ЗАХИДАЛ: Найз залуу маань уурлах бүрдээ хоолойгоор минь боож ГАР ХҮРДЭГ


ССҮТөв | YOLO.MN
2021-09-14

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Аав маань намайг "гомо, эр биеэ үнэлэгч" гэсэн.

Сайн байна уу? Би 16 настай, эрэгтэй. Би сүүлийн 3-4 жилийн турш чөлөөт бөхийн спортоор урдаа тавьсан зорилготойгоор хичээллээд нэг ч амжилт гаргаж чадаагүй. Тиймээс өөртөө гутарч сэтгэлээр унаж байна. Бөхийн секцэд анх орохдоо өөртөө итгэлтэй, маш их хүсэл тэмүүлэлтэй байсан. Харин одоо ямар ч итгэлгүй боллоо. 

Энэ спортоор хичээллэхэд намайг ээжээс минь өөр хүн дэмжээгүй. Ганц ч болов тэмцээнээс медаль аваад ээжийгээ баярлуулахыг хүсдэг. Анх явдаг байсан бэлтгэлээсээ гараад өөр бэлтгэлд ороод арай дээрдсэн ч бас л амжилт гаргасангүй. 

Бас би охин дүүтэйгээ нэг ангид сурдаг. Хичээлдээ очихдоо, хичээлээсээ ирэхдээ байнга л дүү болон эмэгтэй найзтайгаа байдаг учраас хараалын үг хэлдэггүй. Ингээд ээжээсээ бусад бүх хүмүүсээс "охин шиг" гэдэг үгийг сонсдог. Нэг удаа аав маань уучихсан байхдаа намайг "Чи бол гомо, охин, эр биеэ үнэлэгч" гэсэн. Тэр үед их гомдож, зөндөө ч уйлсан. Аав минь намайг ингэж хэлж байгаа юм чинь бусад нь ч аргагүй биз гэж бодсон. 

Би мундаг байхгүй бол хэн ч тоохгүй гээд маш их хичээдэг. Даанч хүссэндээ хүрч чадахгүй байна. Бас өөрөөсөө илүү хүүхдүүдтэй найзлахыг хүсдэг. 

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхчүүд минь ямар ч үед хүүхдүүдээ дэмжиж байхыг хүсэж байна. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ээж нь чамайг дэмжиж байгаад баяртай байна. Өөрийн чинь хичээл зүтгэл зөвхөн медаль авснаар хэмжигдэж, үнэлэгдэхгүй шүү дээ. Чөлөөт бөхдөө гаргаж байгаа цаг минут бүр чинь чиний хичээл зүтгэлийг илэрхийлж байгаа юм шүү. Аливаа спортод гаргах амжилтад бидний сэтгэл хөдлөл их нөлөөлдөг. Сэтгэл санаа таагүй бол барилдаж байх агшинд орон зайн баримжаа алдагдах, эсвэл самбаачлах хугацаагаа шийдэмгий гаргаж чадахгүй байх гэх мэтээр нөлөөлж болдог (энэ зөвхөн жишээ юм шүү). 

Хүн бүрийн онцлогоос хамаараад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдал нь өөр байдаг. Ийм учраас өөрийгөө сайн ажиглаарай. Гомдсон үедээ би ямар үйлдэл гаргаж байна? Шантарсан үедээ би хэрхэн өөрийгөө тайтгаруулдаг юм бол? Би юунаас илүү урам зориг авч байна? Би хэзээ илүү идэвхтэй, эрч хүчтэй байна вэ гэх мэтчилэн өөрийгөө ажиглаж, сонсоорой.

Сэтгэл зүйн байдал тогтвортой байснаар бэлтгэл сургуулилтаа чанартай эхэлж, чанартай дуусгана. Энэхүү хариу захидалд бусдаас хэр илүү байх вэ гэхээс илүүтэй зөвхөн өөртэйгөө ажиллах талаар ярьсан байгаа гэдгийг анхаараарай. Энэхүү спортоор чи өөрөө л хичээллэж байгаа. Алдаа оноо, амжилт, ялагдал бүр чинь чиний хувьд эрхэм зүйл юм шүү. Өөрийн чинь сэтгэл санааг тогтворгүй болгоод байгаа хэн нэгний үг болон тэр хүмүүсийн харилцаанд хэт анхаарал өгөхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь мэдээж амар зүйл биш. Хэдий тийм ч анхаарлаа өөр зүйлд бага багаар хандуулахыг хичээгээрэй. Мөн аавдаа зарим үгс нь чамд таагүй сэтгэгдэл төрүүлж байгааг хэлэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье. 

