Зорилгоо тодорхойлоход чинь туслах сэтгэл зүйн зөвлөгөө


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-05-08

Хааяа “Би юуны төлөө амьдраад байна вэ” гэж тээнэгэлзэж, өөртөө гутарч, сэтгэлээр унах үе тохиолддог. Гэхдээ зорилготой хүн сэтгэл гутрах нь ховор. Тэгвэл том зорилгоос ирэх дарамт, зорилгогүй амьдралын сэтгэл ханамжийн тухай бид Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач Золжаргалтай ярилцлаа.  

- Сайн байна уу? Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. 

- Сайн байна уу? Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Золжаргал гэдэг. Би Сэтгэл Судлалын Үндэсний төвийн сэтгэл судлаач. Ихэвчлэн өсвөр насны хүүхдийн зөвлөгөө, сургалтын чиглэлээр ажилладаг. 

- Хүн зорилгогүй болчихвол амьдрах утга учиргүй болдог гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Харин нөгөө талаараа зорилго, хүлээлтгүй амьдарвал ямар нэгэн дарамтгүй, амар амгалан нүд анина гэж үздэг хүмүүс ч байдаг. Энэ тухай таны байр суурь ямар байна вэ? Зорилгогүй амьдрах нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар нэгэн хүлээлт үүсгэх болов уу? 

- Юуны өмнө зорилго хэмээх ойлголтын талаар авч үзье. Хамгийн түгээмэл тодорхойлолт нь “Зорилго гэдэг бол өөрийн нөөц боломжийг илрүүлж, түүнд тохируулан ирээдүйн зураглалыг бий болгох, өөрийгөө сэдэлжүүлэхийг хэлнэ”  гэсэн байдаг. Харин зорилгогүй амьдрах гэдгийг “амьдралаа хөл бөмбөгийн талбай дээр гүйж өнгөрөөхөд хэзээ ч гоол оруулахгүй байх явдал юм” гэж Билл Копеланд тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, зорилго нь биднийг сэдэлжүүлэх гол хүч болдог тул тухайн хүч маань үгүй болбол нэг талаас сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чадахгүй болон нөгөө талаас амьдралдаа сэтгэл ханамжгүй байх зэрэг асуудлууд үүсэх магадлалтай. 

-Үүсэх эрсдэлтэй эдгээр асуудлуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?  

- Зорилгогүй амьдрах нь бидний хэрэгцээ болон өөрийгөө идэвхжүүлэхэд нөлөөлөх бөгөөд ирээдүйн зураглалыг бий болгох, сэдэлжүүлэх хөдөлгөгч хүч дутагдаж буйн илрэл болдог. Иймээс өөрийгөө сэдэлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд зорилгоо олж тодорхойлж, түүндээ хүрэх алхмуудыг төлөвлөх хэрэгтэй. 

- ЕБС төгсөж байгаа сурагчид, оюутнуудыг томчууд томоор сэтгэ, томыг хар, том зүйл зорь гэж их зөвлөдөг шүү дээ. Хүрэхэд бэрх зорилготой амьдрах нь бидэнд нэгэн талаар дарамт, өөрийгөө голох мэдрэмжүүдийг өгдөг. Энэ тохиолдолд таны зүгээс зөвлөгөө өгвөл... 

- Сурагчид, оюутнууд өөртөө хэт томдсон, холын зорилгыг бодож, төлөвлөсний улмаас тухайн зорилгодоо хүрч чадахгүй байх, биелүүлээгүйгээс болж өөрийгөө голох тохиолдол гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд ойрын зорилгоо тодорхойлж эхлэх буюу үр дүн нь хэмжигдэхүйц зорилгуудыг тавих хэрэгтэй. Мөн бусадтай хуваалцаж, бусдаас санаа бодлыг сонсож, өөртөө дүгнэлт хийх, өөрийн сонирхлоо тодорхойлох, цаашид юу хийхийг хүсэж буйгаа тодорхойлохыг хичээгээрэй гэж зөвлөмөөр байна. 

- Өөрийнхөө тавьсан хүлээлтэд хүрэхгүй байх мэдрэмж, хэн нэгний (багш, эцэг эх гэх мэт донтны хүн) хүлээсэнд хүрэхгүй байх мэдрэмж залууст их тохиолддог гэж бодож байна. Энэ үеийн гутралыг бид хэрхэн даван туулах ёстой вэ? 

- Юуны өмнө сэтгэл зүйн хувьд энэхүү мэдрэмжийг гутрал гэж авч үзэх нь өрөөсгөл ойлголт. Өөрөөр хэлбэл, өөртөө тавьсан хүлээлтэд хүрэхгүй байх мэдрэмж нь түр зуурын буюу дотно хүнийхээ итгэлийг алдах нь шийдвэрлэж болохуйц зүйл юм. Өөрт тавьсан зорилго бүр заавал биелэгддэг байх албагүй. Зорилгоо анх тодорхойлохдоо гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцон үзэж, хүлээлтэд хүрэхгүй тохиолдолд ямар алхам хийх талаараа маш сайн бодож төлөвлөхийг хичээх хэрэгтэй. 

- Эцэст нь зорилгоо хэрхэн оновчтой топорхойлох вэ?

- Зорилгоо оновчтой буюу ухаалгаар тодорхойлохын тулд та өөрөөсөө “Намайг юу сэтгэл ханамжтай болгох вэ?” гэдэг асуултыг асуугаад үзээрэй. Ингэснээр зорилго нь илүү тодорхой болоход туслах боломжтой. Мөн зорилго бүр биелэгдэхүйц, хүрэх боломжтой байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Нэг зүйлийг сануулж хэлэхэд, зорилго нь уян хатан байх ёстой буюу өөрчлөгдөх, биелэхгүй байх, тодорхой бус байх гэх мэт тохиолдол үүсэх эрсдэлтэй. 

-Танд баярлалаа, амжилт хүсье.

#Ярилцлага #Сэтгэл зүй