Олон Улсын сансрын нисгэгчдийн холбооноос зохион байгуулдаг IAC буюу Дэлхийн Сансрын чуулган АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 25-нд эхэллээ.
Анх удаа Арабын оронд зохиогдож буй 72 дахь удаагийн хуралд "Тэмүүлэл" хиймэл дагуулын төслийн үйл явц, зарим үр дүнг танилцуулсан илтгэлээрээ Монгол Улсын Их Сургууль болон "MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо"-г төлөөлөн хиймэл дагуулын төслийн багийнхан оролцож байгаа аж.
Энэ талаар “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд гар бие оролцсон, “Тэмүүлэл” хиймэл дагуулыг бүтээх төслийн эрдэмтдийн нэг Т.Төртогтох сошиал хуудсаараа мэдээллээ.
Тэрээр "Дэлхий дээр сансрын чиглэлд юм хийж байгаа, үүнтэй холбогдолтой шийдвэр гаргагчид, агентлагууд, хувийн болон төрийн компаниуд, судлаачид, эрдэмтэд гээд нийт 4000 гаруй төлөөлөгчид энд чуулж байна.
Өнөөдөр илтгэлээ сонордуулж үндсэн даалгавраа биелүүллээ.
Олон хүмүүстэй уулзаж, туршлага судалж, өөр шинэ ямар боломж байж болох талаар, цаашид дараа дараагийн хиймэл дагуулын төсөлдөө ашиглаж болох, хамтарч болох, хөгжүүлж болох санаа оноог эрэлхийлэхийн зэрэгцээ, чамлахуйц бага ч гэлээ зүтгэсээр байгаад тодорхой хэмжээнд хүрсэн багийнхаа туршлага, өчүүхэн мэдлэгээ бусадтай хуваалцаж, бас цэнэглэж явна. Явах тусам бидний явж байгаа зам, чиглэл зөв санагдаж, улам бүр батлагдах мэт мэдрэмж төрж байна.
Сансрыг эдийн засаг, техник технологи аль ч талаас нь шинэ, хуучин гэж ангилж ярьдаг болжээ. Бидний ярьдаг, хөгжүүлэх гэж зүтгэж буй жижиг хиймэл дагуулын технологи аль хэдийнээ "шинэ сансар" -ын түлхүүр тоглогч болжээ. Бүгд үүнийг хүлээн зөвшөөрчээ.
Бас нэг санааг дэлхийн сансрын салбарт тэргүүлэгчид бүгд тахиа шиг давтан хэлж байна. Тэр нь Сансар бол улс орныг авч явах дараа үеийнхэн, хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч, мэдлэг чадвартай хүмүүс болгон бэлдэхэд өнгөц болдог, тэдэнд итгэл найдвар, урам зориг өгдөг хөтөч юм гэж байна" хэмээсэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх