Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" байгууллагаас явуулсан судалгаагаар 2016-2017 оны шилдэг их сургуулиудын жагсаалтыг Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлсэн билээ.
Тэгвэл дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын дээгүүрт бичигддэг Оксфорд, Кембрижийн их сургуулийг төгссөн Монгол залуучууд цөөнгүй бий. Тэдгээрийн төлөөлөл нэгдэн Монгол дахь Оксфорд, Кембриж төгсөгчдийн холбоо байгуулахаар зорьж буй юм. Тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Мөнхжинтэй ярилцлаа. Гадагшаа сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа залуус анхаарлаа хандуулаарай.
YOLO: Оксфорд, Кембриж төгсөгчдийн холбоог байгуулах гэж байна. Та Оксфордын их сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
Өнгөрсөн 2015 онд Оксфордын их сургуулийг дипломат үйл ажиллагааны чиглэлээр төгссөн. Надтай хамт гурван монгол оюутан бас төгссөн. Нэг залуу маань бизнесийн чиглэлээр сурч байсан. Харин нөгөө хоёр Монгол оюутныгаа хайгаад олж уулзаж чадаагүй. Бид бүгдээрээ магистрын түвшинд суралцаж байсан. Оксфордын их сургуульд бакалаврын түвшинд бол Монгол оюутан байтугай гадаад оюутнууд маш ховор байдаг.
YOLO: Яагаад?
Бакалаврын түвшний шалгуур нь маш өндөр. Хоёрдугаарт манай боловсролын стандартыг хүлээн зөвшөөрдөггүй.
YOLO: Магистраас илүү өндөр гэж үү? Магистрын түвшний шалгуур нь илүү өндөр баймаар юм?
Магистр нь илүү олон улсын шинж чанартай болчихсон. Бакалаврын түвшинд бол миний сурч байсан жил 20 орчим гадаад оюутнууд байсан. Өөрөөр хэлбэл Британийн Засгийн газар Оксфорд, Кембриж зэрэг шилдэг их сургуулиуддаа дотоодын боловсон хүчин, ирээдүйн удирдагч нараа түлхүү бэлтгэдэг гэсэн үг юм уу.
YOLO: Та Оксфордын их сургуульд анх элсэхдээ ямар шалгуураар орж байв?
Миний хувьд бакалавраа МУИС-ын Гадаад хэл, соёлын сургуульд Их Британи, Америк судлалын тэнхимд Британи судлалын чиглэлээр төгссөн юм. Тухайн үед яагаад ч юм Британи нь илүү гоё юм шиг санагдаж байсан. 2000-аад оны эхэн үе олон нийтийн дунд интернет гэдэг зүйл дөнгөж дэлгэрч, мэдээлэл олж авах боломж нээгдэж байсан үе байв. Тэгээд Оксфордын их сургуулийн цахим хуудас руу орж харж байснаа одоо санадаг юм. Англиар би барагтайхан юм уншаад ойлгохгүй хэмжээнд л байсан. Тухайн үед бол мэдээлэл маш хомс байсан учир Оксфордын их сургуульд ороход ямар өндөр шалгуур давдгийг ч мэддэггүй байлаа. Түүнээс хойш “Би Оксфордод сурна даа...” гэж дотроо бодож явдаг болсон доо.
YOLO: Зөвхөн мөрөөдөж үлдэх биш. Мөрөөдлөө зорилгоо болгон биелүүлсэн байна шүү дээ.
2005 онд МУИС-ийг төгссөнөөс хойш 2014 он хүртэл буюу есөн ажиллахдаа шалгууруудыг нь бага багаар хангаад явж байсан гэж боддог. Санаж явбал бүтнэ гэдгээр Лондон дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон нь тус сургуульд элсэх том түлхэц болсон. 2014 онд Англид ажиллах томилолтоо дуусгаад сургууль руугаа материалаа өгсөн чинь тэнцчихсэн.
YOLO: Таны хувьд эхний оролдлогоороо тэнцэж байв уу?
Тийм эхний оролдлогоороо тэнцсэн. Би өөр сургуулиуд руу хандаж, хүсэлт гаргаж үзээгүй. Америк руу явж сургуульд суръя гэж бас бодож байгаагүй. Оксфордын их сургуульд л сурна гэсэн бодолдоо үнэнч байсан. Сургуулийнхаа цахим хуудас руу орж ямар ямар ангиуд байна, миний мэргэжилтэй ойролцоо, ажлын туршлага хуримтлуулсан чиглэлд аль анги нь байна гэж харна. Ангиа сонгосныхоо дараа орох шалгууруудаа харна, би аль алийг нь хангаж байна, хангахгүй байгаа нь юу байна гээд бүгдийг нь тооцож байж материалаа өгч, хүсэлтээ гаргасан.
Оксфордын хувьд англи хэлний шалгуур нь IELTS 7.5 оноотой байх ёстой гэдэг.
YOLO: Оксфордын их сургуульд суралцахын тулд Англи хэлний шалгуураас гадна ямар шалгуур хангах ёстой вэ?
Хамгийн чухал шалгуурыг та хэлчихлээ. Англи хэлний шалгуур бол хамгийн чухал нь. Хэлний шалгуураа хангаагүй байж цаашаа топ их сургуульд суралцана гэж найдалтгүй. Өөрөө хэлбэл хэлний мэдлэгээсээ болоод дэлхийн хэмжээний мэдлэгийг авах боломжийг анхнаас нь хязгаарлаж буй хэрэг юм.
Түүнчлэн цаашид ямар мэргэжлээр суралцах гэж буйгаасаа шалтгаалаад өмнөх сургуулиа хэр сайн төгссөн, ажил мэргэжилдээ ямар амжилт гаргасан, тэр амжилтыг нь багш, удирдлагууд нь хэрхэн үнэлж буй зэргийг харгалзаж байж шийдвэр гардаг. Тэгэхээр хамгийн чухал гэрийн даалгавар бол хэлний шалгуураа хангах. Оксфордын хувьд англи хэлний шалгуур нь IELTS 7.5 оноотой байх ёстой гэдэг.
Ер нь иймэрхүү сургуулиуд хоёр үндсэн өнцгөөс харж байх шиг байна. Нэг нь академик үзүүлэлт. Өмнөх сургуульд хэр сайн суралцаж байсан. Эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын суурь. Нөгөө нь ажил, мэргэжлийн өнцгөөс харсан үзүүлэлт. Жишээлбэл, бизнесийн чиглэлээр сурах гэж байгаа хүнийг өмнө нь бизнесийн ямар амжилт гаргасан, ямар шинэлэг зүйл, санаа нэвтрүүлж ололт олсон гэх зэргийг анхаарна. Тэгэхээр суралцах хүсэлт гаргаж байгаа хүн маань “Би танай сургуульд суралцаагүй байхдаа ийм амжилтад хүрсэн. Танайд боловсролоо дээшлүүлснээр үүнээс илүү ийм ийм амжилтад хүрэх боломжтой” гэдгээ батлах, ойлгуулах чухал гэж бодож байна.
YOLO: Оксфорд, Кембриж төгсөгчдийн холбоо байгуулах гэж байгаа гэж сонслоо. Холбооны үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
Манай холбоо байгуулагдаад удаагүй байна. Бид Оксфорд, Кембрижийн их сургуулиудын Төгсөгчдийн асуудал хариуцсан албанд хандан албан ёсоор бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хамгийн чухал нь нетворкинг буюу хэлхээ холбоо.
Нэг ижил сургууль төгссөн, амьдралынхаа нэгэн үеийг тухайн сургуульд өнгөрөөж байсан, адилхан дурсамжтай хүмүүсийг нэг дор цуглуулаад, уулздаг, цугладаг байх нь зүйтэй юм байна гэсэн бодолтойгоор тус холбоог байгуулсан. Анхны сэдэл нь энэ юм. Сурч байхдаа Монголд манай сургуулийн нийгэмлэг, холбоо байдаггүй юм байна гэж олж мэдээд, хамт сурч байсан залуутайгаа хоёулаа ийм холбоо байгуулъя гэж ярьдаг байсан.
Түүнчлэн манай сургуулийг өмнө нь ямар хүмүүс төгсч байв, тэднийгээ олж уулзъя, нэгдсэн зохион байгуулалтанд оръё гэсэн бодолтой байсан. Тэрний үр дүнд манай холбоо байгуулагдаад анхныхаа уулзалтыг өнгөрсөн долоо хоногт хийлээ.
YOLO: Цаашдын үйл ажиллагаа юу байх вэ?
Бид дөнгөж байгуулагдсан ч гэсэн олон арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Өөр бусад холбоодтой харилцаа холбоо тогтооно. Хамтарсан арга хэмжээ зохион байгуулна.
YOLO: Монголд ер нь Оксфорд, Кембриж төгссөн хэдэн хүн байдаг вэ. Тэд одоо ямар албан тушаал хашиж байгаа бол?
Одоогийн байдлаар Монголд дээрх хоёр сургуулийг төгссөн нийт 33 орчим хүн байна. Геологи, газар зүй, байгаль орчин, боловсрол, банк санхүү, бизнес, гадаад харилцаа гээд олон чиглэлээр суралцсан. Дээрх 33 хүний зарим нь Монголд ажиллаж, амьдарч буй гадаад хүмүүс. Тухайлбал Их Британийн Элчин сайд Катерин Арнолд Кембрижийн их сургуулийг төгссөн. Мөн Оюу-Толгой компанид ажилладаг Оксфордын их сургуулийг төгссөн америк залуу бий.
YOLO: Танай холбооны зүгээс сурах гэсэн оюутан залууст туслалцаа, дэмжлэг үзүүлэх үү?
Монгол хүмүүс бие биендээ туслалгүй яахав. Нэг ч гэсэн Монгол хүүхэд дэлхийн шилдэг сургуульд суралцаасай гэж бодно. Зөвлөгөө өгөх хэмжээнд бол энэ холбоо байсан байгаагүй бид нар бүгдээрээ л тус тусдаа дэмжээд мэдээлэл өгч болно. Хамгийн гол нь оюутнууд маань сургуулийнхаа шалгууруудыг хангачихсан байх ёстой. Тэрнээс цаашаа аргачлалыг нь хэлээд, тайлбарлаад өгөхөд ямар ч асуудалгүй тусална.
YOLO: Таны хувьд Монголдоо сурч байсан, дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн. Тэгэхээр Монголын боловсролын систем, Английн боловсролын систем юугаараа ялгаатай байна гэж та бодож байна вэ?
Оксфорд бол жишээлбэл 1200-аад оны эхээр байгуулагдсан сургууль. Яг хэдэн онд байгуулагдсаныг нь бол тодорхой мэддэггүй юм. Өөрсдөө ч түүхэндээ тодорхой тэмдэглэж чадаагүй байдаг юм билээ. Ямар ч л байсан Оксфорд хотын оршин суугчид, сургуулийнхан нарын хооронд том хэмжээний мөргөлдөөн 1209 онд болсон. Тэндээс зарим эрдэмтэд, багш нар зугтаж Кембрижийн их сургуулийг байгуулсан. Тэгэхээр 1209 оноос лав өмнө энэ сургууль байгуулагдсан байж. Манай Их Монгол улстай чацуу энэ сургууль 800 жилийн турш хүмүүст боловсрол олгоод, боловсролын тогтолцоо, заах арга зүйгээ сайжруулаад явж ирж. Ийм сургууль хүнд яаж эрдэм мэдлэг олгох вэ гэдэг тал дээрээ манайхаас хавьгүй илүү байж таарна. Манай дээд боловсрол бол МУИС байгуулагдсан цагаас хойш буюу 70 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулах боломжгүй.
Гэхдээ одоо бол даяарчлал, мэдээллийн эрин үед дэлхийн шилдэг их сургуулийн сургалтын материал, агуулгыг Монголоосоо олж авах бүрэн боломжтой болсон. Интернет болон бусад арга хэрэгслүүдийг ашиглаад. Боловсрол гэдэг бол тухайн сургуулийн төдийгүй хүн төрөлхтний өмч юм, тиймээс үүнийг бусадтай хуваалцах ёстой гэсэн санаа хүчтэй хөгжиж байгаа. Оксфордын их сургуулийн нэг онцлог нь мэдээллийг шингээх, боловсруулах чадварыг суулгаж өгдөг.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх