YSC: Хүүхэд бүр дахин давтагдашгүй: Дээрэлхэлтийг зогсооё!


YSC | YOLO.MN
2021-09-14

Чи бусдад дээрэлхүүлдэг мөртлөө чимээгүй байсаар л байна уу? Эсвэл хэн нэгнийг дээрэлхдэг юм биш биз? Аль эсвэл дээрэлхэлтийн гэрч болсон мөртлөө чимээгүй өнгөрдөг үү? 

Сургуулийн орчинд түгээмэл гардаг хүчирхийлэл бол дээрэлхэлт юм. Энэ нь бусдыг бие махбод, оюун санаа, сэтгэл санааны хувьд хорлох зорилгоор САНААТАЙГААР давтан үйлддэг зан үйлийг хэлнэ. Харин Монгол Улсад өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь бусдадаа дээрэлхүүлдэг гэдгийг мэдэх үү?

Дээрэлхэлт нь зөвхөн зодож, цохих хэлбэрээр илэрдэггүй. Хэн нэгнээс зориудаар нүүр буруулах, харилцахгүй байж ганцаардуулах, мөнгө нэхэх, нууцыг нь задална гэж сүрдүүлэх зэрэг сэтгэл зүйн дарамт учруулж болдог бол бусдыг бие бялдар, гадаад үзэмжээр нь хочлох, доромжлох, цуу үг тараах зэрэг хэл амаар дээрэлхэх тохиолдол байдаг.

Харин сүүлийн үед хуурамч хуудас нээж бусдыг доромжлох, таагүй сэтгэгдэл үлдээх, онцгүй гарсан зургийг нь нийгмийн сүлжээнд тараах зэрэг цахим дээрэлхэлт залуусын дунд түгээмэл болжээ.

Үе тэнгийн дарамт дээрэлхэлтэд дээрэлхүүлэгч, дээрэлхэгч, гэрч гэсэн гурван тал байдаг. Доорх бичлэгээс чи дээрэлхэлт гэж юу болох, түүнтэй хэрхэн тэмцэх, дээрэлхэлийн үйлдэгч болон хохирогчийн сэтгэл санааны байдлыг ойлгож авах болно. 

Хэрэв чи дээрэлхэлтийн гэрч болбол дуугүй өнгөрч болохгүй. Тус үйлдлийн эсрэг зоригтой тэмцдэг, таслан зогсоодог нэгэн байгаарай. Мөн найзуудтайгаа нийлж бусдын талаар муулахгүй, худал цуу үг тараахгүй, бусдыг санаатай гадуурхаж байгаа үйлдэлд оролцохгүй байж тэднийг зогсооход уриалаарай.

Харин эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, тэднийгээ сайн сонсож, ярилцаж, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг туршаарай. 

Багш, нийгмийн ажилтнууд сурагчдаа ялгаварлан гадуурхалгүй тэгш харьцаж, тэднийг сонсоорой.

Хүүхэд бүр ДАХИН ДАВТАГДАШГҮЙ. Гол нь бусдын ялгаатай байдлыг бүх нийтээрээ хүндлэн, хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Дээрэлхэлт бол хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой маш ноцтой асуудал. Үйлдсэн болон хохирсон хоёр талын аль аль нь ирээдүйд хүчирхийлэгч болж төлөвших магадлал өндөр байдаг. Мөн тэдний гэр бүл, найз нөхдөд сэтгэл санааны хохирол болон санхүүгийн дарамт учруулдаг. Улмаар тухайн нийгэм, улс үндэстэнд бүтээмжийн доройтол, эдийн засгийн хохирол авчирдаг байна.

Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал.

#Мэдээ #YSC #Bully #Дээрэлхэлт