Байнгын хар дарсан зүүднээсээ САЛАХАД тань туслах аргууд


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2021-09-03

Зүүд, нэн ялангуяа зүүдээ ойлгох нь олон хүмүүсийн сонирхлыг татдаг сэдэв. Гэсэн хэдий ч хар дарсан зүүдний сөрөг нөлөө сэтгэл санаа болон бие махбодод нөлөөлж эхэлснээр шийдэхэд тийм ч амар асуудал биш болдог.

Ийнхүү хар дарсан зүүднээсээ салахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.

  • ХАР ДАРСАН ЗҮҮДИЙГ ОЙЛГОХ НЬ

Одоогоос 300 жилийн өмнө буюу 1721 онд хэвлэгдэн гарсан “Англи хэлний үгсийн гарал үүслийн толь бичиг”-т хар дарсан зүүдийг “Унтаж байхдаа өөртөө маш их ачаа, дарамт байна гэж мэдрэх өвчин” хэмээн тодорхойлсон байдаг. Ерөнхий утга санаа нь үнэн ч үүнээс хойш хүний тархи болон зүүдний тухай судалгаа шинжилгээний ажил тоо томшгүй их хийгдсэн билээ.

Гэсэн ч хар дарсан зүүд одоо ч сэтгэл судлалын салбарын ширүүхэн маргаануудын нэг хэвээр байна. Психоанализийн эцэг гэгддэг Зигмунд Фрейд зүүдийг “Ухамсраас гүйцэлдүүлэхийг хүссэн ухамсаргүй хүсэл” гэж тодорхойлсон бол К.Г.Юнг “Хүний өөрийн сэтгэлтэйгээ ярилцаж буй ухаангүй хэлбэр” хэмээсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн таамгаар үүнийг бодит ертөнц дээрх юмсад суралцах виртуал орчин гэж үзжээ.

Нийт насанд хүрсэн хүмүүсийн 5-8 хувь нь хар дарах буюу зүүдний асуудалтай байдаг гэсэн судалгаа бий. Мөн Канад улсын Монреаль хотын нойргүйдэлд өртсөн 1,049 хүний дунд хийсэн судалгаагаар нойргүйдэлтэй хүмүүсийн 18.3 хувь нь хар дардаг болох нь тогтоогдсон байна.

  • ЯАГААД?

Тэгвэл бид яагаад хар дардаг юм бол? Эрдэмтэн судлаачид хүн зарим төрлийн эм тариа, мансууруулах бодис хэрэглэх, стрессдэхээс гадна сэтгэлзүйн эмгэгээс болж хар дардаг гэжээ. Жишээлбэл, сэтгэл түгших, сэтгэл гутрах, гэмтлийн дараах сэтгэц хямралын хам шинж зэргээс шалтгаалж болно. PTSD буюу гэмтлийн дараах сэтгэц хямралын хам шинжтэй хүмүүсийн 71-96 хувь нь хар дардаг гэсэн судалгаа ч байх аж.

Мөн өдрийн цагаар бодсон бодол, үзсэн кино, тохиолдсон үйл явдал зэрэг нь нойронд нөлөөлөх өндөр магадлалтай тул сэрүүн байхдаа эерэг зүйл бодож, өөдрөг байх нь хар дарсан зүүдийг даван туулах зам ч байж болох юм.

  • УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Стресс, сэтгэл түгшилт нь өдрийн ч, шөнийн ч амьдралд нөлөөлдөг учир эдгээрээс салах нь хар дарсан зүүднээс салах гол түлхүүр байж болно. Эдгээр хам шинжийн үед биед адреналин, кортизол зэрэг зүрхний цохилт, цусны даралтыг ихэсгэдэг стрессийн даавар ихээр ялгардаг. Харин Тайланд улсын Анагаах ухааны сургуулийн оюутнуудын хийсэн судалгаагаар бясалгал кортизолын түвшнийг бууруулж байгаа нь тогтоогджээ.

Сүүлийн үед ухаалаг утас хэрэглэгчид “Headspace” тэргүүтэй бясалгалын апликэйшнийг ихээр хэрэглэх болсон. “Google” болон “Roche” компанийн 238 ажилтныг найман долоо хоногийн хугацаатай бясалгалын хөтөлбөрт хамруулахад тэдний сэтгэл түгшүүрийн түвшин 31 хувиар буурсан байв.

Мөн 2018 онд хийгдсэн судалгаагаар оюутнууд уг апликэйшний тусламжтайгаар 10 хоногийн дараа гэхэд л стрессийн түвшингээ 12 хувиар бууруулж чаджээ. Цаашлаад 30 хоногийн хугацаанд ашиглахад стрессийн түвшин нь анх байснаас даруй 30 хувиар буурсан байв.

Ийнхүү бясалгал хар дарах асуудлыг шийдэх шийдэл мөн гэдгийг батлах цөөнгүй судалгааны ажлын үр дүн байх тул энэ арга техникийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая.

  • БОДЛОО ЦЭГЦЛЭХ НЬ

Бясалгал нь амьдралын чинь бүх стресс, уур бухимдлыг арилгахгүй ч ядаж л одоогийн нөхцөл байдал, нойрны чанар болоод сэтгэл хөдлөлийг чинь илүү таатай болгох чадалтай. Жишээлэхэд, таагүй зүүд зүүдэлсэн ч түүнийгээ хэтрүүлэн бодож нойроо хулжаалгүйгээр хөнгөн хүлээж авахыг бясалгал бидэнд сургадаг.

Сонирхолтойгоор тайлбарлавал, “Headspace” апликэйшнээс гаргасан “Remembering the Blue Sky” анимэйшнд хүний оюун ухааныг гэгээлэг цэнхэр тэнгэр, харин бодол, мэдрэмж болоод туршлагыг бараан үүлээр илэрхийлдэг. Хэдий гадаа үүлэрхэг байлаа ч цэнхэр тэнгэр байрандаа байж л байдаг. Үүгээр тэд бид өөрийн бодол, мэдрэмж зэргээ хүссэнээрээ “салхилуулж” алга болгох хүчтэй гэдгийг харуулжээ.

Хар дарсан ч зүүд мөн адил. Чи үүнийг даван гарч чадна. Энэ зүүд дуусахгүй биш дуусна. Зүгээр л тавьж явуул. Муу зүүдэндээ ач холбогдол битгий өг гэдгийг бясалгал бидэнд ойлгуулна. Тиймээс мэргэжилтнүүд өдөрт аравхан минут бясалгал хийхэд л сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа хадгалж үлдэх боломжтой гэдэг. Тиймээс хар дарсан зүүдийг олон дахин зүүдлэхгүйн тулд, зүүдэлж сэрснийхээ дараа ухаан бодож хямрахгүйн тулд өдөрт өөртөө аравхан минутыг зориулаарай.

Чи анх удаа бясалгал хийж үзэх гэж байгаа бол дараах бичлэгийг туршаад үзээрэй.

Хийсээр байсан ч тодорхой үр дүн мэдрэгдэхгүй байвал бясалгалын төвүүдэд хандаж болох юм.

Эх сурвалж: Headspace

#Зөвлөгөө #Сэтгэлзүй #Хар дарах