ЗАХИДАЛ: Өөрөөсөө дүү хөвгүүнийг сонгох уу, найз охинтой хөвгүүнийг сонгох уу?


ССҮТөв | YOLO.MN
2021-09-20

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өөрөөсөө дүү хөвгүүнийг сонгох уу, найз охинтой хөвгүүнийг сонгох уу?   

Сайн байна уу? Саяхнаас бүх зүйл зөв цэгцтэй болж эхлээд, амьдрал яг л байх ёстой байрандаа орсон юм шиг санагдаж байлаа. Гэвч залгуулаад л асуудал гараад ирчихсэн. Нэг хүүхэд намайг аль эртнээс л үерхье гэж гуйгаад байсан юм. Гэхдээ би сайн шийдэж чадахгүй байсан учраас тэгээд л орхичихсон. Одоо таарахаар мэндлээд, явахад болгоомжтой яваарай гэх мэт чат бичдэг. Энэ байдал удаан үргэлжилсэн болохоор бичихгүй үед нь туниж, бичихээр нь баярладаг болчхож. Нэг асуудал нь тэр надаас дүү бас намхан. Бас дахиад нэг асуудал. Өөр нэг хүүхэд надад сайн гээд найраад үерхэх санал тавьчихсан байгаа. Тэр хүүхэд надтай чацуу. Гэхдээ тэр саяхан найз охинтой болчихсон байсан. Найз охиныхоо хажууд надтай бүр үг ч сольдоггүй хэрнээ найз охин нь байхгүй үед тэврээд, мөр дэрлэж суугаад яриа өддөг. Үнэндээ үерхэх саналынх нь хариуг өгөөгүй байхад өөр хүнтэй үерхчихсэн байсан. Яг аль хөвгүүнтэй нь үерхэх ёстой гэдгээ мэдэхгүй явна. Дүү хөвгүүн эсвэл Найз охинтой хөвгүүн?

ЗӨВЛӨГӨӨ: Чамд үерхэх санал тавьсан учраас ЗААВАЛ зөвшөөрөх ёстой гэсэн үг биш. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Чамайг үерхье гэж гуйсан учраас заавал зөвшөөрөх ёстой гэсэн үг биш юм шүү.

Өөрөөс чинь дүү залуугийн тухайд... Эргэлзэж байгаа болохоор өдийг хүртэл хариугаа хэлээгүй байгаа болов уу? Эсвэл өөр шалтгаан байгаа юу? Хэрэв өөрөө энэ харилцаанд итгэлтэй биш байгаа бол өөрийн бодлыг түүнд хэлэх үү? Учир нь хэн нэгнийг ойлгомжгүй, тодорхойгүй байдалд удаан байлгах нь тийм ч таатай зүйл биш. Тэр хариугаа сонсоод уг харилцаанд цэг тавиад цаашаа яах вэ? гэдгээ шийдэх хэрэгтэй шүү дээ.

Найз охинтой залуугийн тухайд... Найз охинтой буюу өөр харилцааг эхлүүлчихсэн хэрнээ өөрт чинь сэтгэлээ илэрхийлээд байгаа нь хэр зөв үйлдэл шиг санагдаж байгаа вэ? Өөртэй чинь үерхлээ гэхэд тогтвортой харилцаатай байж чадах болов уу? Нэг харилцааг дуусгаагүй байж өөр нэг харилцааг эхлүүлэх гэж оролдоод байгаа нь өөрт чинь таатай санагдаж байна уу? Эдгээр асуултад хариулаарай.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Сургалтын төлбөр маань их өндөр болохоор муу сурах вий гэж айж байна. 

