Монгол Улсын алслагдсан сум, орон нутагт амьдарч буй хүүхэд залуус дэлхийн хөгжлөөс хоцролгүй мөр зэрэгцэн алхах, сурч хөгжих, амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах, орон нутагтаа өөрчлөлт авчрах, нийгэмд дуу хоолойгоо хүргэх эрхтэй мөн боломжтой билээ.
Нийгэм дэх залуусын оролцоог нэмэгдүүлж, байгальд ээлтэй залуу манлайлагч бэлтгэх зорилготой Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөр холын цэнхэр Ховд аймагт орших Монгол Алтайн нурууны мөнх цаст уулын нэрээр нэрлэгдсэн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн залуусыг зорин очиж, Youth Power арга хэмжээ зохион байгууллаа.
“Манай сум алслагдмал, дэд бүтэц муутай тул жуулчид зорьж ирдэггүй. Хоёрдугаарт манай сумын талаарх мэдээлэл хангалтгүй байдаг. Уг нь манайх байгалийн болон соёлын өв ихтэй газар. Баян-Өлгий явах замд байдаг тул энэ маршрутаар аялж буй хүмүүсийг татах боломжтой. Үүний тулд бид аялагчдад зориулсан аппликэйшн бүтээмээр байна. Үүгээрээ дамжуулж орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүмүүст мэдээлэл хүргэх, эдийн засгаа сэргээх боломжтой гэж харж байна” хэмээн Youth Power x Munkhkhairkhan арга хэмжээний багийн үйл ажиллагааны үеэр ярилцана.
Сурагчид багт хуваагдан эрүүл мэнд, хог хаягдал, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний хөгжил манлайлал, аялал жуулчлал, бэлчээрийн доройтол, мэдээлэл технологийн салбарын хүрээнд орон нутагтаа тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдэл дэвшүүлж, бусдадаа илтгэж байв.
“Манай суманд шүдний эмч гэх мэт нарийн мэргэжлийн эмч байдаггүй. Дээрээс нь охидын үзлэгт их дургүй. Учир нь зориулалтын өрөөнд тусгай тоног төхөөрөмж ашиглан хийлгүй сургууль дээр хийдэг нь зохимжгүй санагддаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд заавал аймгийн төв юм уу, хот руу явах шаардлагатай болдог” хэмээн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг онцлов.
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр орон нутагт маань ган, зуд их болж байна. Мөн цөлжилт явагдаж байна. Бидний бахархалт мөнх цаст уулын минь цас жилээс жилд хайлж байна. Бид байгаль орчны асуудалд одооноос анхаарал хандуулахгүй бол бидэнд ямар дэлхий үлдэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх хамгийн зохистой арга хэмжээ бол мод тарих. Иймд багш, сурагчдыг амьдарч буй хашаа, сургуульдаа мод тарьж, ургуулахыг уриалмаар байна” хэмээв.
“Манай суманд хүүхэд залуусын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, суралцах байгууламж хэрэгтэй байна. Номын санд нарийн мэргэжлийн ном зүй хангалттай байдаггүй. Мөн бидэнд сургалт орох нарийн мэргэжлийн хүн ховор байдаг зэрэг нь асуудал болж байна. Үүнээс гадна гэр бүл, эцэг эхийн дарамт сурагчийн хөгжилд их нөлөөлдөг. Жишээ нь ар гэрийн ажилд дарагдах, дүүгээ харах, гэрээс гаргахгүй байх зэрэг нь залуусыг хөгжихөд саад учруулдаг” хэмээн хувь хүний хөгжлийн талаарх асуудлыг дэвшүүллээ.
Ийнхүү арга хэмжээнд оролцсон сурагчид хөгжөөнт тоглоом тоглож, орон нутагтаа тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдэл дэвшүүлж, уриалга гаргаж, илтгэл тавьж, байгаль орчноо хайрлан хамгаалах амлалт өгч нэгэн өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүллээ. Байгальд ээлтэй залуу манлайлагч болохоор сэтгэл шулуудсан залуусын нүдэнд нь оч, нүүрэнд нь инээмсэглэл тодорно.
Ташрамд дурдахад YSC хөтөлбөрийн хүрээнд Мөнххайрхан сумын ЕБС-д сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулах зорилготой YSC Hub буюу сурагч хөгжлийн танхимыг 60 гаруй сая төгрөгөөр засаж тохижуулан, сурагчдад хүлээлгэн өгчээ.
Монгол Улсын 15-22 насны хүүхэд, залуус руу чиглэсэн YSC хөтөлбөрийг Монгол Экологи Төв НҮТББ Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх холбоосоор зочлоорой.
· https://www.facebook.com/ysc.mongolia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх