Чийгшил дутагдсан арьсыг арчлах ТАВАН зөвлөгөө


Х. Болормаа | YOLO.MN
2021-09-21

Чийгээ алдсан, таталдсан мэдрэмжийг зогсоож булбарай зөөлөн арьсаа буцааж авчирмаар байна уу? Тэгвэл дараах мэдээлэл танд тун хэрэгтэй байх болно. Арьс хуурайших нь их хотын уур амьсгал, зуны халуун нар, ширүүн салхитай нүүр тулсны дараа биед гардаг түгээмэл үзэгдэл юм. Бид юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

ХЭТ ИХ УСАН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС ЗАЙЛСХИЙХ

Тусгаарлалт, хорио цээрийн дэглэмийн үед бидний өдрийн хуваарьт маш олон өөрчлөлт орж эхэлсэн. Жишээлбэл, шүршүүрт орох тоо нь ихэссэн байж магадгүй л юм. Хэдийгээр халуун шүршүүрт орох нь тайвшруулах тустай ч хэт ихэдвэл эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж болно. Уур болон халуун ус нь арьсны байгалийн хамгаалагч давхаргыг үгүй хийдэгт бүх учир байгаа юм. Тиймээс усны температураа аль болох бүлээн байлгаж, орох давтамжаа багасгаарай. Сонирхуулахад, арьс судлалын эмч нар шүршүүрт орохдоо 10 минутаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг.

Мөн ямар ч үед арьсныхаа ус, тослогийг тэнцвэржүүлэх нь эрүүл арьстай байхын нууц юм. Та хэт их цэвэрлээд, эсвэл огт цэвэрлэхгүй байгаа юм биш биз?

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ, НАЙРЛАГА

Хэтэрхий гоё, хурц үнэртэй нүүрний бүтээгдэхүүн нь арьсанд сөрөг нөлөөтэй байж болно. Тэгэхээр хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг сайтар шалгаж таны арьсанд харшлах зүйл байгаа эсэхэд тун их анхаараарай. Мөн нүүр цэвэрлэгчийн хувьд спирт огт агуулаагүй байх хэрэгтэй. Хүн бүрийн арьсны онцлог өөр учраас юун түрүүнд арьсныхаа бүтцийг мэдэж, тохирсон бүтээгдэхүүнээ худалдан авахыг зөвлөж байна.

ЧИЙГШИЛ, ЧИЙГШИЛ БАС ДАХИН ЧИЙГШИЛ

Цар тахлын үеэр бид ихэнх цагаа дөрвөн хананы дунд өнгөрөөсөн шүү дээ. Харин гадагшаа гарахдаа амны хаалт байнга зүүсэн. Тэгвэл арьс яаж амьсгалах болж байна аа? Ийм үед та агаар чийгшүүлэгч худалдаж авах нь зүйтэй болов уу. Битүү орчин дахь агаарын хуурайшилт арьсны чийгийг тань сорж, түүний байгалийн хамгаалагч бүрхүүлийг алдагдуулдаг байна.

Магадгүй та агаар чийгшүүлэгчээс өөр арга замын тухай бодож байвал тасалгааны ургамал тарихыг зөвлөе. Хөрсийг нь сайтар усалж, навчсыг нь өдөр бүр шүршихээ бүү мартаарай. Тэд зөвхөн хүчилтөрөгч төдийгүй бидний арьсанд шаардлагатай чийгийг ч ялгаруулдаг юм шүү!

ЦАГ АГААРТ АНХААРЛАА ХАНДУУЛААРАЙ

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд аль ч цаг үед арьсаа хамгаалах нь бидний хувьд маш чухал үүрэг. Улирал харгалзахгүй нарны тос түрхэхээ хэзээ ч битгий мартаарай. Бидэн дунд зөвхөн зун л нарны тос түрхдэг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл нарнаас ялгарах хэт ягаан туяа зөвхөн зуны улиралд л хамааралтай гэж үү? Нарны тос ганцхан нарнаас бус бидний эргэн тойронд өдөр бүр ялгарч буй хорт туяа, хийнээс хамгаалдаг юм шүү!

ХООЛЛОЛТ БА АРЬС

Их энгийн сонсогдож болох ч арьсны төлөв байдалд хамгийн чухал нөлөөтэй нь хооллолт юм. Та хангалттай ус уудаг уу? Өдөрт уувал зохих усны хэмжээ нь багадаа найман аяга байдгийг мэдэх үү? Хэрэв та идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг бол үүнээс ч илүү их хэмжээний ус таны биед хэрэгтэй.

Арьсны эрүүл мэнд ба бидний идэж буй зүйл хоёрын хоорондох уялдаа холбоог анхаарч хоолны дэглэмээ нэг эргэцүүлээрэй. Интернетээс ч дэлгэрэнгүй хайлт хийхийг зөвлөж байна. Товчхондоо бид өдөр бүр хангалттай хэмжээний жимс, хүнсний ногоо хэрэглэж биеэ дотроос нь "чийгшүүлэх" хэрэгтэй. Нэмж дурдахад арьсны байгалийн хамгаалагч давхаргыг бэхжүүлэхийн тулд зайлшгүй шаардлагатай тосон хүчлүүдийг өдөр тутмын хэрэглээндээ нэмээрэй. Үүнд “Омега-3 ба 6” буюу загасны тос, самар эсвэл идэвхтэй нэмэлт тэжээлийн тухай ярьж байна.

Дээрх таван зөвлөгөөний дагуу арьсаа хайрлаарай. Амархан байгаа биз?

#Зөвлөгөө #Гоо сайхан #Арьс арчилгаа