YSC: Бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээе! Youth Power x Hovsgol


YSC | YOLO.MN
2021-08-25

Далайн дээрэмчид үнэт эрдэнэсийн эрэлд гардаг. Харин Youth Sustainability Corps (YSC) хөтөлбөрийн оролцогчид мэдлэг чадварын эрэлд гардаг. YSC төслийнхөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгон болон Ханх суманд очиж "SCAVENGER HUNT" буюу ЭРДЭНЭСИЙН ЭРЭЛД хэмээх арга хэмжээг наймдугаар сарын 13-16-ны хооронд зохион байгуулжээ.

Монгол Экологи төвөөс Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж буй YSC хөтөлбөрийн Youth Power x Hovsgol арга хэмжээний хүрээнд Хатгал тосгон, Ханх сумын ЕБС-ийн нийт 50 гаруй сурагчид оролцжээ.

Байгаль орчин, хувь хүний хөгжил, санхүү, инноваци, бие болон сэтгэцийн эрүүл мэнд гэсэн таван гол сэдвийн хүрээнд таван өөр өнгийн өртөө тэмдэглэсэн байна. Цаас дахин боловсруулж сурах, дахин боловсруулах үйлдвэрийн ач холбогдол болон түүний шат дамжлагын талаар нарийн мэдлэг олж авах өртөө бол “Green station” буюу байгаль орчны өртөө.



“Orange station” буюу санхүүгийн өртөөн дээр залуус хуримтлал үүсгэх болон санхүүгийн сахилга баттай холбоотой 50-20-30-ийн дүрмийн талаар мэдэж авч байлаа.

Өөрсдийн зан төлөвийг тодорхойлохоос гадна дөрвөн төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ойлгох, мэдрэх даалгавруудыг хийж гүйцэтгэх өртөөг “Red station” буюу бие болон сэтгэцийн эрүүл мэндийн өртөө гэнэ.

Харин “Purple station” буюу техник технологи, инновацийн өртөөн дээр залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан техник технологийн талаар ярилцаж байв. Гадаад хэл сурах хялбар аргын талаар суралцаж, хөгжөөнт аргаар үг цээжлэх “mnemonic” аргачлалыг Хувь хүний хөгжлийн өртөөнд (Blue station) сурна.

Маш олон эрдэмтдийн судалгаагаар хүний тархи аз жаргалтай байх үедээ ой тогтоолт сайн, сэтгэн бодох ур чадвар нь нэмэгддэг гэж гарсан байдаг. Энэ дагуу “Эрдэнэсийн эрэлд” үйл ажиллагааны үеэр сурагчид мэдлэг чадвар олж авахаас гадна хөгжөөнт даалгавруудыг биелүүлж байв. Жишээ нь нүдийг нь боож байгаад таван өөр амт амтлуулж таалгах, газрын зураг дээрээс заасан уулын нэрийн өндрийг нь тодорхойлох гэх мэт.

Арга хэмжээний төгсгөлд сурагчид өртөөнүүдээс юу сурснаа бусадтайгаа хуваалцаж, халуун яриа өрнүүлсэн төдийгүй Хөвсгөл нуур луу ирж буй аялагчдад хэрхэн орчин тойрноо бохирдуулалгүй аялах талаар заавар хүргэх тал дээр ухаан бодлоо уралдуулсан байна.

Эрдэнэсийн эрэлд гарсан байгальд ээлтэй залуу манлайлагчид ийнхүү нэг өдрийг хамтдаа, хөгжилтэй өнгөрүүллээ. Гэхдээ тэдний аялал дуусах болоогүй...

#Мэдээ #YSC #Хөвсгөл