Сайн байна уу? Би 18 настай эмэгтэй. Саяхан ЭЕШ-аа өгч, улсын их сургуульд орсон. Сургалтын төлбөр нь өндөр болохоор хичээл орохоор муу сурах вий гэж айж байна. Би хичээлээ бусадтай ярилцаж цуг бэлддэг төрлийн хүн. Гэвч найзууд маань хувийн өөр сургуульд орсон болохоор ганцаардаад, юмыг удаан хийдэг болохоор сурч чадах болов уу гэж бодогдоод байна. Яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Энэ бүх айдас, түгшүүр бол хэвийн зүйл.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. ЭЕШ-аа амжилттай өгсөнд нь баяр хүргэе. Шинэ орчинд орж, шинэ зүйлийг туршиж, түүнтэй танилцахад хүмүүс тодорхой хэмжээгээр сандарч, их бага хэмжээгээр стрессийг мэдэрдэг. Тиймээс чамд мэдрэгдэж байгаа айдас, түгшүүр нь хэвийн зүйл. Харин энэ үед бусад хүмүүстэй танилцаж, шинэ орчиндоо дасахад туслах үйлдлүүдийг хийгээрэй. Тухайлбал, хамт хичээл үздэг бусад оюутнуудтайгаа танилцаж, өөрийн сурах арга барилдаа тохируулан хичээлээ хийж болно шүү дээ. Хэрэв хичээл нь цахимаар орох бол хамт хичээл үздэг оюутнуудаараа бүлэг үүсгэн видео дуудлага хийх хэлбэрээр багаар ажиллаж хичээлээ хийх боломжтой. Мөн их сургуулийн 1 дүгээр түвшинд чамтай л адил 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд суралцаж байгаа учир сандрах хэрэггүй дээ. Мэдэхгүй зүйлээ бусадтай ярилцаж, ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа асууж, аливаа асуултын хариуг тодорхой болгож байхыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Ангийнхныхаа урд зогсоод юм ярихад л гар чичирч, нүүр улайдаг. 

Сайн байна уу? Энэхүү цахим захиаг уншиж буй хэн нэгэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би одоо 18 настай, эмэгтэй. Энэ жил их сургуульд орж амьдралын нэгэн шинэ алхмыг хийж байгаа минь нэр төрийн хэрэг ч гол асуудал нь миний ичимхий, бүрэг занд байгаа юм. Хүнтэй харьцахдаа сандарч, түгдэрч, ээрч муураад хүний сэтгэлд нэг л тааламжгүй байгаа мэт хааяа эвгүй зүйл мэдрэгддэг. Үүнээс шалтгаалаад шинэ орчин, шинэ хүмүүстэй хэрхэн яаж харьцах вэ? гэдэг том асуудал гарч ирж байгаа юм. Тиймдээ ч олон найз байдаггүйн гол шалтгаан нь хүнтэй харилцах харьцаа муугийнх байх гэж боддог. Дунд сургуульд байхад багш нар эсээ бичүүлж, хичээлийн тухай тайлбар илтгэл гэх зүйлсийг ангийнхандаа уншиж, танилцуулж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлүүлдэг шүү дээ. Тэгэх бүрд миний зүрх хурдан цохилж, үг хэлэхэд үнэхээр хэцүү байдаг. Гар минь хүртэл чичирч ичсэндээ болж нүүр улайдаг. Дотроо "Хүүхдүүд намайг шоолж байгаа байх даа", " Намайг ямар мангар охин бэ?" гэж бодож байгаа байх даа” гэж бодсоор байгаад айдас гэдэг зүйлтэй учирчихсан. Энэ айдастай би яаж нүүр тулах вэ? Би одоо үнэхээр сэтгэл санаагаар уначихсан хүнд нөхцөл байдалд байна. Надад тус болж ямар нэгэн зөвлөгөө өгөөч гэж гуйж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Олны өмнө үг хэлэх нь хүн бүрд тодорхой хэмжээгээр стресс төрүүлдэг.  

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Шинэ орчинд ороод бусад хүнтэй харилцах тал дээр мөн бусдад таагүй сэтгэгдэл төрүүлчих вий гэж айж байгааг чинь ойлголоо. Хүмүүс чиний сандарч, түгдэрч байгааг хараад таагүй санагдсан талаар хэлж байсан уу? Эсвэл энэ асуудлаар чамайг шоглож байсан болов уу? Олон хүний өмнө үг хэлэх нь хүн болгонд тодорхой хэмжээгээр стрессийг мэдрүүлж байдаг. Тиймээс хэн нэгэнтэй яриа эхлүүлэх, эсвэл бэлдсэн сэдвээрээ ярихдаа сандрах нь хэвийн зүйл юм шүү. Хүн бүр аливаа зүйлийг чаддаг, мэддэг болж төрдөггүй шүү дээ. Амьдралын явцдаа, тодорхой хугацаанд өөртөө мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ дадлагажуулах боломжтой байдаг. Тиймээс бага багаар хүмүүстэй ярилцаж, өөрийгөө ойлгуулахыг хичээгээрэй. Мэдээж шинэ орчинд амаргүй байх боловч тууштай хичээл зүтгэл нь үр дүнд хүрэхэд тусална.

Мөн заримдаа бид хэн нэгний бодлыг унших гээд байдаг талтай. Тухайлбал, бусад хүмүүс ямар нэгэн сөрөг зүйл хэлээгүй, илэрхийлээгүй байхад өөрийгөө таагүй байдлаар үнэлэн бусдын бодлыг өмнөөс нь таамаглах гээд байдаг талтай. Гэтэл тухайн хүн энэ талаар юу ч бодоогүй байж болно. Тиймээс бусдын бодлыг таамаглахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв чамд хэцүү санагдвал бусад хүмүүсээс өөрийнхөө ярьсан зүйлийн талаарх санал, сэтгэгдлийг нь сонсож болно шүү дээ. Энэ нь биднийг харилцааны ур чадвараа нэмэгдүүлэхэд нөлөөлж байдаг. Мөн би харилцааны чадваргүй гэж бодолгүй “Би харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа” гэх бодол, хандлагатай байгаарай. Амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: ЭЕШ-аа сайн өгч чадаагүй учраас хүссэн мэргэжлээ сонгож чадаагүй. Одоо сургуулиасаа гарах гэхээр өнгөрсөн хоёр жил сургалтын төлбөрөө төлчихсөн байдаг... 

Сайн байна уу? Өдрийн мэнд. Би одоо 19 настай, 3 дугаар түвшний оюутан. Би ахлах сургуулиа төгсөөд ЭЕШ өгөхдөө тийм ч хангалттай сайн өгч чадаагүй ээ! Тэгээд яг ч сонгосон мэргэжил байхгүй байсан учраас гайгүй гэж бодсон сургууль руугаа таалагдахгүй мэргэжлээ сонгож орсон. Одоо ч тэр мэргэжилдээ жоохон дургүй. Тийм ч учраас сургуулиасаа гаръя гэхээр ээж маань бүхэл бүтэн өнгөрсөн 2 жилийн төлбөр төлчихсөн болохоор надад маш их хүлээлт үүсгэдэг. Учир нь би айлын том болохоор одоо хоёрхон жил шүү дээ! Наад сургуулиа л төгс гэж үргэлж надад хэлдэг. Өнгөрсөн 2 жил сурсан мэдсэн зүйл нэг ч байхгүй. Одоо цаашдаа ч сурч чадахгүй бол сургуулиа яаж төгсөх, төгсөөд ажлын байран дээр яаж гарна гэх мэт маш олон хүндрэлтэй асуудалд өдөр бүр санаа зовсоор сэтгэл түгшилттэй болж байна. Цээж минь үргэлж түгшиж, сандарч, инээхээ ч больж, үргэлж санаа алддаг болсон. Энэ тухайгаа хэнд ч хэлж чадахгүй байна. Бас яаж даван туулах аргаа ч мэдэхгүй. Үнэхээр хийе гэхээр хичээл минь математик талдаа учраас бүр яагаад ч толгой хүрэхгүй байгаад өнөөдөртөө амьдарч чадахгүй үргэлж ирээдүйд санаа зовж суусаар өдөр хоног өнгөрөөд, урсаад байна. Би яг яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөр төлөвлөгөө гаргаад ээжтэйгээ дахин ярилцаарай.  

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Таалагдахгүй байгаа мэргэжлээсээ татгалзаж чадахгүй түгшүүрлэж байгааг чинь ойлголоо. Захидалд ээж нь хоёрхон жил учраас сургуулиа төгсөөрэй гэж хэлсэн гэж бичжээ. Тэгэхээр энэ мэргэжил нь чамд таалагдахгүй байгаа талаар ээждээ хэлж байсан гэсэн үг үү? Хэрэв тийм бол чи ээждээ юу гэж хэлж байсан юм бол? Ээждээ хэлсэн зүйл нь энэ мэргэжил нь чамд таалагдахгүй байгааг бүрэн илэрхийлэх хэмжээний байсан уу? Энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцсан уу? Хэрэв ярилцаагүй бол чиний санааг ээж чинь бүрэн ойлгоогүй байх боломжтой шүү дээ. Бид өөрт тулгараад байгаа асуудлын талаар хэлж илэрхийлэхгүй л бол бусад хүмүүс мэдэх боломжгүй. Тиймээс аль болох ярилцахыг хичээгээрэй. Мөн чамд сурахыг хүссэн өөр чиглэл байгаа юу? Чи ямар мэргэжлээр сурахыг хүсэж байгаа вэ? Хэрэв сурч байгаа сургуулиасаа гарвал цаашдаа юу хийх боломжтой вэ? Хэдийгээр айлын том байх нь тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлдэг боловч энэ нь өөрийнхөө хүссэн мэргэжлийг сонгож дуртай зүйлээ хийхэд саад болохгүй юм шүү. Тиймээс хэрэв одоо суралцаж буй чиглэл нь чамд таалагдахгүй бол өөр төлөвлөгөө гаргаад ээжтэйгээ дахин ярилцаад үзээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Манай аав архичин. Согтохоороо л “Чи миний охин биш” гэдэг.  

Сайн байна уу? Би 15 настай айлын дунд охин. Манай аав архичин. Яг ингэж хэлэх зөв буруу эсэхийг сайн мэдэхгүй ч архи уухаараа үнэхээр хэцүү болчихдог. Манай аав, ээж хоёр өмнө нь хоёулаа амьдрал зохиож байсан мөн хоёулаа хүүхэдтэй. Бусад хосууд шиг хайр сэтгэлээр уулзаж учраагүй л байх. Надад хайрын түүхээ ярьж өгч байгаагүй ээ. Өдий хүртэл их л хичээж амьдарч байгаа ч нэг гэм нь архи уухаараа их агсан болчихдог. Ер нь харилцааны хувьд жоохон тиймхэн хүн л дээ, манай аав. Эрүүл үедээ миний охин, миний охин гэдэг ч согтохоороо "Чи миний охин биш, иймээ тиймээ гээд хараал хэлдэг". Яахав ээж маань согтуу хүний үгийг битгий тоо гэдэг ч "Согтуу хүн сохор ухаантай" гэдэг үгнээс болоод сэтгэл их эмзэглээд байдаг юм. Би хувьдаа аав ээжийнхээ өнгөрсөн амьдралыг хүндлээд, сөхөж ярьдаггүй. Гэхдээ 2 жил гаруйн өмнө аав маань согтуу байхдаа өмнөх эхнэрийнхээ охинтой уулзсан гээд л ярьсан юм. Тэр үед ээж маань орой миний фэйсбүүкээр тэр охин руу чат биччихсэн байсан. Дараа нь хэзээ ч билээ дээ ээж нь над руу чат бичсэн. Хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлээд л бичсэн байсан даа. Тэр үедээ аавд жоохон гомдоод, хэсэгхэн уйлчхаад хэнд нь ч хэлээгүй орхичихсон. Харин дараа нь ээж миний утсаар оролдож байгаад олоод уншчихсан байна лээ. Гэхдээ надад ямар туссан талаар асуулгүй хоорондоо л муудалцаад байсан. Надаас яг ч тэгж асуугаасай гэж хүсээгүй л дээ. Учир нь би надад ямар санагдсан талаар хэлж дөнгөхгүй байсан байх. Аав, хуучин эхнэр хоёр нь шүүх цагдаагаар явж салахдаа их л юм болсон. Жоохон байсан болохоор сайн санадаггүй ч манай гэрийн хаалган дээр шүүхийн зарлан дуудах хуудас наагаад явчихсан, би тэрийг нь хуулах гээд хуулж чадахгүй зөндөө уйлж байснаа л маш сайн санадаг. Би аав ээжтэйгээ хэзээ ч ярилцаж байгаагүй ээ. Бага байхдаа ямар байснаа санадаггүй ч одоо бол дунд ангиасаа хойш ярилцаагүй. Ер нь ярилцахыг ч хүсдэггүй байх, би. Учир нь намайг ойлгодоггүй, надтай ярилцах гэж ч оролддоггүй болохоор дотроо бүхнийг бодсоор байгаад дасчихсан юм шиг байгаа юм. Гэхдээ л бусад хүүхдүүд ээждээ сайн болсон хөвгүүнээ ярьж, ааваараа нууцаар юм авахуулж байгааг харахаар заримдаа гуниглаад байдаг. Тэгээд л зүгээр юм шиг хичээсээр өдийг хүрчээ. Одоо би согтуу хүнээс маш их айдаг болчихсон гэдгээ мэдсэн. Нэрийг минь л чангаар дуудахад зүрх дэлсээд л... Гар салганаж "Одоо яах бол?" гэсэн бодол хамгийн түрүүнд бодогддог. Хэзээнээс ч юм, гэрийнхнийхээ хажууд өөрөөрөө байж чадахаа больчихсон байсан. Үнэндээ өөрөөрөө байх гэдэг нь яг яахыг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн... Ямартай ч хажууд нь байхдаа үг хэлээ дандаа цэгнэж, дотогшоогоо, дуу цөөнтэй, даруухан охины дүрд орчихдог. Аав ээжээсээ "Гадуур гарч болох уу?, надад тийм юм хэрэгтэй байна, би ингэмээр байна тэгмээр байна" гэж хэлж үзээгүй ээ. Яагаад ч юм айгаад байдаг. Гэхдээ л хичээлээ хийгээд хичээгээд, амжилтад хүрнэ ээ гэж боддог. Хичээсээр ч байгаа. Охид том болоод "Аав шигээ л хүнтэй сууж, ээж шиг ээ жаргана даа" гэж боддог бол би "Аав шигээ л хүнтэй сууж ээж шигээ зовохгүй юм шүү" гэж л боддог.

Надад энэ бүхэн хэцүү санагддаг ч гэсэн он жил өнгөрөхийн хэрээр дасдаг бололтой. Ярилцахыг хүссэн ч дотроо бодож, шийдэж чадахгүй зүйл байсан ч өөрөө шийдэх гэж хичээсээр... Миний хүсдэг зүйл гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Уг нь би хичээгээд, ярилцаад байвал болох байх гэж боддог ч би л ганцаараа хичээвэл бүтэхгүй байх гэж бодож байна. Аав ээждээ хэлэлгүйгээр явсаар л байна байх.

Яг ямар асуудлаа ярилцахыг хүссэнээ өөрөө ч сайн мэдэхгүй байгаа. Зүгээр хэлэхийг л хүссэн бололтой. Хичээсээр байгаа гэдгээ, хэцүү зүйлсийг даваад гарч байгаа гэдгээ...

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө юу мэдэрч байгааг тэдэнд илэрхийл. 

Сайн байна уу? Өөрт төрж байгаа мэдрэмжээ илэрхийлж, ямар асуудал тулгарч байгаа талаараа захидал бичсэнд баярлалаа. Өдийг хүртэл чамд хэцүү байсныг бас чамайг хичээсээр байгааг чинь ойлголоо. Сайн байна. Гэр бүлийнхэн нь чамайг ойлгоосой, сонсоосой, чиний юу бодож, юу мэдэрч байгааг мэдээсэй, асууж, анхаарал тавьж байгаасай гэж хүсэж байгааг мөн ойлголоо. Одоогоор хүчтэй байх гэж хичээж, тулгарч байгаа асуудлыг ганцаараа даван туулж чадаж байгаа ч гэсэн заримдаа өөртөө тодорхой хэмжээний амралт өгч, юу мэдэрч байгаагаа анзаарч, өөрийгөө хайрлахад цаг гаргаж байхыг хичээгээрэй. Учир нь хүмүүс үргэлж хүчтэй байж чадахгүй шүү дээ, амралт хэрэгтэй. Тийм болохоор, заримдаа чамд үнэхээр хэцүү санагдвал бусдаас тусламж асууж, бусдын туслалцааг авч байхыг хичээгээрэй. Тухайлбал итгэж болох ойр дотнын найзтайгаа мэдрэмжээ хуваалцах, сэтгэл судлаачтай ярилцах зэргээр бусдын тусламжийг авч болно шүү.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бодол, мэдрэмжийг сонсохгүй, асуухгүй байх нь хүүхдүүдэд анхаарал халамж тавихгүй, өөрийг нь тоохгүй байгаа мэт мэдрэмж төрүүлэх боломжтой байдаг. Гэвч тэдний энэ байдал нь чамд ямар санагдаж байгааг тэд мэдэхгүй ч байж болно шүү дээ. Тийм учраас тэдэнд аль болох хэлж илэрхийлж байвал ямар вэ? Тэд чамтай энэ талаар ярилцаж ч магадгүй, ярилцахгүй байж ч магадгүй. Гэвч чи өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлснээр чамд төрж байгаа бодол, мэдрэмжийг тэд мэдэх боломжтой. Хэдийгээр тэдэнтэй ярилцах гэж ганцаараа хичээх нь амаргүй боловч оролдож үзэхээс нааш мэдэх боломжгүй шүү дээ. Тиймээс өөрийнхөө юу мэдэрч байгаа талаараа тэдэнд илэрхийлж байвал ямар вэ? Чи юу гэж бодож байна? Оролдож үзвэл ямар байх бол? Тэд хэрхэн хүлээж авах бол?

Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter