YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Биеийн өндрөөс минь болоод хүүхдүүд одой гэж гоочлоод байдаг.
Сайн байна уу? Би 19 настай эмэгтэй. Бага насандаа ховор тохиолдох яс зөөлрөх өвчнөөр өвдсөн юм. Энэ өвчнөөр өвдсөн ихэнх хүмүүс булчин султай, намхан, Х эсвэл О хэлбэрийн хөлтэй байдаг. Энэ мэтчилэн гадаад төрхөөс минь болоод нийгэм, бусад хүмүүс намайг төвлөрч хардаг юм шиг санагддаг. Ялангуяа биеийн өндрөөс минь болоод хүүхдүүд одой гэж гоочлох нь их элбэг. Би өөрөө энэ талаар анагаахын их мэдлэгтэй учраас "энэ ийм өвчин шүү дээ" гээд дотроо чимээгүйхэн орилдог...
ЗӨВЛӨГӨӨ: Энэ нь чамд таагүй санагдаж байгаа бол мэдрэмжээ илэрхийлж байхыг хичээгээрэй.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Юуны түрүүнд хэн ч хэн нэгний гадаад төрх, байдал, нас, хүйс гэх мэт хувийн шинжүүдийг нь гоочлох, ялгаварлах эрхгүй юм шүү. Тиймээс энэ нь чамд таагүй санагдаж байгаа бол мэдрэмжээ хэлж байхыг хичээгээрэй. Захидалд чи тайлбарлахыг хүссэн ч дотроо чимээгүй өнгөрдөг гэж бичжээ. Ямар учраас чимээгүй өнгөрдөг вэ? Хэрэв чи өөрийнхөө бодож байгаа зүйлээ чөлөөтэй хэлбэл эсвэл өвчний талаар тайлбарлавал яах бол?
Мөн бусад хүмүүс чамайг байгаагаар чинь хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Захидалд гадаад төрхөөс нь болоод нийгэм, бусад хүмүүс чамайг төвлөрч хардаг юм шиг “санагддаг” гэж бичжээ. Чи өөрөө өөрийгөө байгаагаар нь хайрлаж хүлээн зөвшөөрч чаддаг уу? Бид өөрт таалагдахгүй байгаа эсвэл өөрийнхөө асуудал гэж бодсон зүйлээ бусад хүн ч тэгж харж байна гэж бодох гээд байдаг талтай. Тэгэхээр эхлээд өөрөө өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрч хайрлаарай. Амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Хичээгээд сураад үзье гэхээр сургуулийн минь үеийн хүүхдүүд хавь илүү байна, тэднийг гүйцэхгүй байна.
Сайн байна уу? Би 16 настай, 11-р ангийн сурагч. 10-р ангидаа Монголдоо л өндөр төлбөртэй хувийн сургуульд шалгалт өгөн тэнцэж чадаагүй, арын хаалгаар орсон. Аав маань хэдэн саяар нь зээл авахад би хэр сайн сурах бол доо гэж их бодсон. Уг нь бага ангиасаа л мэдлэг сайтай, онцоос онц сурдаг хүүхэд байлаа. Дунд ангидаа болж бүтэхгүй ч гэх үү, хүүхдүүдтэй нийлэн сурлага минь ч муудсан. Одоо сургуулийнхаа үеийн хүүхдүүдийн хажууд мэдлэг бага сага муу, багш нарын заасан хичээлийг бусад хүүхдүүдээс арай муу ойлгодог юм шиг санагддаг.
Аав, ээж хоёр минь намайг "гадаад улсад тэтгэлэг авч сурах ёстой шүү, сайхан амьдрахын тулд" гэсэн. Цалингаас цалин хүлээж амьдарч болохгүй шүү гэдэг. Гэхдээ би өөртөө итгэхгүй байна, Монголдоо их сургуульд орж чадах потенциал байгаа ч гадаадын их сургуулиудад тэнцэх болов уу? Чадахгүй хогийн царайлчихвал аав ээжийн минь надад хүлээлгэсэн итгэл яах вэ? Дүү минь зүгээр л улсын сургуулийн боловсролтой дуусна, дүүгээ ч би татаж амьдрах ёстой. Хичээгээд сураад үзье гэхээр сургуулийн минь үеийн хүүхдүүд хавь илүү байна, тэднийг гүйцэхгүй нь, сураад сураад би дэндүү хоцорчхож. Зарим нэг нь одооноос л тэтгэлэг авч яваад эхэлчихсэн. Аль болох юмыг амар хялбар, залхуу аргаар хийхийг хичээдэг би яах ёстой вэ?
