Crush-аасаа асууж болох 18 сонирхолтой асуулт


Миау | YOLO.MN
2021-09-29

Хэн нэгнийг crush-лана гэдэг сайхан ч түүнтэй яриа өднө гэдэг эсрэгээрээ байдгийг уншигч та бүхэн сайн мэдэх байх. Түүний талаар цаг наргүй бодол болж, энгийн яриа өрнүүлэх хүртэл амаргүй санагддаг.

Заримдаа яриа өдөж, дотно танилцах гэж байгаад буруу зөрүү зүйл ярьж, эхлээ ч үгүй харилцаагаа дуусгах нь бий. Тэгвэл харилцааны мэргэжилтнүүд crush-тайгаа илүү дотно болоход тань туслах 18 сонирхолтой асуултыг санал болгосныг хүргэж байна.

Энэ асуултууд бол crush чинь ямар хүн бэ гэдгийг таниулж чадах хэмжээний гүнзгий, харилцааг чинь дараагийн шат руу хүргэхэд туслах сонирхолтой, мөн тэр ч бас чамд талтай эсэхийг харуулж чадахуйц хүчтэй байх болно.


1. Амьдралд мөнгө чухал биш байсан бол чи ямар мэргэжилтэй болох байсан бэ? Юу хийж амьдрах байсан бэ?

Энэ асуулт crush чинь чөлөөт цагаа юу хийж өнгөрөөх сонирхолтой, юунд чин сэтгэлээсээ дуртайг хэлж өгнө. Бодоод үз дээ? “Хобби чинь юу вэ?” гэдэг асуулттай утга ижил ч илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлэхээр байгаа биз?

2. Амьдралдаа ямар нэгэн дүрэм зөрчих болбол ямар дүрэм зөрчих байсан бэ?

Дүрэм зөрчих нь мэдээж буруу. Гэхдээ бага зэргийн уран сэтгэмж, төсөөлөл харилцан яриаг илүү сонирхолтой болгодоггүй гэж үү?

3. Чамайг хэн нэгэн барьцааллаа гэж бодъё. Гэхдээ чамайг бүтэн хоёр цагийн турш нэг л зүйлийнхээ тухай яриад байсан болохоор тавиад явуулчхаж гэнэ. Тэр нь юуны тухай байсан бэ?

Хүмүүс өөр лүү нь чиглэсэн асуултад дуртай байдаг. Харин энэ бол түүний сонирхлын талаар мэдэж болох бас нэгэн төрлийн асуулт юм.

4. Нас барахаасаа өмнө заавал очиж үзэх газар?

Аялах нь сэтгэл санааны байдлыг дээрдүүлээд зогсохгүй хувь хүний хувьд хөгжих, өөр соёлтой танилцах зэрэг олон давуу талтай. Тиймээс crush чинь аялагч уу, үгүй юу гэдгийг мэдэхэд энэ асуулт чамд тусална.

5. Амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл өдөр бүр нэг л төрлийн хоол идэх болбол ямар хоол идэх байсан бэ?

Хоол бол хэзээд сайхан сэдэв. Сонирхолтой нь харилцааны мэргэжилтнүүд тухайн хүнд чи таалагдаж байгаа эсэхийг энэ асуулт тодорхойлох боломжтой гэж үзжээ. Тиймээс тэр энэ асуултад сэтгэлээсээ, сонирхолтой байдлаар хариулж байна уу, үл тоомсорлосон маягтайгаар хариулж байна уу гэдгийг сайтар анзаараарай.

6. Хамгийн онцгүй болзоо?

Энэ бол crush чинь хүмүүсийн ямар үйлдэл, хандлагад дургүй вэ гэдгийг мэдэж авах сайхан боломж. Мөн эсрэгээрээ ямар төрлийн хүн сонирхдог талаар ч бас мэдээлэл өгөх болно. 

7. “Celebrity Crush” буюу хайртай алдартан чинь хэн бэ?

Тэр ямар хүнийг өөрт нь төгс зохицно гэж боддог вэ? Энэ асуултын хариултыг авахыг хүсвэл түүнээс хайртай алдартныг нь асуугаарай. Гэхдээ тойруу замаар асуусан нь дээр. Жишээлбэл, "Миний celebrity crush бол BLACKPINK хамтлагийн Jennie, харин чинийх?" гэх мэт. 

8. Хүний ямар үйлдэлд хамгийн дургүй вэ?

Ямар төрлийн хүнд татагддагийг нь мэдсэн учраас ямар төрлийн хүнд дургүй, тэвчиж чаддаггүйг нь ч мөн мэдээд авах хэрэгтэй. 

9. Намайг анх хараад төрсөн сэтгэгдэл?

Тэр чиний талаар ямар бодолтой байдаг бол? Чи энэ талаар бодож байсан л байх. Гэхдээ шууд асуухаас ичээд байвал "Хүмүүс намайг ичимхий гээд байдаг юм. Чамд ямар санагдсан бэ?" гэж асууж болох юм. 

10. Чөлөөт цагаа олон хүн цугласан газар өнгөрөөх дуртай юу, ганцаараа өнгөрөөх дуртай юу?

Crush чинь интроверт үү, экстроверт үү гэдгийг мэдэх нь та хоёр ирээдүйд хэр нийцтэй байхыг таамаглахад ихээхэн тусална. 

11. Амьдралдаа баримталдаг ганц үндсэн зарчим?

Юу ч болж байсан бусадтай сайхан харьцах, бусдад төвөг удахгүй байх, эргээд харахад хийсэн зүйлтэй байх гээд хүн бүр л өөрийн гэсэн зарчимтай амьдардаг байх. Энэ асуулт тийм ч түгээмэл биш болохоор чамайг ингэж асуувал crush-д чинь хөөрхөөөн сэтгэгдэл үлдэх болно оо.

12. Хамгийн том айдас чинь юу вэ?

Аалз, өндөр, харанхуй газар, тэр ч байтугай олон жижиг нүхтэй зүйлээс айдаг байж магадгүй юм. Гэхдээ юу ч гэж хариулсан бай, түүнийг бүү шоолоорой. 

13. Гэр бүлээсээ хэнтэй нь хамгийн ойр байдаг вэ?

Хүмүүс мөн л гэр бүлийнхнийхээ тухай ярих дуртай байдаг. Ээжийгээ яривал түүнтэй өнгөрөөсөн ямар дурсамждаа хамгийн хайртайг нь асуугаарай. Дүүтэйгээ хамгийн дотно гэвэл яагаад гэдгийг нь асуугаарай. Энэ мэт харилцан яриагаа салаалуулан үргэлжлүүлэх боломжтой шүү. 

14. Яг одоо хэн нэгэнтэй харилцаанд ороход бэлэн үү?

Чиний цаг хугацаа ч бас үнэ цэнтэй учраас хэрэв тэр эксээ хараахан мартаагүй байгаа ч юм уу, хэн нэгэнтэй шинээр харилцаа эхлүүлэхэд бэлэн биш байгаа бол сонголтыг нь хүндлээрэй. 

15. Хамгийн сүүлд хэзээ хүнтэй харилцаанд орсон бэ? Энэ харилцаа яагаад өндөрлөсөн бэ?

Ихэнх хүмүүс энэ асуултыг crush-аасаа хэзээ ч битгий асуу гэж зөвлөдөг. Учир нь ингэж асуувал үнэхээр бүдүүлэгт тооцогдоно гэдэг. Гэхдээ харилцааны мэргэжилтнүүд энэ асуулт чамд тухайн хүн хосын харилцааг хэр нухацтай хүлээн авдаг, эксээсээ салаад хэр удаж байгаа хэрэг чухал мэдээллийг өгөх болно гэжээ. 

16. Эксээ мартаж чадсан гэж боддог уу?

Та хоёрын харилцаа нэг шат ахисан бол энэ асуултыг асуугаад үзэхэд буруудахгүй юм. Энэ асуулт тэдэнд "Би үнэхээр эксээ мартаж чадсан юм болов уу, шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн юм болов уу" гэх зэргээр өөрийн дотоод сэтгэл рүү өнгийх боломжийг олгоно.  

17. Тайвшрахыг хүсвэл юу хийдэг вэ?

Хүн бүр өөрийн гэсэн тайвшрах аргатай байдаг. Зарим хүмүүс багахан гэгч нь дуг хийчихэд тайвшраад сэрдэг бол зарим нь дасгал хийж тайвширдаг. Юуны магад, та хоёр адилхан аргаар тайвширдаг байж таарах ч юм билүү? 

18. Мууранд дуртай юу? Нохойд дуртай юу?

Зарим хүмүүс муурыг чин сэтгэлээсээ үзэн яддаг. Гэхдээ муур амьдралын чинь салшгүй нэг хэсэг байхад crush чинь муурыг үздэггүй бол бас л хэцүү байх болов уу? 

Эх сурвалж: Cosmopolitan

#Харилцаа #Зөвлөгөө #Хайр дурлал