Олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдрийг Монгол улсад жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна


YOLO.mn | YOLO.MN
2021-10-26

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь 2019-2021 онд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “Банхар” арт терапи төслийг 2019-2021 он хүртэл нийт 12 сургууль дээр хэрэгжүүлээд байна. Үүнд:

- 116 цагийн сургалтаар 693 сурагчийг үе тэнгийн сургагч ментороор бэлтгэж

- 104 цагийн сургалтаар 927 багш

- 85 цагийн сургалтаар 680 эцэг эхчүүд

- 10 удаа буюу 23 цаг clubhouse-д 1140 хүнийг хамруулж “хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудаа хуваалцъя” уулзалт, ярилцлага, 5 удаа, 8 цаг “аав, ээждээ хэлэх бидний үгс” онлайн хэлэлцүүлэг 30,000 хүн оролцсон байна.

Хүүхдийг өөрийн хүсэлтээрээ бусдын төлөө ажиллах, оролцох, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох үүднээс Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллийг таслан зогсоох ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ МЕНТОРоор 50 гаруй хүүхдийг бэлтгээд байна. Эдгээр хүүхдүүд өөрийн сурсан мэдлэг, мэдээллээ өөрийнхөө амьдардаг байр, сургууль, гэр бүлдээ түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Бид Монгол контент ХХК-тай хамтран “Бидэнд шийдэл бий” цахим чуулга уулзалтыг 2021 онд зохион байгуулсан бол энэ удаа олон улсын дээрэлхэлтийн эсрэг сарыг аян болгон өргөжүүлж, Монгол улсад анх удаа дээрэлхэлтийн эсрэг сарын аяныг жил бүр зохион байгуулж байх уриалгыг гарган ажиллаж байна.

Зорилго:

Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг хүүхэд, эцэг эх асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн өөрсдийн оролцоогоор дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох.

Уриалга:

- Жил бүр олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болох

- Сургууль бүр хүүхэд хамгаалах бодлогын хүрээнд дээрэлхэлтийн эсрэг журамтай болгох, мөрдүүлэх

- Дээрэлхэлтийг харсан бол мэдээлэх, дээрэлхэлт үйлдэгдээд байгаа газруудыг камержуулах

- Олон нийтийн дунд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нар хамтран ажиллах

Яагаад энэ талаар ярих хэрэгцээ, шаардлага байна вэ?

- Үе тэнгийнхний дээрэлхэлт амиа хорлолтын гол шалтгаан болж байна

- Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хортой үр дагавартай

- Хүүхэд хичээл сурлагадаа муудах

- Бие султай болох гэх мэт сөрөг үр дагавар ихтэй далд, давтагдаж, даамжирч байгаа учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал байна.

Аяны хүрээнд бид дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

1. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх үе тэнгийн ментор, сургагч хүүхдүүдийг бэлдэх

2. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо

3. Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд багш нарын оролцоо, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд, хэрхэн эцэг эхтэй, хүүхэдтэй хамран ажиллаж болох талаар сургалтуудыг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд бид эхний вебинараа 2021 оны аравдугаар сарын 28-ны 20:00 цагт хийхээр болсон билээ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Мэдээ #Үйл явдал