Мөн одоо сургуульдаа олигтой нийлдэг найз нөхөдгүй. Хуучин сургуулийн хар багаасаа найзалсан найзуудтайгаа хааяа нэг гарна. Бас тэд компьютер тоглоом тоглоно. Компьютергүй би тэдэнтэй тоглож чаддаггүй. Авъя гэсэн ч үнэтэй, аав ээжээсээ асууя гэсэн ч мөнгөн дээр санаа зовно. Заримдаа намайг хөсөр хаяна, тэрнээс болж бага сага гутарна. Намайг дуудаагүй тэд их хөгжилтэй байгаа, би л гэртээ уйдаад хийх юмгүй сууна. Асуудал их байна, энэ асуудлуудаа яах ёстой вэ, туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Хүний хийж байгаа үйлдэл өөрийнх нь зорилготой нь уялдах нь тухайн зүйлийг илүү хичээнгүй, бас үр дүнтэй хийх магадлалыг нэмэгдүүлдэг.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Тулгараад байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй эргэлзэж байгааг чинь ойлголоо. Мөн өөртөө маш том хариуцлага үүрүүлээд байгаа юм шиг санагдлаа. Хүний хийж байгаа үйлдэл өөрийнх нь зорилготой нь уялдах нь тухайн зүйлийг илүү хичээнгүй, бас үр дүнтэй хийх магадлалыг нэмэгдүүлдэг. Захидалд чиний өөрийн чинь хүсэл болон үзэл бодол төдийлөн ажиглагдсангүй.
Тиймээс дараах асуултуудад хариулахыг хичээгээрэй. Чиний өдөр тутам хийж байгаа зүйлс чамд таалагдаж байгаа юу? Чиний хүссэн зүйл мөн үү? Ямар учраас эдгээр зүйлсийг хийж байгаа вэ? Чи хувийн сургуульд суралцахыг хүсэж байсан болов уу? Эсвэл гэрийнхэн нь санал болгосон учир чи сурахаар шийдсэн үү? Чи гадаадад сурахыг хүсэж байгаа юу? Ямар учраас гадаадад сурахыг хүсэж байгаа вэ? Ямар учраас гадаадад сурах хэрэгтэй вэ? Чи юу хийхийг хүсэж байна вэ? Чи юу сурах эсвэл яаж амьдрахыг хүсэж байна вэ?
Хүмүүс амьдарч байх хугацаандаа өдөр бүр тодорхой хариуцлагыг үүрдэг. Гэсэн ч хүмүүс зөвхөн тухайн зүйлд хариуцлагатай байхын төлөө амьдардаггүй шүү дээ. Тийм болохоор хариуцлагатай байх ч гэсэн өөрийн хүсэл сонирхлоо аль болох орхигдуулахгүй байхыг хичээгээрэй.
Мөн захидлаас дунд ангид байхад сурлага чинь муудсан, мөн одоогоор ангийн хүүхдүүд чинь чамаас илүү байгаа учир өөртөө итгэлгүй байгаа гэж ойлголоо. Чамаас илүү байгаа гэдэг нь яг ямар байгаа гэсэн үг вэ? Чи өөрийгөө ямар байгаа гэж тодорхойлж байна вэ? Ямар учраас ингэж тодорхойлж байна вэ? Тэгвэл юу хийвэл өөртөө итгэлтэй болох боломжтой вэ? Чи ангийнхаа хүүхдүүдээс хичээлдээ туслуулахыг асууж байсан болов уу? Хэрэв асууж байгаагүй бол асууж, ярилцан хамтдаа хичээл хийхийг хичээгээрэй. Энэ нь чамайг ангийнхантайгаа ойлголцож найзтай болох мөн хичээлээ илүү ойлгоход туслах боломжтой. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Эцэг эх, хамаатан садан бүгд ах эгч болон дүүд минь санаа тавьдаг, сайн ханддаг атлаа надад огтхон ч анхаарал хандуулдаггүй.
Сайн байна уу? Би одоо 16 настай. Би нэг жилийн өмнөөс маш их өөрчлөгдөж эхэлсэн. Эцэг эх, хамаатан садан бүгд ах эгч болон дүүд минь санаа тавьдаг, сайн ханддаг атлаа надад огтхон ч анхаарал хандуулдаггүй. Би бүх хичээл, судлагдахуун дээрээ хичээж, бүх хичээлдээ хангалттай дүн авдаг ч огтхон ч хичээдэггүй эгч, ахад минь илүү сайн байдаг. Намайг өөрийн охиноо ч гэж боддоггүй. Хэчнээн хичээсэн ч үл тоомсорлож, үргэлж муу талуудыг минь ярьж ирээдүй минь хэр бүрхэг талаар ярьцгаадаг. Сүүлдээ хамт хооллохоос ч, хамт хэдэн минут нэг өрөөнд байх, бараг харахаас дургүй хүрдэг болчихлоо.
Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн энэ байдлаас болоод өрөөндөө хэт удаан байж, аль болох тэвчиж, сонсоогүй мэт царайлсан ч нөхцөл байдал улам хурцадсаар уурлахаараа огцом уйлж, гартаа таарсан бүгдийг нь нураадаг болсон. Гэртээ ирэх хүсэлгүй болж, бага багаар өөрийгөө алдаж байгаа мэт санагдаад эхэллээ. Гэвч энэ бүхэнд хэзээ ч ах эгч дүү нараа буруутгаж, үзэн ядаж байгаагүй. Зүгээр л надад асуудал байна гэж бодоод улам л дотроосоо үхэж байгаа юм шиг санагдах боллоо...
Би яг яах хэрэгтэй вэ, ярилцах талаар бүр бодоод ч хэрэггүй болчихсон...
ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эх нь чамайг анхаараасай, чамайг үнэлээсэй мөн бусад хүүхдүүдтэйгээ адилхан ижил тэнцүү хандаасай гэж хүсэж байгааг ойлголоо.
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Эцэг эх нь чамайг анхаараасай, чамайг үнэлээсэй мөн бусад хүүхдүүдтэйгээ адилхан ижил тэнцүү хандаасай гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Энэ мэдрэмж нь чамд удаан хугацаанд үргэлжилсээр байгааг ойлголоо. Захидлаас уншихад хэдэн жилийн өмнөөс л энэ байдал бий болсон гэсэн байна.
Хэдэн жил гэдэг нь яг хэзээнээс гэсэн үг вэ? Тэр үед чи хэдэн настай байсан бэ? Хэдэн жилийн өмнө яг юу болсон учраас одоогийн нөхцөл байдал үүссэн гэж бодож байна вэ? Чамд ийм мэдрэмж бий болохоос өмнө гэр бүлийнхэн нь чамд хэрхэн ханддаг байсан бэ? Өмнө нь тэдний харилцаа, хандлага чамд ямар мэдрэмж төрүүлдэг байсан бэ? Гэр бүлийнхний чинь яг ямар үг бас үйлдэл нь чамд анхаарал тавьж байна, үнэлж байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх бол?
Чамд ийм мэдрэмж төрж байгааг гэрийнхэн чинь мэдэж байгаа юу? Өмнө нь чамд таагүй мэдрэмж төрөх бүрд тухайн мэдрэмжээ илэрхийлдэг байсан уу? Хэрэв тийм бол мэдрэмжээ илэрхийлэхдээ ихэвчлэн ямар байдлаар илэрхийлдэг вэ? Мэдрэмжээ тухай бүрд нь аль болох тайван байдлаар илэрхийлж байх нь гэнэтийн огцом үйлдэл хийхгүй байхад туслах боломжтой. Мөн илэрхийлэхдээ аль болох бусдыг буруутгасан өнгө аястай бус харин өөрт төрж байгаа мэдрэмжээ л илэрхийлж байх нь чухал юм шүү. Мөн гэр бүлийнхэнтэйгээ чи өөрөө хэрхэн харилцдаг вэ? Гэр бүлийнхнээсээ хүсдэг харилцаагаа чи гэр бүлийнхэндээ өгч чаддаг уу? Эдгээр асуултуудад хариулаад хариу захидал илгээгээрэй
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Оюутан болсноор сэтгэл зүйн хувьд ихэвчлэн тогтворгүй байх болсон.
Сайн байна уу? Би энэ жил АШУҮИС-д элсэн орж оюутны амьдралд хөл тавьж эхэлсэн. Оюутан болсноор сэтгэл зүйн хувьд ихэвчлэн тогтворгүй байх болсон. Олон зүйл толгойд минь эргэлдэж "би яг юу хүсдэг юм бэ?" ,"би өөрийн дуртай мэргэжлээ сонгож чадсан уу?", "аав ээжийнхээ надад итгэж байгаа итгэл найдварыг алдчих вэ?" дээ гэх мэт бодлууд өдөр бүр бодогдох болсон. Би анагаахад зургаан жил яаж сурна аа? Би яах гэж анагаахад оров доо? Ямар ухаанаараа энэ шийдвэрийг гаргав даа гэж шаналах юм. Би яаж өөрийн сэтгэл зүйгээ тайван тогтвортой байлгах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Шилжилт өөрчлөлтийн үеэ даван туулж байгаа болохоор бага зэрэг стресстэй, тайван бус байх шиг байна.
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Сурагчийн ширээнээс оюутны ширээ рүү шилжин суралцаж байгаад нь баяр хүргэе. Амьдралын шинэ үе шат эхлэхэд шинэ орчинд дасахад хүн бүрд амаргүй байдаг. Чи энэ шилжилт өөрчлөлтийн үеэ даван туулж байгаа болохоор бага зэрэг стресстэй, тайван бус байх шиг байна.
Амьдралын өөрчлөлтөд хүн бүр тодорхой хэмжээгээр хямардаг. Тиймээс эхлээд мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Үүний дараагаар өөрт хэцүү байгаа бодол мэдрэмжээ бусадтай ярилцаж хуваалцдаг байгаарай. Ойр дотнын хүмүүстээ юу бодож байгаа, ямар мэдрэмж төрөөд байгаагаа ярих нь чамайг бага ч гэсэн тайвшрахад туслах юм шүү. Мэдээж орчиндоо дасахад тусалдаг зүйл бол найз нөхөдтэй болох. Тиймээс өөрөө эхэлж санаачлага гарган ангийнхантайгаа дотносох гээд үзээрэй. Чамд амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам
АСУУДАЛ: Би түүнд ойлгуулах гэж оролдсон ч огтхон ч ойлгоогүй.
Сайн байна уу? Би 14 настай. ЕБС-ийн сургуульд сурдаг сурагч охин. Манай нөгөө ангийн банди маань надад сайн болчихсон гээд хүн болгонд хэлээд бас над руу байнга чат бичээд байдаг болсон. Ингэх тусам сэтгэлд эвгүй сонин мэдрэмж төрдөг. Тэр ганцхан өөрт нь хэцүү байна гэж боддог байх. Би түүнд ойлгуулах гэж оролдсон ч намайг огтхон ч ойлгоогүй, ойлгохыг ч хүсэхгүй байх шиг байна лээ. Зөвхөн өөрийгөө л боддог. Тэр үнэхээр ядаргаатай. Би түүнд сайн биш. Сайн болохыг ч хүсэхгүй байна. Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ганцхан удаа оролдоод л ойлголцохгүй байх тохиолдол байдаг.
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүст чамд сайн гэдгээ хэлээд байгаа нь чамд хэцүү санагдаж байна гэдгээ яаж илэрхийлсэн бэ? Тайлбарлаж ярилцах гэж хичээсэн үү? Хэлэх үедээ уурласан болов уу? Хэдэн удаа оролдсон бэ?
Зарим тохиолдолд ганцхан удаа оролдоод л ойлголцохгүй байх тохиолдол байдаг. Тиймээс тайван орчинд сэтгэл санааны хувьд тайван тогтвортой байх үедээ тайван дуу хоолойн өнгөөр тайлбарлаж ярилцаарай. Өөрөөр хэлбэл өмнө нь ойлгуулах гэж хичээсэн аргаасаа өөр арга туршаад үзээрэй. Амжилт хүсье!
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх