Электрон спортод анхаарал хандуулах цаг нь болсон


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-09-02

2022 оны Ханжоугийн Азийн наадамд E-Sport (Электрон спорт) анх удаа нэрлэгдсэнээр олимпын спортын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болсон.

Олимпын спортын нэгэн төрөл болдоггүй юм гэхэд "Оюун ухааны олимп" хэмээх олимпын салбар наадам бий болж шатар, даам, E-Sport тэргүүтнүүд багтах магадлалтай болоод байна.

Учир нь олимпын спортуудаас ч илүү олон үзэгч, тоглогчтой эдгээр спортод эргэлдэх мөнгө, нэр хүндийн хэмжээ хэдийн дэлхий дахины анхаарлын төвд орсон.

Дэлхийн ихэнх орнууд хүлээн зөвшөөрч, үүнд зориулсан хууль, дүрэм гаргаж зохицуулаад эхэлсэн бөгөөд цагаа зөв зарцуулбал ямар амжилтад хүрч болохыг энэ салбараас төрсөн саятнууд гэрчилнэ.

Зөвхөн компьютер, гар утасны тоглоом гэж боддог байсан зүйлс спорт болтлоо хөгжин цэцэглэж байгаад зарим нь санал нийлдэггүй.

Зарим нь спорт гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгвэл эхлээд спортын талаарх тодорхойлолтуудыг авч үзье.

“Спорт гэж хүний оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг дэмжсэн идэвхтэй үйлдлийг” хэлнэ гэж 2017 оны долоодугаар сарын 6-нд баталсан Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуульд заажээ.

Харин Оксфордын тольд “Спорт гэдэг нь хувь хүн эсвэл баг хамт олноороо хоорондоо өрсөлддөг эсвэл зугаа цэнгэлийн төлөө хийдэг бие бялдрын хүчин чармайлт, ур чадвар шаардсан үйл ажиллагаа юм” гэсэн байна.

Хүн төрөлхтөн шатар буюу хөлөгт тоглоомыг спорт хэмээн үздэг.

1920 онд Олон улсын олимпын хорооноос шатрыг спорт гэж хүлээн зөвшөөрөхдөө дараах тодорхойлолтыг гаргажээ. 

"Шатар нь бие бялдрын хүчин чармайлт шаарддаг. Учир нь оюун санааны ачаалал бие махбодоор илэрдэг"

Шатар хараахан олимпод оролцоогүй ч спорт хэмээн хүлээн зөвшөөрөгддөг юм бол E-Sport ч адил.

Дэлхийн мэргэжилтнүүд оюуны спортыг олимпод оролцуулах эсэх дээр үргэлж маргалддаг. Тиймдээ ч "оюуны олимп" гэх шинэ нэр хүчтэй яригдаж эхэлсэн.

Шатар, электрон спорт хоёр нь бусад уламжлалт спорттой харьцуулахад биеийн хөдөлгөөн бага шаарддаг.

Гэхдээ спортын маш олон шинжийг хадгалдаг. Тухайлбал эдгээр спортоор хичээллэх тамирчид тогтсон цаг хуваарийн дагуу бэлтгэл хийж, хоолны дэглэм барьж, унтах цаг нойроо хүртэл зохицуулдаг.\

Амжилт гаргахын тулд эрүүл бие, саруул ухаан нэн тэргүүнд учир идэж байгаа зүйлдээ ч анхаардаг.

Хөндлөнгийн хүнд дэлгэцэн дээр байлдаж, тулалдаж байгаа дүрс л харагддаг боловч дэлгэцийн ард тамирчид, тэдний арын албаныхан шаргуу хөдөлмөрлөж байдаг.

Ямар ч спортод багш дасгалжуулагчаас эхлээд арын алба, хамт олны хөдөлмөр яригддаг. E-Sport ч адил.

Гэтэл Монголд E-Sport-ыг одоо хүртэл хар тамхи шиг дон хэмээн хардаг хүмүүс олон. Мэдээж хэтрүүлэн хэрэглэсэн юм бүхэн хор болдог.

Тиймээс цагаа зөв зохицуулж чадвал амжилтад хүрэх нэгэн зам ч байж болох юм.

Дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан зохиогдоод олон жил болж буй шинэ салбараа зөвөөр хүлээж авч анхаарал хандуулах нь зүйтэй.

Нэмэлт мэдээлэл:

Олон улсын тоон үзүүлэлтийн байгууллага Statista-гаас гаргасан 2021 оны хагас жилийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч шилдэг 10 E-sportын төрөл нийлээд 48.79 сая ам.долларын (140 тэрбум төгрөг) шагналыг тоглогчдод өгчээ.

2021 оны хагас жилийн байдлаар хамгийн их шагналын сантай тэмцээн зохиосон 10 E-sport /ам.доллараар/:

1. Counter-Strike: Global Offensive - 7.98 сая
2. PlayerUnknown's Battleground - 7.8 сая
3. Fortnite - 6.12 сая
4. PlayerUnknown's Battleground Mobile - 5.97 сая
5. DOTA 2 - 5.42 сая
6. Rainbow Six Siege - 3.63 сая
7. Arena of Valor - 3.33 сая
8. Rocket League - 3.01 сая
9. Call of Duty: Black Ops Cold War - 2.78 сая
10. Valorant - 2.75 сая

Эх сурвалж: Statista, Legalinfo, OxfordDictionary

#E-Sport #Технологи #Цаг үе