Эцэг эхчүүд минь ямар ч үед хүүхдүүдээ дэмжиж байхыг хүсэж байна. Хүүхдүүд өөрийн сонирхлоо олох гэж хичээхэд хүртэл тэднээс хүч хөдөлмөр зарцуулагдаж байдаг. Аливаа дугуйлан, спортоор хичээллэхэд цаг зав, хичээл зүтгэл, бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэнд асар чухал тул хүүхдүүддээ шүүмж хэлэхээс илүүтэй юу хэрэгтэй байгаа талаар лавлаж асууж байгаарай. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: "Come out" хийх гэж оролдсон ч гэр бүлийнхэн маань "Эмэгтэй төрсөн бол эмэгтэй чигээрээ л бай" гэдэг.

Сайн байна уу? Би 17 настай, жендер күир. Надад та нараас асуух зүйл олон байна. 

1. Надад миний хэрэгтэй бүх зүйлсийг минь өгсөн, намайг хайрладаг гэр бүл бий. Гэхдээ л тэдний хэлж буй үг, үйлдлүүд заримдаа үнэхээр сэтгэл өвтгөдөг. Би өөрөө өөртөө илэрч буй шинж тэмдгүүдийг ажиглаад интернетээс хайж өөрийгөө зарим нэг сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй гэж бодсон. Нэг удаа сэтгэл судлаач дээр очоод өөрийгөө Cyclothymia буюу Циклотимитай гэдгээ мэдсэн. Гэхдээ л дахиж мэргэжлийн хүн дээр очоогүй тул яг ямар байгааг нь мэдэхгүй.

Мөн гэр бүл маань тиймэрхүү зүйлд итгэдэггүй. Нэг удаа хэлэх гэж оролдоход "Тэгээд бид хоёр сэтгэцийн өвчтэй хүүхэдтэй хэрэг үү?" гэж их л муухай хэлсэн. Түүнээс хойш дахиж дурдаагүй. Зарим өдөр үнэхээр л ямар ч эрч хүч байхгүй, зүгээр л хэвтэж баймаар, уйлмаар, юм цохиж эвдэлмээр байдаг ба тэр үед гэрийнхний маань ярьж хийж байгаа нь бүр их дургүй хүргэдэг. Заримдаа бүр хүн сонсвол айж үргэмээр зүйлс бодож байдаг. Яагаад тиймэрхүү зүйлс бодож байгаагаа ч ойлгодоггүй. Арай ч биеэ барих чадвараа алдталаа хүндэрдэггүй учраас дахиж сөхөхгүйгээр амьдрахаар шийдсэн. Гэхдээ л яг хөдөлсөн үед нь их л хэцүү байдаг. Тэдэнд хэлэхгүйгээр, гэрээсээ явтлаа яг юу хийх зохистой вэ? 

2. Намайг өөрийг минь шийдвэр хийх насанд хүрсэн гэж хэлдэг ч яг үнэндээ тийм зүйл болж байгаа юм алга. Сурахаар сонгосон сургууль, мэргэжлийг минь голж, хийх дуртай зүйлдээ зориулдаг байсан хүсэл сонирхлыг минь унтраачихсан. Тэгсэн мөртлөө өнгөрсөн хойно нь, тэр зүйлээ хаясны дараа дуртай зүйлээ хийхгүй юу даа гэж хэлдэг. Үүний дараа би дахиж тэдний шийдвэрээр явахгүй, өгсөн зөвлөгөөнүүдээс нь хэрэгтэйгээ л авна гэж шийдсэн. Миний энэ сонголт зөв үү? Үгнээс нь зөрөхөөр ачлалгүй, энэрэлгүй гэх мэт үг хааяа чулууддаг. Хийсэн сонголт маань намайг тийм тус мэддэггүй хүүхэд болгож байгаа юм уу? 

3. Гэр бүл маань үргэлж намайг body shame хийдэг. Байнга бусадтай харьцуулдгаа надад урам өгөхөөр, шарыг минь хөдөлгөх гэж хийж байна гэж хэлдэг. Гэхдээ би тийм шартай, хүнтэй өрсөлддөг хүн биш гэдгээ олон ч удаа хэлсэн. Үүнийг минь тоодоггүй. Дээрээс нь битгий гэж гуйж байхад намайг тоглож байна гэж бодоод улам л элдэв нэрээр дууддаг. Үүнийг яг яах хэрэгтэй вэ? 

4. Өөрийнхөө хүйсийн чиг баримжаагаа олж мэдээд бараг 3 жил болж байна. Тэгсэн ч одоог хүртэл хэн нэгэнд come out хийгээгүй. Найз нөхөд маань намайг ямар ч байсан straight мөн cis биш гэдгийг гадарладаг. Харин гэр бүлийнхэн маань юу ч мэдэхгүй.  

Жилийн өмнө хэлэхээ шийдэж ядан, тойруу замаар асууж зөндөө үзсэн. Заримдаа эерэг, заримдаа сөрөг хариу хэлнэ. "Иймэрхүү хүмүүс байдаг л юм гэсэн, гэхдээ яг яаж яваад иймэрхүү болдог байна" эсвэл "Яахав гайгүй хүлээн зөвшөөрч болно гэхдээ нэг л сонин" гэх мэт саармаг хариулт өгнө.  

Мөн өөрийн жендер күир байдлаасаа болж зарим нэг өдөр эр эсвэл эм, заримдаа бүр аль нь ч биш юм шиг санагддаг тохиолдол бий. Бас эрэгтэй хүйс тал руу арай илүү хазайдаг болохоор аль болох сул, эрэгтэйлэг хувцас, хэрэгсэл рүү явдаг. Үүнд маань тэд үнэхээр дургүй. "Анхнаасаа эмэгтэй төрсөн юм бол эмэгтэй чигээрээ л бай", "Бусад охид юу өмсөж, яаж ярьж хөдөлж, юу сонирхож байгааг хар л даа" гэх мэтээр намайг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй хүйс рүү түлхэх гэж оролддог.

Өөрийгөө алинд нь ч хамаардаггүй гэж хэлэх гэж оролдох бүрд муухай хараад өнгөрөөдөг. Өмнө нь нэг хоёр удаа зоригоо чангалаад ярилцах гэхэд болж өгөөгүй, шал өөр зүйл болгож ярьж, өөдөөс лекц тавьж эхлэхээр нь тэднийг мартуулаад өнгөрөөсөн. Ийм байхад come out хийх хэрэг байна уу гэж бодож эхэлсэн. Тиймээс гэрээсээ явтлаа хав дарж нуухаар шийдсэн маань зөв үү? 

Энэ дэлхий дээр миний энэ жижиг асуудлуудаас илүү тусламж хэрэгтэй хүмүүс маш олон байхад миний ийм зүйл бодох нь зүгээр л анхаарлын төлөө хийж байгаа юм болов уу гэж боддог.  

"Өсвөр насныхан иймэрхүү сэтгэл санааны зарим нэг асуудлуудтай байнга л тулгардаг. Гэхдээ тэд зүгээр л байж харагддаг. Яагаад л би ийм сул дорой байгаа юм бол? Яагаад бусад шиг байж болохгүй гэж?" гэх зэрэг асуулт үргэлж толгойд эргэлддэг. 

Ингээд цаг гаргаж миний бичсэнийг уншсанд баярлалаа. Бичсэн чинь бага ч атугай дээрдэж байна. Тэгээд танд болон таны хайртай хүмүүст аз жаргал, энх тайвныг хүсье! 

ЗӨВЛӨГӨӨ: Хайр сэтгэл, хувцас болон өнгөнд хүйс огт хамаагүй.

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Өмнө нь сэтгэл зүйчид хандаж байсан юм байна. Захидлаас уншихад гэр бүлийн гишүүд ойлгоогүй болохоор дахиж очоогүй бололтой. Сэтгэцийн эмгэг гэсэн үгийг нийгэм их эмзэг хүлээж авах хандлагатай байдаг. Гэвч энэ нь нийгмээс өөрийгөө тусгаарлах шаардлагатай гэсэн үг огт биш. Эсрэгээрээ өөрийгөө анхаарах, хайрлах, ойлгох шаардлагатай байна шүү гэсэн дохио юм. Мөн оношилгоо хэдий чухал ч энэ нь гол ач холбогдол өгөх зүйл биш юм.

Одоо байгаа нөхцөл байдлаасаа хэрхэн гарах вэ? Нийгмийн харилцаандаа хэрхэн анхаарах вэ? Хэрхэн сэтгэл хөдлөлөө зохицуулж сурах вэ гэдэг дээр сэтгэл зүйчтэйгээ хамтран ажиллах чухал байдаг. Оношилгоонд хэт анхаарлаа хандуулснаар бусдаас ялгаатай нэгнээр мэдрэх буруу ойлголттой болох гээд байдаг. Ийм учраас сэтгэл зүйчтэйгээ дахин цаг товлож өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсэж байна. 

Нийгэмд бэлгийн чиг хандлагын талаар анхнаасаа ойлголт авч чадаагүй хүмүүс насанд хүрсэн хойноо тухайн мэдээллийг хүлээж авахад хүндрэлтэй байдаг. Энэ байдал тэдний хувьд ихээхэн ойлгомжгүй, хүлээж авахад хүндрэлтэй байгаа нь ажиглагддаг. Учир нь бидний эцэг эх, эмээ өвөө нарт бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг өгөх хүмүүс байгаагүй. Ийм байхад тэднийг буруутгах хэцүү. Бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг бүрэн хүлээж авахад тэдэнд цаг хугацаа хэрэгтэй эсвэл тэд энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно. Гэхдээ шинжлэх ухаан бэлгийн чиг хандлагыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн юм шүү. Хайр сэтгэл, хувцас болон өнгөнд хүйс огт хамаагүй. Хүн бүр тэгш эрхтэй.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Манай найз залуу их сургуульд сурдаггүй учир гэр бүлийнхэн минь түүнд дургүй.

Сайн байна уу? Би 20 настай. Найз залуутайгаа үерхээд нэг жил болж байна. Манай гэр бүлийнхэн бүгд найз залууд минь дургүй. Тэр их сургуульд сурдаггүй учраас өөрийгөө авч явах чадалгүй, ирээдүйд хамт амьдарвал намайг зовооно гэж боддог. 

Тэд бид хоёрыг салгахыг хүсдэг ч манай хүн болно, бүтнэ, салахгүй гэдэг. Хоёр талд хоёр өөр байр суурьтай байх их хэцүү байна. Хүмүүст хэлэхээр дандаа л өөр өөр хариулт сонсдог. Яахаа мэдэхгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Та хоёрын бодол, мэдрэмж чухал.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Эргэн тойрны хүмүүс чинь хосын харилцааны чинь талаар янз бүрийн зөвлөгөө өгч байгаа болохоор яах учраа мэдэхгүй, эргэлзэж байгааг чинь ойлголоо. Мөн чамд тулгараад байгаа асуудал нь найз залуутайгаа харилцаагаа үргэлжлүүлэх эсэх талаарх асуудал уу? Эсвэл гэр бүлийнхэн нь найз залууд нь дургүй байгаа талаарх асуудал уу?

Хэрэв найз залуутайгаа харилцаагаа үргэлжлүүлэх эсэх талаарх асуудал бол чи энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ? Чи найз залуутайгаа хосын харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юу? Мөн энэ харилцаандаа итгэлтэй байгаа юу? Бусад хүмүүсийн бодлыг сонсох нь зөв боловч хосын харилцаа нь зөвхөн найз залуу, та хоёрын дунд явагдаж байгаа зүйл. Тиймээс та хоёрын бодол, мэдрэмж чухал. Тиймээс өөрөөсөө асуугаарай. Чи үнэхээр энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа юу? 

Харин чи найз залуутайгаа харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа боловч гэр бүлийнхэн нь зөвшөөрөхгүй байгаа бол тэдэнтэй энэ талаар тайван ярилцаад үзээрэй. Сургуульд сурдаггүй боловч цаашдаа хэрхэн харилцаагаа үргэлжлүүлж хамт амьдрах талаар өөрийн гэсэн төлөвлөгөө гаргаж ярилцаж болно шүү дээ. Магадгүй гэр бүлийнх нь амьдралын талаарх төлөвлөгөө нь тодорхойгүй байгаагаас болж таагүй хандаж байх боломжтой. Тиймээс найз залуутайгаа ярилцаж ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж харилцаандаа итгэлтэй байгаа гэдгээ гэр бүлийнхэндээ илэрхийлэхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найз залуу маань уурлах бүртээ хүзүүгээр минь боож гар хүрэх болсон.

Сайн байна уу? Би 20 настай. Сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. Би гадаадад сурахыг хүсдэг болохоор их сургуульд сураагүй. Мөн 12-р ангиа төгсдөг жилдээ найз залуутай болсон. Тэр минь надаас нэг насаар ах. Бид хоёр үерхээд гурван жил болох гэж байна. 

Хоёр талын гэр бүлийнхэн маань бидний харилцааг мэднэ. Би хоёр ч удаа жирэмсэн болоод авахуулж байсан. Мэдээж гэр бүлийнхнээсээ нууцаар. Харин одоо найз залуу маань надаас бүхнээ нуудаг болчихлоо. Бид хоёрын харилцаа таагүй болоод байна. Тэр их олон цахим хаягтай. Тэр болгоноороо намайг block хийсэн. Үүнийг нь мэдээд би их гомдсон ч "Чамд хамаагүй, салж болно" гэсэн. 

Би салах гэж үзсэн ч чадахгүй байна. Сүүлийн үед уурлах бүрдээ хоолойгоор минь боож, үснээс зулгааж гар хүрэх болсон. Гэсэн ч би хайртай хэвээрээ. Миний эргэн тойрон, найз нөхдийн хүрээлэл үгүй болсон болохоор сална гэхээс айж байна. Бас би дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй бол яах вэ? Надад туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг хичээгээрэй.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Чамайг тэр хүнд хайртай бас дассан байгааг чинь ойлголоо. Гэхдээ юун түрүүнд чиний хувьд тэр хүн хэн ч байсан, тэр хүний сэтгэл санаа ямар ч байлаа гэсэн чамд гар хүрэх эрхгүй юм шүү. Тиймээс хэн нэгэн чамд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэхийг битгий зөвшөөрөөрэй.  

Салахыг хүсэж байгаа ч салж чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ? Дассан сэтгэл үү? Эсвэл хайртай болохоор уу? Өөр бусад нөлөөлөх хүчин зүйл бий юу? Чи түүнд хайртай байлаа гээд чамайг өвтгөхийг зөвшөөрч болохгүй шүү дээ. Өөртөө хайртай байгаарай.  

Мөн найз залуугаасаа салчихвал ганцаардах вий гэж айж байгааг чинь ойлголоо. Энэ нь чамд хэсэг хугацаанд таагүй мэдрэмж төрүүлэхийг ойлгож байна. Гурван жил хамт байсан хүнээсээ холдох бас хайргүй болох тийм ч амар биш шүү дээ. Гэсэн хэдий ч хэрэв тэр хүн чамд хайртай байхаа больчихсон бол харилцаагаа үргэлжлүүлэхэд хэцүү.

Хосын харилцаа нь хоёр хүний хичээл зүтгэлийн үр дүнд үргэлжилдэг. Харин нэг нь ямар ч сэтгэл гаргахгүй, хичээхгүй бол энэ нь үргэлжлэх боломжгүй. Тиймээс энэ талаар хоорондоо сайтар ярилцахыг хичээгээрэй. Мөн энэ талаар гэр бүлийнхэн эсвэл ойр дотнын хүнтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Ямар ч шийдвэр гаргасан бай нэг шийдвэрээ гаргасан бол түүндээ тууштай байгаарай. Олон эргэж буцах тусам харилцааг улам эргэлзээтэй болгодог талтай. Чамд амжилт хүсье.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун 


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter