Санхүүгээ зөв удирдаж, хуримтлал үүсгэснээр ирээдүйд учрах олон эрсдэлээс та өөрийгөө сэргийлж чадна. Гэнэтийн сорилтыг ажралгүй давахад чухамдаа санхүүгийн зөв дадал, тэр тусмаа мөнгөн хуримтлалтай байх нь том нөлөө үзүүлдэг билээ. Олж буй орлогынхоо хэдэн хувь, аль хэсгийг юунд зарцуулах вэ гэдэг сонголтоос энэ бүхэн эхэлнэ. Тухайлбал, орлогынхоо 50-иас дээш хувийг хэрэгцээ болоод хүсэлдээ зарцуулдаг бол үүнийг багасгах зорилт тавьж, амьдралдаа бага зэргийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үг. Орлого зарлагаа хянах, эрэмбэлэх, улмаар хадгаламжтай болоход тань хэрэг болох зүйлсийг хуваалцаж байна.
1. ТӨСӨВ
Ирэх сарын төсвөө урьдчилан тооцож, энэ төсөвтөө тохируулан зардлаа төлөвлөх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, орлогоосоо давсан гэнэтийн зардал гаргаж, эрсдэлд орохгүйн тулд төсвөө нарийвчлан гаргах нь зүйтэй. Төсвийн тань гол хэсгийг эзэлж буй буюу хамгийн их мөнгө зарцуулж буй зардлаа олж хар. “Үүнгүйгээр би амьдарч чадах уу?” гэж өөрөөсөө асуугаад шударгаар хариулахыг зөвлөе. Хариулт нь хэрэв “Тийм” байвал үүнийг хэрхэн багасгаж, ямар байдлаар танаж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулаарай.
2. ЗЭЭЛ
Гэнэт гарч ирэх зайлшгүй шаардлага, эсвэл урт хугацааны төсөл, мөрөөдлөө биелүүлэхэд зээл “түргэн тусламж” болох нь бий. Өөрөөр хэлбэл, зээл таны боломжийг тэлэхээс гадна санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх хөшүүрэг болно. Тиймээс урт хугацааны, үнэ цэнтэй зүйлдээ зориулан зээл аваарай.
3. ХАДГАЛАМЖ
Та сарын орлогынхоо 50 хувийг өдөр тутмын зайлшгүй хэрэглээндээ зарцуулж, 30 хувийг авахыг хүсэж буй зүйлдээ буюу хүслээ биелүүлэхэд зориулж хэвшээрэй. Харин үлдсэн 20 хувийг эргэлзэлгүйгээр хадгал. Ингэхдээ банканд хадгаламжийн данс нээлгэвэл илүү ашигтай байх болно.
Залуусын хувьд цалингийнхаа 20 хувийг сар бүр тогтмол хуримтлуулах нь илүү найдвартай хадгаламжийн төлөвлөгөө гаргахад тусалдаг. Хүнд хэцүү үед хэрэг болох яаралтай тусламжийн сан бүрдүүлэх, урт хугацааны хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, эсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулан хуримтлуулах нь хадгаламжтай байхын зорилго байж болно шүү дээ.
“Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-т зориулан энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд бэлтгэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх