Yolo-гийн уншигчдын дунд 2021 оны 4 сард хийсэн судалгаагаар 2 хүүхэд тутмын 1 цахим дээрэлхэлд өртсөн, 4 хүүхэд тутмын 1 цахим дээрэлхэл үйлдсэн гэсэн үр дүн гарсан.
1. Цахим дээрэлхэл гэж юу вэ? Яагаад ийм өндөр тоо гарав?
Цахим дээрэлхэл гэдэг нь цахим төхөөрөмж, онлайн орчныг ашиглан хэн нэгнийг санаатайгаар, давтамжтайгаар гадуурхах, нэр хүндэд нь халдах, айлгах, доромжлох зэргийг хэлнэ.
2. Шоглосон мессеж явуулах нь дээрэлхэл мөн үү?
Охид, хөвгүүд аль аль нь дээрэлхэлд өртөж байсан ч дээрэлхлийг хөвгүүд үйлдэх нь илүү олон байсан. Яагаад гэвэл хөвгүүд онлайн орчинд хэн нэгэн рүү доромжилсон утгатай, хараалын үгтэй мессеж явуулах нь түгээмэл байдаг аж. Энэ нь дээрэлхэлд тооцогдож байгаа юм. Хөвгүүд хэдий дээрэлхэх санаагүй, тоглож, хошигнож хэлсэн ч хүлээж авч буй хүнд эвгүй мэдрэмж төрүүлж, сэтгэл зүйг нь таагүй болговол дээрэлхэл үйлдсэнд тооцогдоно. Тиймээс цахим орчинд нэг нэгэнтэйгээ эелдэг харилцахыг уриалж байна.
3. Цахим ул мөр гэж юу вэ?
Бидний цахим орчинд бичсэн, шэйрлэсэн гээд бүх үйлдэл мөнхийн ул мөр болон үлдэх хандлагатай тул цахим ул мөрөө цэвэр байлгахыг хичээгээрэй. Хэрвээ санаж байвал багадаа хүүхэд дээрэлхдэг байснаас болоод Солонгосын алдартай тамирчид шигшээгээсээ хөөгдсөн тохиолдол ч гарсан шүү дээ.
4. Цахим орчинд их цаг өнгөрөөвөл дээрэлхэлд өртөх эрсдэл нэмэгддэг.
Бидний судалгаагаар цахим орчинд хэт их цаг өнгөрөөдөг, цаашлаад цахимаас хамааралтай болох шинж ажиглагдах тусам цахим дээрэлхэлд өртөх эсвэл үйлдэх эрсдэл бусад үе тэнгийнхнээсээ харьцангуй өндөр байсан. Тиймээс өөрийгөө хамгаалахын тулд цахим хэрэглээгээ удирдаж сурах нь чухал юм.
5. Яагаад цахим орчинд их цаг өнгөрөөдөг вэ?
Сэтгэл зүйн хувьд таагүй байгаа өсвөр насныхан бусдаас илүү их цагийг цахим орчинд ялангуяа фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд өнгөрөөх байдал судалгаагаар ажиглагдсан. Мөн түүнчлэн фэйсбүүк зэрэгт илүү их цаг өнгөрөөх тусам сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан. Тухайлбал аз жаргалын мэдрэмж, өөртөө итгэлтэй байдал зэрэг багасаж эсрэгээрээ түгшүүр, гутралын шинжүүд ихсэж байсан. Хэрвээ чи цахимд их цаг өнгөрөөх болсон бол сүүлийн үед чиний сэтгэл зүйн эрүүл мэнд ямар байгаа вэ гэдгийг бодоод үзээрэй. Мөн шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандаж болно. Жишээ нь Yolo сайтаар бид үнэ төлбөргүй сэтгэл зүйн и-мэйл зөвлөгөө өгдөг шүү дээ.
6. Дээрэлхэл үйлдэх болон өртөх нь ижилхэн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Зөвхөн дээрэлхэлд өртсөн хүүхэд гэмтдэг биш, үйлдэж буй хүүхэд ч өөрөө гэмтэж байдаг. Бүр цаашлаад түүнийг ажиглаж харж буй хүүхэд ч дам гэмтэл авах боломжтой. Зарим хүүхдэд сэтгэл гутрал, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал зэрэг дотогшоо шинжүүд илэрдэг бол зарим хүүхдэд ууртай түрэмгий болох, худлаа ярих, бодис хэрэглэх, дүрэм зөрчих гэх мэт гадагшаа чиглэсэн сэтгэл зүйн шинж тэмдгүүд илэрдэг. Мөн сурлагын амжилт муудах, сургуульдаа явах дургүй болох нь түгээмэл байна. Тиймээс дээрэлхлийг түрхэн зуур болоод өнгөрөх эсвэл хэвийн зүйл гэж бодолгүй итгэдэг хүндээ эсвэл сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүнд хэлж тусламж хүсээрэй. Нэгэнт дээрэлхэлд өртсөн бол сэтгэл зүйн эрүүл мэндээ нөхөн сэргээх нь их чухал.
7. Дээрэлхэл өдөр бүр хэн нэгэнд тохиолдож байдаг.
Дээр хэлсэнчлэн 2 хүүхэд тутмын 1 их бага хэмжээгээр цахимаар дээрэлхүүлсэн байна шүү дээ. Гэтэл бид энэ талаар хангалттай ярихгүй байгаагаас хүүхдүүд энэ нь зөвхөн өөрт нь тохиолдож байна гэж бодож өөрөөсөө ичиж бүр өөрийгөө буруутгах нь ч байна. Ингээд бусдад хэлэлгүйгээр нуух нь түгээмэл аж. Хэлээд ч ямар ч үр дүнгүй, бүр эсрэгээрээ байдлыг улам дордуулна гэж бодох нь ч байна. Гэтэл чи жишээлбэл сэтгэл зүйчид эсвэл итгэдэг хүндээ зөвхөн өөрт мэдрэгдсэн зүйлсээ ярихад л энэ нь үгэн сэтгэл засал болдог. Цаашлаад нөхцөл байдлыг яаж даван гарах гарц олж ч болох юм.
Оюунлаг Монгол Хүн ТББ, Австралийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэйгээр БиCyberCool цахим аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд олон нийтийн цахим дээрэлхлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоос гадна үүнээс сэргийлэх болон бусад зөвлөмжийг хүргэж байгаа юм. Фэйсбүүкээр БиCyberCool гэж хайн бидэнтэй нэгдээрэй.
Мөн чи энэ аян их чухал, хүмүүс цахим дээрэлхлийн талаар мэдэж үүнээс татгалзах хэрэгтэй гэж бодож байвал 10 сарын 21 өдөр хөх өнгийн хувцас өмсөн #БиCyberCool #БиCyberKind хаштагийг хэрэглэн бидний Cyber Kind Day-тэй нэгдээрэй.
Цахим орчинд эелдэг байцгаая, Би Cyber Cool.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх