ЗАХИДАЛ: Миний ээж намайг үргэлж л үеийн минь хүүхдүүдтэй ХАРЬЦУУЛДАГ


ССҮТөв | YOLO.MN
2021-11-02

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Манай ээж намайг үргэлж миний үеийн хүүхдүүдтэй харьцуулдаг.

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Манай ээж намайг үргэлж миний үеийн хүүхдүүдтэй харьцуулдаг. "Айлын хүүхдүүдийг ямар мундаг байгааг нь хар даа?", "Тэгсэн чи юу ч хийж чадахгүй, утас оролдохоос өөр зүйл мэдэхгүй" гэх мэтээр. Тэрнээс нь болоод би өдөр бүр өөртөө гутарч, өөртөө итгэх итгэлгүй болж, юу хийхээ ч мэдэхгүй болсон. Цаашдаа ч ирээдүйд яаж амьдрах бол гэж өдөржин санаа зовдог. Ямар нэгэн зүйл хийх хүсэл байгаа ч хүмүүс юу гэж хэлэх бол гэж үхтлээ айдаг. Юу хийх дуртай, юу хийж чаддагаа ч олоогүй байгаа. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Ээжийнх нь хувьд чамайг яаж сэдэлжүүлэх учраа олохгүй байгаа болов уу.

Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ээж нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад дургүй бөгөөд чамд хэцүү санагддаг гэдгийг ойлголоо. Ээжийнх нь хувьд чамайг яаж сэдэлжүүлэх учраа олохгүй байгаа болов уу. Мэдээж бусадтай харьцуулах нь сэдэлжүүлэх сайн арга биш. Санаа нь чамайг гэж байгаа болов ч сэдэлжүүлэх арга нь өөрт чинь тохирохгүй байгааг ээж чинь ажиглахгүй байгаа болов уу.

Өөрийн мэдрэмжийг нуух биш бага багаар илэрхийлж байгаарай. Ээжээ та намайг бусадтай битгий харьцуулаарай, энэ үг чинь надад их хүнд тусаж байна шүү гэдгээ илэрхийлж байгаарай. Өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ дотроо нуух нь асуудлыг шийдэхгүй юм шүү. Бусадтай харьцуулах нь сэдэлжүүлэх биш бидний өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс өөрт чинь тааламжгүй байгаа бол зөөлөн дуу хоолойн өнгөөр мөн сэтгэл санааны хувьд тайван тогтвортой үедээ хэлж илэрхийлж байгаарай. Чи хэлэхгүй л бол ээж нь мэдэхгүй шүү дээ. Мэдээж нэг хэлээд л асуудал шийдэгдэхэд хэцүү. Хэдэн арван удаа ч хэлэх хэрэгтэй болж магадгүй юм шүү.

Өөрөө юунд сонирхолтой вэ? Мөн сонирхлоос гадна хөгжүүлмээр байна гэсэн чадвар бий юу? Хэрэв байгаа бол давтлага, сургалт, дугуйлан гэх мэтчилэн сургалтуудад явуулж дэмжиж өгөхийг ээжээсээ хүсэж болох юм. Амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Төгсөх ангийн сурагч хэрнээ хичээлээ хийгээд суухаар найзууд маань бодогдоод төвлөрч чадахгүй хэцүү байна.

Сайн байна уу? Би тун удахгүй 17 нас хүрэх төгсөх ангийн сурагч. Энэ зун ажил хийсэн болохоор найзуудтайгаа ойр дотно уулзаж чадаагүй. Зарим найзууд маань найз залуутай болоод намайг тоох сөхөөгүй л зун өнгөрсөн. Гэвч удаан хугацааны дараа хичээлдээ ороод мэдэрсэн зүйл минь ганцаардал байв. 

Өмнө нь ганцаардлыг хэзээ ч ингэж ихээр мэдэрч байгаагүй. Яг л нүд үзүүрлэгдээд хаягдчихсан мэт санагдах болсон. Өмнө нь хичээл тараад байнга хамт явдаг байсан найз минь шилжээд гэр лүүгээ үргэлж ганцаараа явдаг болсон. Дотно найзууд маань ч гэсэн миний чат мессэжийг үл тоодог болсон. Тэгээд хааяа нэг яриад асуухаар хамт байсан, найз залуутайгаа ярьсан гэх мэт маш олон зүйлийг надгүйгээр хийсэн байсан. Үнэндээ би найзуудтайгаа хожим дотноссон л доо. Би яг одоо яах ёстой вэ? Төгсөх ангийн сурагч хэрнээ хичээлээ хийгээд суухаар найзууд маань бодогдоод төвлөрч чадахгүй хэцүү байна.

ЗӨВЛӨГӨӨ: Бусдаас эхний алхам хүлээхээс илүүтэй өөрөө түрүүлж алхам хийх нь ойлгомжгүй байгаа харилцааг тодорхой болгоход хамгийн үр дүнтэй байдаг.

Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Ажил хийж зуныг үр дүнтэй өнгөрүүлжээ. Найз нөхөдтэйгөө байнга хамт байж цагийг өнгөрүүлэх боломжгүй шүү дээ. Найз нөхөд чинь ч ялгаагүй өөрсдийн гэсэн сонголтоо хийж, өөр зүйлд анхаарлаа хандуулсан байна. Үүнд буруу зүйл гэж байхгүй.

Хэн нэгэнд гомдох үед бид гомдсон сэтгэлдээ болоод тэднээс зайгаа барих гээд байдаг талтай. Хэчнээн гомдсон ч дахиад түрүүлж алхам хийх боломж өөрт чинь бий юу? Бусдаас эхний алхам хүлээхээс илүүтэй өөрөө түрүүлж алхам хийх нь ойлгомжгүй байгаа харилцааг тодорхой болгоход хамгийн үр дүнтэй байдаг. Өөрөөс чинь магадгүй хэд хэдэн удаагийн оролдлого гарч болно. Нэг үгээр өөрийн зүгээс хийж чадах боломжтой үйлдлүүдийг хийхээс битгий зугтаарай. Өөрийн зүгээс хийж чадах зүйлсийг хийсэн байхад хангалттай. Чиний санал санаачлагад ямар хариу өгөх нь тэдний сонголт. Бусдын сонголт болон бодлыг чи шийдэж, удирдаж чадахгүй шүү дээ. Өөрийн хүчнээс давсан зүйлийг хянах гэж оролдох хэрэггүй.

Найзууд чинь чамайг анхаарахгүй гомдоосон гэдгээ анзаараагүй ч байж болно шүү дээ. Дахиад найзуудтайгаа харилцах үедээ тэднийг их санаж байна, уулзмаар байна гэдэг өөрийн бодит мэдрэмжийг илэрхийлсээр байгаарай. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Хэдий аав ээж хоёр хэрэлдэж муудалцдаггүй ч гэсэн гэр бүлийн уур амьсгал байхгүй.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай эмэгтэй. Хэдэн сарын өмнөөс ээжийгээ өөр хүнтэй дотно чаталдаг гэдгийг мэдсэн юм л даа. Урьд нь ийм зүйл тохиож байгаагүй учраас яахаа мэдэхгүй маш их стресстсэн. Ямар ч зүйлд төвлөрч чадахгүй.

Дараа нь ээжтэй ярьж ойлголцсон. Ээж хэлэхдээ "зүгээр л томчуудын марзан хошигнол" гэж хэлсэн. Яг үнэндээ тийм байгаагүй юм. Тэгээд тэр хүнээс хэсэг харьцаагаа тасалсан ч эргээд л чаталж эхэлсэн. Ээжийн энэ асуудал үнэхээр дарамт болж байхад аав бас ажлынхаа нэг эмэгтэйтэй чаталж өдөр болгон утсаар ярьж байгаа. Хэдий аав ээж хоёр хэрэлдэж муудалцдаггүй ч гэсэн гэр бүлийн уур амьсгал байхгүй. Орой ирээд л бүгд утсаа барьцгаагаад л... Үнэхээр их стресстэж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Гэртээ хамт байх үедээ утсаараа оролдохгүй байж гэр бүлийн цаг гаргаж ойр зуурын зүйл ярилцаж байя гэх мэтчилэн өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ эцэг эхдээ илэрхийлээрэй.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Эцэг эхийн таарамжгүй харилцаанд хүүхдүүд өөрсдийгөө буруутгах хандлагатай байдаг. Гэвч эцэг эхийн харилцаа бол хүүхдээс үл хамаарсан зөвхөн тэдний л харилцаа байдаг. Эцэг эх нь хоорондоо таарамж муутай байлаа ч гэсэн өөрийг чинь хайрлах хайр нь хэвээрээ юм шүү. Эцэг эх хүүхдээ гэх хайр тусдаа бие даасан харилцаа юм. Эцэг эхийнхээ харилцааг өөрөө бие дааж шийдэж чадахгүй. Бусад хүний шийдвэрийг хүссэнээрээ удирдах нь боломжгүй зүйл шүү дээ. Боломжгүй зүйлийг удирдах гэж хичээх нь өөрийг чинь л хий дэмий хэцүү байдалд оруулна.

Гэр бүлийнхээ уур амьсгалд санаа зовж байна. Гэртээ хамт байх үедээ утсаараа оролдохгүй байж гэр бүлийн цаг гаргаж ойр зуурын зүйл ярилцаж байя гэх мэтчилэн өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ эцэг эхдээ илэрхийлээрэй. Мэдрэмжээ илэрхийлэх нь өөрийн зүгээс хийх боломжтой үйлдэл юм шүү. Мөн мэдрэмжээ илэрхийлснээр сэтгэл санаа бага ч болов тогтвортой болдог. Өөрийн зүгээс илэрхийлж болох бодлоо илэрхийлээрэй. Тэдний харилцаанд чиний буруу байхгүй юм шүү.

“Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд гэр бүлийн тэр дундаа эцэг эхийн таарамжгүй харилцаа хүүхдэд их хүндээр тусдаг. Нэг гэрт хамтдаа хэвийн амьдарч байгаа мэт байгаа боловч хүүхдүүд эцэг эхийнхээ харилцааг маш сайн мэдэрдэг юм шүү. Таагүй уур амьсгалтай гэрт хүүхдүүд хэрхэн аюулгүй тайван сэтгэл амар байх билээ. Тиймээс эцэг эх хоорондоо ойлголцож байж хүүхэд сэтгэл тайван байх боломж бүрдэх юм шүү”.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Муухай зүйл гэдгийг мэдэж байгаа ч энгийн үед түүнд маш их татагддаг хэрнээ үерхээд эхлэнгүүт л сонирхол буураад мэдрэмж төрөхөө байчихдаг.

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Хүнтэй үерхээд 3 долоо хонож байна. Гэхдээ мэдрэмж төрөхөө болиод, залхаад эхэлчихсэн. Би түүнтэй жилийн өмнө анх үерхээд бас л залхаад сар болоод салчихсан. Муухай зүйл гэдгийг мэдэж байгаа ч энгийн үед түүнд маш их татагддаг хэрнээ үерхээд эхлэнгүүт л сонирхол буураад мэдрэмж төрөхөө байчихдаг. Гэхдээ тэр надад маш сайн, тэрэнд нь ч би эргэлзээгүй итгэдэг.

Гэхдээ бас нэг хүү өмнө нь бид хоёрыг үерхэхийн өмнөхөн намайг гуйсан ч би одоогийн найз залуудаа их татагдаж байсан учир зөвшөөрөөгүй. Тэгээд яг үерхээд эхэлсний дараа гэнэт нөгөө хүүд илүү татагдаад эхэлсэн. Тэгээд салсан ч нөгөө хүүтэйгээ үерхээгүй. Найз залуу маань миний салсан шалтгааныг мэдээгүй. Тэгээд салсныхаа дараа буцаад одоогийн найз залуудаа татагдаад энэ удаа буцаж үерхэхдээ дахиж салахгүй гэж үерхсэн ч дахиад л мэдрэмж төрөхөө болиод, нөгөө хүүдээ татагдаад эхэллээ. Тэр хүү ч бас надад сайн хэвээрээ. Гэхдээ би найз залуугийнхаа сэтгэлийг шархлуулахвий гэж маш их айж байна. Яах ёстой вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чамд сайн байх үе болон найз залуу болсны дараах төрүүлж буй мэдрэмж ялгаатай байна уу? Чи үерхлээс ямар мэдрэмж авахыг хамгийн их хүсдэг вэ?

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөртөө төрж байгаа мэдрэмжээ ойлгохыг хүсэж байгаа юм шиг санагдлаа. Чамд сайн хүн чиний найз залуу болоогүй байхдаа чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Найз залуу болсныхоо дараа сайн байсан үеийнх шигээ мэдрэмж төрүүлдэг үү? Өөрөөр хэлбэл чамд сайн байх үе болон найз залуу болсны дараах төрүүлж буй мэдрэмж ялгаатай байна уу? Чи үерхлээс ямар мэдрэмж авахыг хамгийн их хүсдэг вэ? Найз залуу чинь чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Чиний үерхлээс хүсдэг зүйлийг найз залуу чинь өгдөг үү?

Захидлаас уншихад чамтай үерхээгүй байгаа хүн чамд таалагдаж байна гэж ойлголоо. Үерхвэл тэр хүний харилцаа, чамайг гэх анхаарал гэх мэт зүйлс өөрчлөгдөх вий гэж санаа зовж байна уу? Эдгээр асуултуудад хариулаад хариу захидал илгээгээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter