа залуучууддаа сургалт хүмүүжлийн мэдээлэл хүргэх зорилготой. Сургалтыг цахимаар 3,000 гаруй, танхимаар 4,000 гаруй залуусыг хамруулан зохион байгуулна. Насны хувьд 15-30 насны их дээд сургуулийн оюутнууд болон цэргийн ангийн алба хаагчид хамрагдаж байна.

Бид бүхэн зөвхөн сургалт нөлөөллийн ажил явуулаад зогсохгүй цаашид цэргийн анги нэгтгэлүүд, цагдаагийн байгууллагуудад эх оронч сэтгэлгээний чиглэлээр нөлөөллийн ажил хийх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг эх оронч залуусын өдөр болгоё. Эл өдрийн хүрээнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна”.

#Боловсрол #Үйл ажиллагаа