ЗАХИДАЛ: Нойтон зүүд зүүдэлтэл ах маань намайг БУЗАР гэсэн


ССҮТөв | YOLO.MN
2021-10-06

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Нойтон зүүд зүүдэлтэл ах маань “Чам шиг бузар манайхаас зайлбал таарна” гэсэн.

Сайн байна уу? Би 14 настай, эрэгтэй. Би дээрээ нэг ахтай. Ах маань надаас хоёр насаар ах. Нэг орой унтаж байсан чинь гэнэт нойтон оргиод явчихсан. Нойтон зүүд гэдгийг нь л зүүдэлсэн байна. Айгаад усанд орсныхоо дараа гэрийнхэндээ мэдэгдэхгүйн тулд хувцсаа угаалгын машиныхаа доогуур хийчихсэн.

Гэтэл тэрийг ах маань харчхаад “Чам шиг бузар манайхаас зайлбал таарна”, “Бузар минь, шинжилгээ өгвөл чамаас есөн бусын юм гарна даа” гэх юм. Энэ болгонд нь би их гомддог. Үнэнийг хэлэх гэхээр надад итгэхгүй, муухайгаар хэлээд болохгүй юм. Нэг удаа үнэнээ хэлсэн чинь итгэхгүй “Чи ийм бузар зүйл ярьдаг биз дээ” гэсэн.

Зөвлөгөө: Хэдийгээр чамаас ах ч түүний бэлгийн хөгжлийн талаарх мэдлэг тааруу бололтой.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хэдийгээр өөрөөс чинь хоёр насаар ах хэдий ч бэлгийн хөгжлийн талаарх мэдлэг, мэдээлэл тааруу бололтой. Хүүхдүүдэд бэлгийн зөв боловсрол олгодог хөтөлбөр болон сургалтын хүртээмж тааруу байгаа нь судалгаагаар харагддаг. Иймээс бэлгийн хөгжлийн талаар тааруу мэдээлэлтэй байгаа ахыгаа ойлгоорой.

Ойлгоно гэдэг маань түүний хэлж байгаа доромжилсон үгийг цаашид тэвчинэ гэсэн үг огт биш юм шүү. Цаашид өөрийг чинь доромжилсон үг хэллэгээр ахин ярих юм бол “Энэ бол хэвийн зүйл бусад хүмүүст ч мөн тохиолддог. Одоо дахиж намайг үгээр доромжлохоо зогсоо” гэх мэтээр өөрийн бодлоо илэрхийлээрэй.

Нойтон зүүд нь бэлгийн хөгжлийн явцад тохиолддог хэвийн бөгөөд нийтлэг зүйл юм. Нойтон зүүд зүүдлэхэд заавал бэлгийн харилцааны талаар зүүд зүүдэлдэг гэсэн үг биш. Хүүхдийн бие махбодоос нас биед хүрсэн хүний бие махбод руу шилжиж байгаа учир бэлэг эрхтэн их мэдрэг болдог. Мэдрэг болдог тул бага зэргийн ор хөнжлийн даавуунд шүргэхэд хүртэл бэлэг эрхтэн босох, нойтон оргиж болдог. Унтаж байх үед ухамсаргүй хэдий ч бид хөдөлгөөн хийж байдаг шүү дээ. Тиймээс энэ бол хэвийн зүйл. 

Эцэг эхчүүд маань сарын тэмдгийн талаар охидтойгоо чөлөөтэй яриа өрнүүлдэг шиг нойтон зүүдний талаар хөвгүүдтэйгээ санаа зоволтгүй чөлөөтэй ярилцаж байхыг хүсэж байна.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Асуудал 3: Ээж минь гадаадад ажиллаж амьдарч байгаа. Гэхдээ ээжтэйгээ ярих гэхээр нэг л болж өгдөггүй.

Сайн байна уу? Би эмэгтэй, 16 настай, 11р ангид сурдаг. Төрсөн аавынхаа ээж аав дээр амьдардаг. Ээж минь гадаадад дүү, хойд аавтай минь цуг сурч, ажиллаж, амьдарч байгаа. Төрсөн аав минь энд ажиллаж амьдардаг. Аавтайгаа нээх дотно биш. Бага байхдаа аавтайгаа тийм ч их уулздаггүй байсан. Ээж ч огт уулзуулдаггүй байв. Сүүлийн гурван жилээс л уулздаг болсон. Тийм болоод ч тэр үү, эрэгтэй хүнтэй харилцах болон ярихдаа их муу. Өөртөө итгэлгүй.

Намайг их сургуульд орох үед ээж минь сургуулиа төгсөж ирнэ. Тэр үед 5, 6 жил уулзаагүй ээжтэйгээ уулзаж хамт амьдарна гэж бодох тусам их сонин, сэтгэлд нэг юм байгаад байх шиг. Ээжийгээ явснаас хойш дотно энэ тэрийг ярихаа больсон. Одоо бараг юм ярьдаггүй. Ярих гэхээр л нэг л болж өгөхгүй. Ярих гэхээр л “Чи юу мэддэг юм? Жоохон юм байж” гэж уурладаг. Хойд аавынхаа талийн хүмүүсийн бараг танихгүй, мэдэхгүй.

Сүүлийн үед ээжийгээ ирэхэд нь цуг амьдарч чадах болов уу? Хойд аавтайгаа яаж харилцах вэ? Их сургуульд ороод дотуур байранд амьдардаг ч юм билүү? Эс үгүй бол эмээ өвөөтэйгөө үргэлжлүүлж амьдрах уу гэдэг бодол толгойноос гарахаа болилоо. ЭЕШ ээ сайн өгөөд их сургуульд орж чадах болов уу? Дүнгээ яах вэ гээд их юм бодогдоод унтаж чадахгүй байх юм. Би яаг яах ёстой вэ?

Зөвлөгөө: Ээж аавд чинь хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага болон чамайг гэх сэтгэл байсаар байгааг ойлгоорой.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийн тогтворгүй харилцаанаас болж эцэг эхтэйгээ харилцаа холбоотой байхаас эмээж, түгшиж байгаа юм шиг санагдлаа. Эцэг эхийн салалт нь хүүхдүүдэд урт хугацааны стресс үүсгэж байдаг. Мэдээж энэ стресс нь эцэг эхийн харилцаа ямар байснаас шалтгаалж хүүхдүүд эцэг эхийнхээ салалтыг ойлгож, хүлээн зөвшөөрөх хугацаа нь ялгаатай байдаг. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд эцэг эхийн чинь харилцаа бол зөвхөн тэднээс л шалтгаална. Үүнд хүүхдүүдийн буруу гэж огт байхгүй юм шүү.

Захиан дээр дурдсан бодол болон түгшүүрээ эцэг эхдээ илэрхийлэх бодол байгаа юу? Хэдийгээр тэд тус тусын замаараа явж байгаа хэдий ч зөвхөн чиний эцэг эх хэвэндээ юм шүү. Тиймээс хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага болон чамайг гэх сэтгэл байсаар байгаа. Ийм учраас өөрийгөө тусгаарлах гэж оролдох хэрэггүй. Өөрийн мэдрэмжийг бусдад илэрхийлсэн үед л чамайг ойлгож эхлэх суурь тавигдана. Хэрэв шууд хэлж чадахгүй гэвэл захиа болон мессежээр өөрийнхөө бодол болон түгшүүрийг илэрхийлээрэй. Бодол мэдрэмжээ илэрхийлж хэлснээр бид өөрт тулгарч буй асуудлаа шийдэх сууриа тавьдаг. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Асуудал 4: Найз залуугаа танилцуулсан хүн болгон “Энэ хүнээс салсан нь дээр”, “Чи л зовно” гэдэг.

Сайн байна уу? Би 17 настай, эмэгтэй. Энэ зун ЭЕШ өгсөн. Шалгалтаасаа хэдэн сарын өмнө өөрөөсөө ах хүнтэй танилцаж үерхэх болсон. Уг нь гадаад руу явах гэж байсан юм. Гэхдээ үерхэж байсан учраас ээж аавыгаа ятгаад болиулсан. Би түүнд эхэндээ зүгээр л татагддаг байсан. Гэхдээ хамт байх тусам улам л сайн болсон. Бид хоёр бараг өдөржингөө болздог байв.

Гэхдээ найз залуугаа танилцуулсан хүн болгон маань “Чи салсан нь дээр”, “Энэ хүнээс чамайг гэсэн ямар ч хайр харагдахгүй байна”, “Чи л зовно шүү” гэдэг. Би найз залуудаа сайн учраас тэдний үгийг нэг их тоогоогүй. Тэр минь хааяа хэцүү үедээ архи ууж тамхи татдаг сул талтай. Хааяа уухаараа “Хоёулаа больё” гэдэг. Гэхдээ өглөө нь “Уучлаарай, хайраа. Хайртай шүү” гээд л эвлэрдэг.

Сүүлийн үед тэр өөр хүнтэй чаталж ярих болсон. Би мэдсэн ч зүгээр юм шиг жүжиглэдэг. Энэ нь надад үнэхээр хэцүү байна. Хааяа унтаж чадахгүй, унтахаараа 3, 4 удаа цочиж сэрдэг. Үүрээр босдог болчихсон байсан. Би ганцаараа л түүнийг хайрлаад, тэр намайг хайрлахгүй байх шиг санагдаад... Салах гэхээр өөрийнхөө маш чухал зүйлсээ түүнд өгчихсөн. Тэгчхээд хаяхаар надад үнэхээр хайран санагдаж, хичээл зүтгэл маань хоосон болох гээд айгаад байна. ЭЕШ-аа сайн бэлдэж чадаагүй ороод хүссэн оноондоо хүрээгүй ч гэсэн арай гэж мөрөөдөж байсан сургуульдаа дуртай мэргэжлээрээ орсон. Би одоо яах хэрэгтэй вэ? Найз залуу маань надад нэгэнт хайргүй юм чинь гээд хаях хэрэгтэй юу? 

Зөвлөгөө: Харилцаа болон тулгарч буй асуудлынхаа талаар хамтдаа ярилцаж үзээд шийдвэрээ гаргаарай.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Хосын харилцаанд хоёр талын хичээл зүтгэл хэрэгтэй байдаг. Мөн ярилцаж бие биетэйгээ мэдрэмжээ хуваалцаж байх нь чухал байдаг. Ойлгомжгүй харилцаа шийдэгдэхгүй удах, мэдрэмжээ зөв илэрхийлэхгүй байх нь харилцааг хэцүү болгож байдаг. Шөнийн цагаар цочиж сэрж байна гэдэг нь удаан хугацаанд гадагш илэрхийлэгдэж гараагүй сэтгэлийн түгшүүр байгаагийн илрэл байх магадлалтай юм. Сэтгэл хөдлөлийг бага багаар тогтмол илэрхийлж байх нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг. Сэтгэл хөдлөлөө нуух нь өөрийгөө шийтгэж байгаагаас ялгаагүй. Өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлдэг байгаарай. Харилцаа болон тулгарч буй асуудлынхаа талаар ярилцмаар байна гэдгээ найз залуудаа илэрхийлээрэй. Хамтдаа ярилцаж үзээд шийдвэрээ гаргаарай. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Асуудал 6: Би өөрөөсөө 10 насаар ах хүнд дурлачихлаа.

Сайн байна уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Арван найман насны босгыг давснаас хойш өөрийгөө нэг л биш болоод байгааг анзаарсан юм. Бусдад тавьдаг шаардлага, сонирхдог зүйлс огцом өөрчлөгдсөн. Гэнэн томоогүй, нэг үгээр хүүхдээрээ зантай үеийн хөвгүүдээс илүү үзэх зүйлээ үзэж, хийх зүйлээ хийчихсэн, аль эрт хатуужил намба суучихсан буурь суурьтай ах хүмүүс илүү таалагдах боллоо. 

Хажууд нь байхад яагаад ч юм их түшигтэй байдаг. Харахгүй л бол тэвчдэггүй. Харц тулгарах дуртай. Харцанд нь живчихдэг юм. Намайг ширтэж буйг нь мэдрэх бүр ч дуртай...

Гэвч гол асуудал нь тэр миний сэтгэл, мэдрэмжийг ойлгодоггүй байх. Боломжгүй гэж боддог учраас. Би өөрөө хайр дурлалд насны зөрүү хамаагүй гэж боддог төрлийн хүн. Гэхдээ түүний хувьд хамаатай учраас надаас авсан мэдрэмжүүдээ үгүйсгэдэг юм шиг санагдсан. 

Үнэнээ хэлбэл хүүхдээрээ дуудуулаад дуусахвий гэхээс айх юм. Яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна.

Зөвлөгөө: Хүн хэдэн ч настай байсан хамаагүй мэдрэмжээ илэрхийлэх, сэтгэлээ илчлэх боломжтой.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Тэр хүн чиний хувьд чухал хүн болсныг, мөн чиний сэтгэлийг хөдөлгөдөг болохыг ойлголоо. Хүн болгон хэдэн ч настай байсан хамаагүй мэдрэмжээ илэрхийлэх, сэтгэлээ илчлэх, хайраа илэрхийлэх боломжтой байдаг. Хайр болон бусад мэдрэмжүүд бидний амьдралын салшгүй хэсэг. Тиймээс үүнд ямар ч хүүхдээрээ эсвэл ичмээр зүйл байхгүй юм шүү. Хэн ч хэдэн ч настай байсан хамаагүй хайрын талаар ярилцах боломжтой.

Харин тэр хүн чамд үгүй гэж хэлэх боломжтой юм шүү. Бид хайр сэтгэлийг удирдаж хянаж чадахгүй шүү дээ. Ярилцаад тэр хүн үгүй гэсэн хариулт өгвөл түүнийг нь хүндэтгээрэй. Үгүй гэж хэлэхээс нь айж байна гэвэл байнгын тодорхойгүй байдалд байх эрсдэлтэй. Байнгын тодорхойгүй байдалд байх нь үгүй гэдэг үгийг сонссоноос илүү хэцүү байх болов уу. Чи юу гэж бодож байна вэ? 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Асуудал 8: Хүссэн мэргэжлийн маань анги дүүрсэн учраас арай өөр мэргэжлээр сурах болчихлоо.

Сайн байна уу? Би энэ жил нэгдүгээр курст орсон оюутан. Сургуульдаа бүртгүүлэхэд хүсэж байсан мэргэжлийн маань анги дүүрсэн учраас арай өөр мэргэжлээр сурахаар болсон. Энэ мэргэжлээр сурахад ЭЕШ-ын онооноос хамаараад надад тэтгэлэг олгож байгаа. Бас ажлын байрны олдоц нэлээд өндөр.

Гэхдээ яг миний сурахаар төлөвлөж байсан мэргэжил биш болохоор нэг л сэтгэл дундуур байх боллоо. Шилжүүлэг хийлгэхэд нэлээн төвөгтэй. Бас төлбөрөө бүгдийг нь хийх ёстой. Дээрээс нь дотоод шилжилт гэж төлбөрийн тодорхой хувийг нэмж төлөх ёстой болдог. Орон нутгаас ирж суралцаж байгаа болохоор ирэх гэж нэлээд зардал гарсан. Тийм болохоор ахиж аав ээжээсээ их мөнгө авмааргүй байдаг. Зарим хүмүүс нь “Дурласан мэргэжлээрээ сур, чадахгүй бол сурсан мэргэжилдээ дурла” гэж хэлэх юм. Одоо сурч байгаа энэ мэргэжилдээ дуртай болж чадах болов уу?

Зөвлөгөө: Ажлыг өдөр тутамдаа хийхэд нөлөөлөх гол зүйл нь тухайн ажилдаа дуртай байх явдал.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Өөрийнхөө сурахыг хүссэн мэргэжлээрээ сурмаар байгаа боловч санхүү болон бусад асуудлаас болоод шилжиж чадахгүй байна гэж ойлголоо. Чи энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж үзсэн болов уу? Захидалд бичсэн шигээ гэрийнхэнтэйгээ нээлттэй ярилцахыг хичээгээрэй.

Мөн санхүү мөнгөний тал дээр гэрийнхнээсээ санаа зовж байгаагаа ч хэлэхийг хичээгээрэй. Ямар учраас чи тэр /хүсэж байсан/ мэргэжлээр сурахыг хүсэж байгаа вэ? Чи тэр мэргэжлээр сурвал хэр сэтгэл ханамжтай байх вэ? Харин одоогийн суралцаж буй мэргэжлээ анги дүүрсэн учраас сонгосон гэж ойлголоо. Одоогоор үзэж буй хичээлүүд нь чамд таалагдаж байгаа юу? Чи энэ мэргэжлийн талаар хэр их судалсан бэ? Одоогийн суралцаж буй мэргэжлийнхээ талаар хангалттай мэдээлэл, мөн төсөөлөлгүй байгаа учраас чи сэтгэл дундуур байх боломжтой болов уу? Энэ талаар мөн багш нартайгаа ярилцаж үзсэн болов уу? Хэрэв ярилцаагүй бол гэр бүлийнхэн болон багш нартайгаа ярилцаад үзээрэй. Хэрвээ дараа жил эсвэл семестрийн төгсгөлд шилжинэ гэвэл яах бол? Санхүү болон бусад асуудал шийдэгдэх болов уу? Чиний хувьд аль мэргэжил нь илүү сэтгэл ханамж өгөх юм шиг санагдаж байна вэ?

Ажил мэргэжлийн хувьд нийгмийн эрэлт хэрэгцээ, цалин, ажлын орчин, хамт олон гэх мэт нь чухал боловч тухайн ажлыг өдөр тутамдаа хийж гүйцэтгэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь тухайн ажилдаа дур сонирхолтой байх явдал юм шүү. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Асуудал 9: Ээж минь “Сэтгэл судлаачийн мэргэжил зөөлөн сэтгэлтэй хүнд тохирохгүй” гэсэн.

Би 12-р ангийн эмэгтэй сурагч. Удахгүй ЭЕШ өгнө. Мэргэжил сонголтын тал дээр санаа зовсон хэвээрээ л байна. Саяхнаас бүр маш их эргэлзэх боллоо.

Би сэтгэл хөдөлгөсөн ном зохиол унших, гунигтай кино бичлэг үзэхээр сэтгэл хөдлөөд амархан уйлчихдаг юм. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй хүн л дээ. Ийм зан араншинтай хүн сэтгэл судлалын чиглэлээр явж болох болов уу? Чадах болов уу?

Ээж минь “Зөөлөн уяхан сэтгэлтэй хүнд тохирохгүй, хүнд мэргэжил. Хэцүү бэрхийг туулаад сэтгэлийн шархаа эдгээсэн хүн л нийгэм, хүмүүсийн бэрх амьдралыг сонсож ажиллаж чадна” гэсэн юм. 

Би энэ мэргэжлийг нэлээн эртнээс бодож ирсэн ч ээжийг ийм зүйл хэлэхээр өөрийн эрхгүй эргэлзэж байна. Сэтгэл хөдлөл ихтэй хүн гэдгээ ойлгоод энэ мэргэжил сонголтоо болих уу?

Зөвлөгөө: Хүмүүс сэтгэл судлаачийг хүний зовлонг л сонсож суудаг хүн гэж эндүүрдэг.

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл судлаач мэргэжил зөвхөн хүний зовлон сонсож суудаг хүн гэж хүмүүс эндүүрдэг. Сэтгэл судлаач хүн олон төрлийн ажил эрхэлдэг. Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн сургалт, судалгаа, нөлөөллийн ажил, төслийн ажил гэх мэт. Чи аль ч чиглэлээр нь ажиллах боломжтой. Сэтгэл зүйн зөвлөгөө явуулахгүйгээр ажиллах боломжтой гэсэн үг юм.

Мөн сэтгэл хөдлөлөө удирдах боломжтой. Сэтгэл хөдлөлөө удирдахад суралцдаг бөгөөд суралцах тусам хянадаг болох боломжтой. Гэхдээ сэтгэл судлаач ч гэсэн адилхан хүн шүү дээ. Хэн нэгний асуудлыг сонсоод тэр хүний мэдрэмжийг хуваалцах хэрэгтэй болно. Сэтгэл судлаач хүнд бусдыг ойлгох чадвар маш их хэрэгтэй байдаг. Чиний гунигтай зүйл үзээд уйлдаг нь эмпати буюу бусдыг ойлгох чадвар байгааг харуулж байж болно. Бид робот биш шүү дээ.

Харин бусдын хэцүү хүнд асуудлыг сонсоод өөрийн амьдралтайгаа холихгүй буюу ажил амьдралаа ялгаж салгадаг байх нь чухал юм шүү. Сэтгэл судлаач ч гэсэн уйлдаг, уурладаг, инээдэг, гомддог, стресстдэг юм шүү. Мэдээж сэтгэл судлаач болоход хэрэгтэй суурь чадварууд чамд байвал цаг хэмнэнэ. Хэрвээ үгүй бол чи тэдгээр чадварт суралцана гэсэн үг юм.

Мэргэжлээ сонгохдоо сонирхол, ур чадвар, нийгмийн эрэлт хэрэгцээнээс гадна энэ мэргэжил чиний ирээдүйн зорилготой хэр нийцэж байна вэ? Зорилгодоо хүрэхэд энэ мэргэжил чамд яаж туслах вэ гэх мэт зорилгоо тодорхойлохыг хичээгээрэй. Мөн мэргэжлийнхээ талаар судалгаа сайн хийх нь чухал. Өдөр тутамдаа юу хийх вэ? Ажлын байр хэр вэ? Цалин хэр вэ? Хөгжих боломж бий юу гэх мэт. Одоо энэ мэргэжлээр ажиллаж байгаа мэргэжилтэнтэй уулзаж үзээрэй. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Асуудал 11: Найз залуу маань надаас 5 насаар ах. Бас хуучин найз охин нь миний найз.

Сайн байна уу? Би 15 настай. Өөрөөсөө 5, 6 насаар ах хүнтэй үерхдэг. Гэхдээ түүний хуучин найз охин нь миний найз болохоор яахаа мэдэхгүй байна. Тэр түүнд үнэхээр сайн. Бас энэ харилцааг аав ээж хоёр маань яаж хүлээж авах бол гэхээс айж байна. Надад зөвлөгөө өгөөч.

Зөвлөгөө: Хайр дурлалд нас хамаагүй. Гэхдээ чи насанд хүрээгүй учраас тэр хүн чиний насанд тохируулан “зөв” үерхэх ёстой.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Найз залуу нь чамаас ах мөн найзынх нь хуучин найз залуу учраас чиний санаа зовж байна гэж ойлголоо. Хуучин найз охин нь чиний найз учраас салах уу? яах уу гэдгээ мэдэхгүй байна гэсэн үг үү? Эсвэл найздаа яаж хэлэх вэ гэдгээ сайн мэдэхгүй байна гэсэн үг үү? Хуучин найз охин нь чиний найз байгаа нь ямар асуудал үүсгэж байна вэ? Чи юуг шийдэхийг хүсэж байна вэ? Захидлаа бичихдээ ямар асуудал тулгарч байгаа, юун дээр зөвлөгөө чиглүүлэг авахыг хүсэж буйгаа дараагийн удаа илүү тодорхой бичээрэй.

Мөн найз залуутайгаа хэр удаан үерхэж байгаа вэ? Чи түүнд үнэхээр сэтгэлтэй юу? Та хоёрын харилцаа анх яаж эхэлсэн бэ? Найздаа энэ талаар хэлэх бодол байгаа юу? Хэлбэл найзыгаа ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдгээс нь айж байна вэ? Чамтай найзлахаа болих вий гэдгээс үү? Найз залуутайгаа хэр удаан үерхэх бодолтой байгаа вэ? Тэр хүн үнэхээр чамд хайртай юу?

Үерхэл, хайр сэтгэлд насны зөрүү хамаагүй ч тэр хүн чиний насанд тохируулан зөв үерхэж нөхөрлөх ёстой. Учир нь чи насанд хүрээгүй хүүхэд шүү дээ. Тиймээс ч аав ээж нь яаж хүлээж авах бол гэдгээс айж байгаа байх. Юун түрүүнд аав ээж эсвэл дотнын хэн нэгэндээ хүнтэй үерхэж байгаа гэдгээ хэлж зөв үерхлийн талаар зөвлөгөө мэдээлэл аваарай. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Асуудал 12: Аав ээжийг маань хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Саяхан аавыгаа өөр хүнтэй уулздагийг мэдсэн.

Сайн байна уу? Би 19 настай оюутан. Аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Дүү маань 10 настай сурагч. Аав гээд байгаа хүн их дээрэлхүү. Яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Ямартай ч их онцгүй зантай. Одоо бол архи уудаггүй. Нэг гайгүй компанид ажилладаг. Ээж бол яахав гэртээ байдаг. Хувиараа ганц нэг юм хийдэг. Орой ирэхэд халуун хоол, цайтай цэвэрхэн сууж байдаг. 

Өмнө нь янз бүрийн хэрүүл зодоон байдаг л байсан. Одоо гэхдээ би бүр тэсэхгүй галзуурах гээд байдаг болчихсон. Аав гэх хүн ээж рүү байнга дайрна. Балай, эргүү, тэнэг, мэдрэл, писдагаас өгсүүлээд хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. Ажилгүй, арчаагүй, гэрийн авгай, наад биеэ хар гэх мэтээр уурлана. Ирэхээс нь өмнө хоол хийгээгүй байвал бас уурлана. Хоолоо голно. Орой болгон дуугүй байна гэж байхгүй, ядаж нэг сэтгэл сэмлэсэн үг хэлнэ. Ажлынхаа стрессийг гаргаж байгаа царай нь байх.

Ээжийг бол залууд нь их зовоосон гэсэн. Архи ууна, зодно, хөөж тууна. Би ээжийгээ л өрөвдөөд байдаг. Лав намайг ухаан орсноос хойш найзууд ч гэж байгаагүй. Гарч орж ч байгаагүй. Бүр дүү нартайгаа гарахаар нь уурлаад бөөн хэрүүл болдог.

Саяхан аавын утаснаас юм үзэж байгаад “Одоо хоёулаа больё. Нөхөр ирэх болж байгаа” гэсэн чат олж уншаад ээжийгээ өрөвдөөд шууд л уйлсан. Ээж хааяадаа “Ааваас нь салчих уу?” гэж асуудаг л даа. Би “Өөрсдөө мэд. Бид хоёр том болчихсон” гээд л өнгөрдөг байсан. Яахав сууснаасаа хойш гэртээ байдаг байсан болохоор санхүүгийн хувьд хараат. Тэгээд л болж өгдөггүй байх л даа..

Сүүлд тэр чатыг уншсанаас хойш бодогдоод болддоггүй. Аавыг харахаар уур хүрээд байсан болохоор мессэнжэрээр тэр хүүхнийх нь зургийг явуулчхаад блоклоод хаячихсан. Аав ч уурлаад хэдэн сар үг дуугараагүй. Тэгээд саяхнаас л гайгүй мартагнаад овоо үг дуугардаг болж байсан чинь өнөөдөр ажилдаа яваад иртэл бөөн хэрүүл. Ээж үг дуугарахгүй уйлаад, дүү тэр хоёрыг хараад уйлчихсан байсан. Мэдээж аав гэх хүн элдэв бусаар л хэлсэн байх. Ээж хэр баргийн хараалд нь хариу үйлдэл үзүүлэхээ больчихсон байсан л даа.

Одоо бүр залхаж байна. Орой болгон л хэрүүлтэй. За одоо нөгөөх чинь юу гэж ирэх бол? Битгий л ууртай ирж хэрэлдээсэй гэж боддог. Ээждээ бол үнэхээр буруу өгмөөргүй байгаа. Аль болох болгочих гээд л их зовж амьдардаг. Би өөрөө эмэгтэй л дээ. Тэгээд байнга ээжийг өмөөрч аавтай хэрэлддэг болохоор аав надад бас тийм ч таатай биш. Би бүр аав ч гэж дуудмааргүй санагдаад байгаа. Нэг тийм нандин дурсамж байхгүй. Бүр нэг дандаа уурлаж хэрэлдэж байсан нь л санагдаад байдаг. 

Миний стресс бүр тулчхаад унтаж чадахгүй зүрх дэлсээд “Ээж яаж байгаа бол?”, “Аав яаж байгаа бол?” гээд очоод харахаар аав бүр юу ч тоохгүй унтаж байдаг. Ээж хөөрхий орон дотроо нууцаар уйлаастай. Амнаас нь гардаг муухай үгнүүдээ өөрөө мэдэхгүй. Намайг ч хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ. Чи миний өмнөөс олон юм ярилаа. Би зайлаад өгье гээд л их ядаргаатай зантай. Би бүр залхчихсан явбал яваг л гэж боддог. Гэхдээ дүүгээ харахаар бас хэцүү байгаад байдаг. Тэр чатны талаар бол ээждээ хэлээгүй. Тэрнээс хойш больчихсон юм шиг байхаар нь бас элэг бүтэн гэр бүлтэй баймаар санагдаад.. 

Одоо ер нь ээждээ хэлээд ярилцаад салгах уу эсвэл нөгөө нэг аав гээд байгаа хүнтэй ярилцах уу? Ярилцах ч гэж дээ хэрэлдэх л байх. Яг яах учраа олохгүй байна. Салчихвал л ээж тайван байх байхдаа гэж бодоод байх юм.

Зөвлөгөө: Аав ээжийгээ сэтгэл зүйн зөвлөгөө авахыг санал болгох нь чиний хийж чадах хамгийн том тусламж.

Сайн байна уу? Бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнх уур амьсгал, харилцаа чамд ямар хэцүү байгааг төсөөлж байна. Мөн гэр бүлээ элэг бүтэн байгаасай гэж хүсэж байгааг нь ойлголоо. Юун түрүүнд аав ээжийнх салах эсэх нь тэр хоёр хүний шийдэх асуудал юм шүү. Ээжийгээ ингэж зовж байхаар салчихвал амар гэж бодож байгаа ч ээж нь салахгүй байгаа нь ээжид нь бодсон зүйл байгаа болов уу. Эцэг эхэд нь чиний мэдэхгүй шийдвэрлэж чадахгүй олон асуудлууд байгаа болохоор нэг нэгнээ ойлгохгүй, хэрэлдэж муудалцаж байж болох юм. Аав нь ээжийг нь элдвээр хэлж байнга уураа гаргадаг болохоор аавдаа дургүй болсон гэж ойлголоо. Муухай үгээр харааж доромжилж байгаа нь тэр хүний буруу. Гэхдээ чи гэр бүлээ элэг бүтэн байгаасай гэж хүсэж байгаа юм чинь аав ээжийгээ ойлголцоход нь тусалбал ямар бэ?

Аав угаасаа муу хүн гэж шошго зүүж дургүйцэхгүйгээр аав ээжийгээ ойлголцоход нь туслах уу? Чи өмнөөс нь шийдвэр гаргахгүй ч өөрийнхөө хэмжээнд туслах боломжтой. Чиний хийж чадах зүйлс бол хэрүүл маргаан чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг илэрхийлэх, ээжийг нь элдвээр хэлэхэд чамд ямар мэдрэмж төрдөг тухай, орой болгон ирэхэд ууртай хэрүүлтэй байхад ямар хэцүү байдаг талаар, дүүд нь ямар хэцүү байгааг, аавдаа өөр хүнтэй болсон нь чамд ямар мэдрэмж төрүүлсэн талаар илэрхийлэх. Ээжтэйгээ ярилцаж, ээжийгээ сонсож, ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлж ээжийгээ тайвшрахад нь бага ч болов туслах боломжтой.

Мөн аав ээжийгээ сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахыг санал болгох нь чиний хийж чадах хамгийн том тусламж юм шүү. Эхний ээлжид тус тусдаа бие хүний зөвлөгөөнд хамрагдвал зүгээр байдаг шүү. Хосын харилцааны асуудлыг шийдмээр байвал эхлээд тухайн хүн өөрийн бие хүний асуудлаа мэддэг, шийдэхийг хичээдэг, шийддэг байх хэрэгтэй. Аав ээж нь өөрсдийн хүсэлтээр сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Туслахыг хүсэж хичээсэн ч санаснаар болохгүй үеүд тохиолдоно. Тэр үедээ ч мөн энэ захидал шигээ бусадтай хуваалцаж мэдрэмжээ гадагшлуулж байгаарай. Мэдээж аав ээж ямар ч шийдвэр гаргасан үүнд дүү та хоёрын буруу байхгүй. Хэцүү байгаа мэдрэмж бодлоо илэрхийлээд л асуудал шууд шийдэгдэхгүй. Тодорхой цаг хугацаа хичээл зүтгэл шаардлагатай юм шүү. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter