Бид сэтгэл зүйн тест гэдэг ерөнхий нэр томьёог мэддэгээс биш энэ нь яг юу болох, ямар үед хэрэглэдэг, хэн авдаг тухай тийм ч сайн мэддэггүй. Цаашлаад интернетээс “сэтгэл зүйн тест” гэж бичиж хайгаад, хамгийн эхэнд гарч ирсэн тестийг нь бөглөөд өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг дүгнэчихдэг хүмүүс ч байдаг. Тэгвэл энэ талаарх мэдлэгээ дараах нийтлэлээр ахиулцгаая.
Сүүлийн үед эсвэл ойрын хэдэн жилийн хугацаанд сэтгэлд чинь ямар нэгэн таагүй, сонин мэдрэмж төрөөд, өдөр тутмын амьдрал чинь тухгүй болсон болохоор сэтгэл зүйч дээр очихоор шийдлээ гэж бодъё. Ийнхүү мэргэжлийн сэтгэл зүйчид өөрт төрсөн мэдрэмж, шинж тэмдгүүдийн тухай ярьж, сэтгэл зүйч хариуд нь чамд ямар асуудал тулгараад буйг тогтоож, зөвхөн чамд тохирох зөвлөгөө, эмчилгээний төлөвлөгөөг гаргаж өгнө.
Гэвч энэ бүхэн тийм амархан байхгүй. Учир нь сэтгэцийн зарим эмгэгийн шинж тэмдэг өөр хоорондоо төстэй байдаг. Жишээ нь, сэтгэл хоосон санагдах, хийж байгаа зүйлдээ сонирхолгүй болох, ганцаараа баймаар санагдах зэрэг мэдрэмжүүд дан ганц сэтгэл гутралын үед бус гэмтлийн дараах сэтгэц хямралын хам шинж /PTSD/, хоёр туйлт сэтгэцийн эмгэг /Bipolar Disorder/-ийн үед ч илэрдэг. Тиймээс мэргэжлийн бус хүмүүс өнгөцхөн ажиглахад андуурагдах эрсдэлтэй.
Үүнээс гадна хүнд зөвхөн сэтгэл зүйн асуудал тулгарснаар энэ бүх мэдрэмжийг авдаггүй. Өөрөөр хэлбэл бие махбодтой холбоотой ямар нэгэн нөхцөл байдлаас үүдэн сэтгэл зүйд өөрчлөлт орох боломжтой. Жишээлбэл, шинжилгээ өгөх, хагалгаанд орох, хэрэглэж буй хоол хүнс, эм тарианы нөлөөнөөс болж гэнэтийн эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болох боломжтой байдаг.
Эцэст нь мэргэжлийн сэтгэл зүйч чиний зан чанар, аливааг бодох үйл явц, сонирхол, мэдрэмж, ур чадвар, тохиолдож байсан үйл явдал зэрэг олон хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийсний эцэст оношлогоо хийнэ.
ЯАГААД ИНТЕРНЕТЭЭР ОНОШИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?
Одоо үед бид интернетээс хэрэгтэй бүхий л мэдээллээ богино хугацаанд авах боломжтой болсон. Нөгөө талаас, интернетэд худал мэдээлэл нь үнэн зөв мэдээллээсээ их байдгаас гадна хувийн нууцаа алдахаас эхлээд олон эрсдэл бий. Тийм ч учраас сэтгэл зүйн тестийг дурын нэгэн вебсайт руу хандаж, хувийн мэдээллээ оруулан өгөхийн оронд баталгаатай вебсайтуудын дэлхийн стандартад нийцсэн тестүүдийг өгөх нь эрсдэл багатай.
Бас нэгэн анхаарах зүйл бол тест 100 хувийн баталгаатай биш. Эдгээр нь хүмүүст зан чанарыг нь танин мэдэхэд дэмжлэг өгөх, сэтгэцийн эмгэгүүдийн тухай ерөнхий мэдээлэл өгөх хэмжээнд л байдаг. Мөн сэтгэл зүйн тест нь албан ёсны эрхтэй байгууллага, мэргэжилтнүүдийн дүн шинжилгээний тусламжтайгаар үр дүнгээ өгдөг зүйл тул онлайнаар өгч буй тестэд бүрэн дүүрэн итгэхгүй байх нь зөв юм.
Харин хувь хүний зан чанарыг тодорхойлох тестийг бөглөх бол:
1. 16 ЗАН ЧАНАРЫН ТЕСТ
Энэхүү тестийг Америкийн зохиолч Isabel Briggs Myer болон түүний ээж Katherine Briggs нар Швейцарын нэрт сэтгэл зүйч Carl Jung-ийн онол дээр тулгуурлан зохиож байжээ. Тестийн хувьд хувь хүний онцлогийг тодорхойлон ямар төрлийн хүн болохыг чинь хэлж өгнө. Англи хэл дээр бичигдсэн 130 асуултаас бүрдэх уг тестийг бөглөхөд 10-15 минут зарцуулагддаг.
16 зан чанарын текстийг ЭНД дарж үнэгүй өгөөрэй.
2. ӨНГӨНИЙ ТЕСТ
Хүний зан чанарыг өнгөний сонголт дээр нь үндэслэн тодорхойлох боломжтой гэдгийг Швейцарийн сэтгэл зүйч Max Lьscher хамгийн анх олж нээж байжээ. Тэрээр мөн өнгөөр дамжуулан хүнд сэтгэл засал хийх аргыг ч боловсруулсан нэгэн.
Өнгөний тестийг өөрт хамгийн таалагдаж буй өнгөнөөс эхлэн сонгох маягаар бөглөнө.
ЭНД дарж үнэгүй өгөөрэй.
3. BIG FIVE /OCEAN/ ТЕСТ
Openness - Аливааг туршиж үзэхэд хэр зэрэг нээлттэй байдаг,
Conscientiousness - Өөрийгөө удирдах чадвар буюу ухамсарт байдал,
Extraversion - Гадагшаа чиглэсэн хүн болох эсэх,
Agreeableness - Аливаа зүйлсийг хүлээж авах хандлага,
Neuroticism - Сөрөг сэтгэл хөдлөлд хэрхэн ханддаг зэрэг хүний таван чухал чадварыг үнэлэх тест юм.
Тестийг ЭНД дарж өгөөрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх