Н. Орчлон: Хийж бүтээх насан дээрээ ДУРГҮЙ ЗҮЙЛЭЭ хийнэ гэдэг амаргүй


Д. Мөнх-Эрдэнэ | YOLO.MN
2021-09-23

Өсвөр нас бол долоохон жил үргэлжилдэг ч амьдралдаа гаргах томоохон шийдвэрүүдийн эхний алхмыг хийдэг, амьдралын чухал үеийн нэг билээ. Бид энэ удаа Голланд улсын Гааг хотод Олон Улсын Эрүүгийн Шүүхэд ахлах өмгөөлөгчөөр ажиллангаа “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ийг хөтлөн явуулдаг Н.Орчлонгийн “Миний Хоёр Цент” подкастад өгсөн ярилцлагын тэмдэглэлийг хүргэж байна. Тэрээр өөрийн амьдрал, үзэл бодлынхоо талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.


YOLOАнх яагаад хуульч болох болсон бэ?

- Яг үнэндээ миний хувьд хуульч болно гэж огт бодож байгаагүй. Би Өвөрмонгол руу наймаа хийх гэж яваад гэр бүлийнхээ тал хөрөнгийг залилуулсан түүхтэй. Буцаж хүрч ирээд олон мэргэжлээр элсэлтийн шалгалт өгч үзсэн дээ. Тэгж яваад Дотоод хэргийн их сургуулийн хуульчийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Хуульчаар сурч байх дөрвөн жилд би нэг ч удаа автобусанд мөнгө өгч байгаагүй. Одооны хэллэгээр бол туулайчилдаг байсан юм уу даа. Өдөртөө нэг л хоол иддэг байсан. Эргээд бодоход тэр болгон хүний амьдралд маш их зүйлийг сургасан байдаг юм байна лээ.

YOLOМэргэжлээ буруу сонгосноор хүн юугаа алдаж болох вэ?

- Мэдээж хүн хамгийн түрүүнд цаг хугацаагаараа хохирдог. Ид хийж бүтээх насан дээрээ дургүй зүйлээ хийнэ гэдэг бол асар хэцүү зүйл шүү дээ. Хоёрдугаарт, эцэг эхийнхээ өгсөн мөнгийг зүгээр үрж байна гэсэн үг. Одоо их сургуулиудын төлбөр их өндөр болсон учраас мэргэжлээ сонгохдоо сайн бодож шийдвэр гаргаарай гэж л залуустаа хэлдэг дээ.


YOLOТанд ажлын байран дээр гарсны дараа тохиолдсон хөгжилтэй явдлууд байдаг уу?

- Тийм зүйл зөндөө л тохиолдоно. Би их сургуулиа төгсөөд цагдаагийн газарт сонсогчоор ажиллаж байлаа. Тэр үед би өвлийн хүйтэнд зуны пүүзтэй хүн хөөгөөд явж байсан удаа ч бий. Бас цалин ч бага байсан болохоор өдрийн хоолны мөнгө маань сарын эцэст суутгагдсаар бүх цалин алга болчихно доо.

YOLOАмерикийн тэтгэлэг хэрхэн авсан тухайгаа яриач?

- Би Америкийн Миннесотагийн их сургуульд мастерын зэргээ хамгаалсан. Тухайн үед тэтгэлэг авч байсан сангаасаа эхний жилдээ тэнцээгүй гэсэн хариу авч байсан юм. Тэгээд хоёр дахь жилдээ дахиад очлоо. Тэгсэн намайг шалгаж байсан хүн “Чи өмнө жил тэнцээгүй шүү дээ. Одоо бас тэнцэхгүй бол яах уу?” гэхээр нь “Тэгвэл тэнцэтлээ дахиад л явуулна даа.” гэж хэлж байсан. Инээгээд л өнгөрсөн дөө шалгагч багш маань. Харин удалгүй би тэнцсэн гэх хариуг сонссон.

YOLOАмерикт сурч байхдаа хэрхэн амьдардаг байсан бэ?

- Сардаа надад цайны мөнгө гээд хөөрхөн хэдэн доллар өгдөг байлаа. Тэр мөнгийг би бүгдийг нь Монголд байгаа ээж рүү гээ явуулчихдаг байсан. Бас өдрийн нэг хоол иддэг хэвээрээ л байлаа. Шоу цэнгээнээс холуур амьдарсан даа. Гэхдээ тэгж амьдарсандаа харамсаж байгаагүй ээ.


YOLOZ үеийн залуусаа ямархуу хандлагатай байгаасай гэж боддог вэ?

- Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл гэсэн үг байдаг шүү дээ. Энэ үгийг би арай өөрөөр “Залхуу байна гэдэг бол эмгэнэл” гэж ойлгодог. Залхуу гэж өөрийгөө бодож л байгаа бол тэр хүний амьдрал дууссан гэсэн үг. Ид хийж бүтээх насандаа хүний гар харж сууна гэдэг чинь эмгэнэл юм шүү дээ.

YOLOХүний амьдралд хүрээлэл чухал байдаг. Найз нөхөр гэж таны хувьд чухам юу вэ?

- Хүн найздаа бурууг биш зөвийг санаж явах хэрэгтэй дээ. Муу хүнтэй найзлаад хэрэггүй. Нэгнийгээ буруу зүйлд уриалдаг найзууд бол ян цав таардаг. Хүний сайнтай нь л нөхөрлөж байж зөв явна шүү дээ.

YOLOТаны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

- Ээж минь надад “Орчлон, амьдрал бол тэмцэл юм шүү” гэж хэлдэг байсан юм. Үнэхээр би энэ үгийг нас ахих тусам улам сайн ойлгодог болсон. Хүүхэд байхдаа би тийм ч баян өсөөгүй л дээ. Гэр хороололд өссөн. Сардаа нэг удаа л хамаатныхаа айлд очиж усанд ордог байлаа шүү дээ.


YOLOМанай подкастын уламжлалт асуулт. Та 15 настай өөртэйгөө уулзах боломж олдвол юу гэж захих байсан бэ?

- Одоо хийж байгаа зүйлээ л орхихгүйгээр сайн хийгээрэй. Их юм хэлэхгүй байх. Хэрвээ чи том болоод ийм газар ажиллана, тийм юм хийнэ гээд хэлчихвэл цаадах чинь залхуурчих байх. Тэгэхээр тууштай байгаарай л гэж хэлнэ дээ.

YOLOТа хоббиныхоо тухай яриач?

 -Хүний амьдралд гурван төрлийн хобби байх ёстой. Эхнийх нь, чамайг мөнгөтэй болгодог . Хоёр дахь нь, чамайг эрүүл байлгадаг. Гурав дахь нь, чамайг аз жаргалтай болгодог...

Мөнгөтэй байлгах хобби маань мэдээж миний үндсэн ажил. Эрүүл байлгадаг нь гэвэл би спортдоо сайн биш ч өнжөөд нэг удаа хоёр цагаар төмөр өргөж, дасгал хийдэг. Харин аз жаргалтай болгодог хобби маань үнэртэй ус.

YOLOСайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Би аль болох хүнд урмын үг хэлчих юмсан, жижигхэн зүйлээр ч гэсэн баярлуулах юмсан гэж боддог. Ер нь бол бусдыг хохироож, холгохгүйг л гэж хичээж явдаг даа. Хэрвээ хэн нэгнийг хохироочих л юм бол шөнө ч тайван унтаж чаддагүй. Харин хүн намайг баярлуулбал би буцаагаад заавал хоёр дахин илүү баярлуулдаг.

YOLOОлон улстай харьцуулахад манай улсад хүний эрх, хүйсийн эрх тэгш байдал ямар түвшинд байдаг юм бол?

- Би олон ч ярилцлага дээр хэлж байсан. Саяхан би facebook хуудсандаа “Хэрвээ миний эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байвал ямар ч хүн байсан би цагдаад мэдэгдэнэ” гэж бичсэн. Нөхөр нь эхнэрээ зодсон бол “гар хүрэх” гэж ярьж байна шүү дээ. Гар хүрэх гэж бол шүргээд л өнгөрөхийг хэлнэ. Харин үүнийг зодох, харгислал үйлдэх гэж хэлэх ёстой. 

YOLOТа ЛГБТ+ хүмүүсийг юу гэж боддог вэ?

- Судалгаагаар дэлхийн хүн амын 10 орчим хувь нь бэлгийн чиг баримжаа нь өөр гэж гарсан байдаг. Харин монголд ойролцоогоор 150-300 зуун мянган ЛГБТ+ хүн амьдарч байгаа. Чи хэн нэгнийг бэлгийн чиг баримжаагаар нь гадуурхсан үг хэлж, үйлдэл хийж байхад чиний эргэн тойронд байгаа найз нөхдөөс чинь хэн нэгэнд нь эмзэг тусаж болно гэсэн үг. Би бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг нийгмийг бүтээхийг хүсдэг.

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Ярилцлага #Подкаст #Хуульч