YSC: Бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээе! YOUTH POWER арга хэмжээ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-08-24

Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх манлайлагчдыг бэлддэг Youth Sustainability Corps хөтөлбөрөөс зохион байгуулж буй “Youth Power” арга хэмжээ наймдугаар сарын 21-нд болж өнгөрлөө. Арга хэмжээнд Ховд аймгийн Манхан сумын ЕБС, нийслэлийн 119, 12, 29 дүгээр сургуулийн 25 сурагч оролцсон. Сурч мэдэх, байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхдүүд нэг дор цугларсан энэхүү арга хэмжээг сурвалжиллаа.

Технологи хурдацтай хөгжихийн хэрээр бид шинжлэх ухаан, материализмд хэт анхаарч байгальд хандах хандлагад ч хүнлэг энэрэнгүй үзэл илрэх нь багассан. Ургамал ногоо, ундны ус, цэвэр агаараар баян байсан тэр үедээ хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн тулд байгалиа сүйтгэсэн юм. Хүн төрөлхтөн олон нийгмийг туулж, ахиц дэвшил гаргаж, олон он жилийг өнгөрөөхдөө байхгүй зүйлийг байлгахын тулд хөдөлмөрлөсөн. Гэвч байгаа зүйлээ байхгүй болгож буйгаа ухаараагүй.

Иймээс Монгол экологи төв байгаа зүйлээ хамгаалж, байхгүй болсныг нь эргүүлэн авч ирэхийн тулд Европын холбооны хамтын санхүүжилтээр Youth Sustainability Corps буюу Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрт Ховдын Манхан, Мөнххайрхан сум, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс сум, Хөвсгөлийн, Хатгал Ханх сум, Улаанбаатар хотын 119, 12, 29 дүгээр сургууль гэсэн есөн сургуулийн 9-12 дугаар ангийн бүх сурагч хамрагддаг.

Цар тахалтай холбоотойгоор хөтөлбөрөө цахим хэлбэрт шилжүүлснээр зорилтот есөн сургуулиас гадна 10 мянга гаруй залууст хүрээд байна. Харин “Youth Power” арга хэмжээнд 25 хүүхэд 5 баг болж багаар ажиллан, зочин илтгэгчдийн амьдралын түүх, туршлагатай танилцаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 

Монгол экологи төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Эрдэнэсувд “YSC хөтөлбөр одоогоор улсын хэмжээнд есөн сургуульд YSC HUB буюу сурагч хөгжлийн танхим тохижуулж өгсөн. Сурагчид уг танхимд төсөл боловсруулж, багаар ажиллан, хамтдаа хөгжих боломжтой. Байгалийн цогцолборт газрын хажууд байрладаг, уул уурхай бага хөгжсөн, алслагдмал аймаг, дүүргийн хүүхдүүдийг оролцуулахыг зорьж, сургуулиудаа сонгосон.

Бид цаашид Монгол улсын бүх ЕБС-д YSC клуб байгуулах зорилготой ажиллаж байна. Хөтөлбөрийн оролцогчдыг цахимаар лекц, сургалтад тогтмол хамруулж, сар бүр аян зохион байгуулж өрсөлдүүлдэг. Эдгээр хүүхдүүд заавал байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй болох албагүй. Харин ямар ч мэргэжил эзэмшсэн байгалиа хайрлаж, эзэмшсэн мэргэжлээ ашиглан байгаль орчиндоо хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлдэг манлайлагчид болох нь чухал юм” гэлээ. 

Биднийг очиход хүүхдүүд таван багт хуваагдаж, багууд байгаль экологи, эдийн засаг, эрүүл мэнд, мэдээлэл технологи, хувь хүний хөгжил гэсэн сэдвээс сугалан, хотод тулгамдаж байгаа асуудлыг ярилцан, шийдэл олж байлаа. Арга хэмжээ дууссан ч олсон шийдлүүдээ амьдрал дээр хэрэгжүүлж, хоорондоо өрсөлдөх нь арга хэмжээг илүү үр дүнтэй болгож байв. Тухайлбал, эрүүл мэнд сэдвийг сонгосон багийнхан 7 хоног бүр ууланд гарах санаачилга дэвшүүлсэн бол хувь хүний хөгжил сэдвийг авсан баг цахим орчинд эерэг зүйлс хуваалцаж, асуулт асуусан хүмүүст зөв зүйтэй хариултыг өгөн, үүнийгээ скрийншот хийж баталгаажуулж байхаар болжээ.

Багийн үйл ажиллагаа

Дугуй ширээ тойрон суух таван баг бүр нэг сонсголын бэрхшээлтэй гишүүнтэй. Гэхдээ тэдэнд ямар нэгэн зааг ялгаа байхгүй. Тэд ярилцаж, инээлдэн, хамтдаа асуудалд шийдэл олж байв. Баг болгонд нэг дохионы хэлмэрч байгаа нь тогтвортой хөгжлийн зорилтууд ширээ тойрон суусан таван бяцхан зүрхнээс эхэлж хэрэгжиж болдгийг харуулна.

Арга хэмжээнд "Deaf club of Mongolia"-н үүсгэн байгуулагч Б.Түвшинжаргал, сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд, хүний эрхийн активист Б.Болорсайхан нар өөрсдийн амьдралын туршлагаас хуваалцаж, хүүхдүүдэд урам зориг өгсөн. Илтгэгчдийн илтгэлийг ч мөн дохионы хэлээр хөрвүүлэн хүргэж байлаа.

“Youth Power” арга хэмжээний илтгэгч Ц.Дэлгэрмэнд

Зочин илтгэгч, сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд арга хэмжээний талаар “Эдгээр хүүхдүүд багаар ажиллан, хотод тулгарч буй асуудлыг өөрсдийн өнцгөөр тодорхойлж, шийдэл олох зэргээр насанд хүрсэн хүмүүсийн хийж чаддаг бүхнийг хийж байна. Иймээс би хүүхдүүдэд өөрийнхөө хүссэн хүн байхын тулд өөртөө үнэнч, тууштай нэгэн байгаарай гэсэн утгатай илтгэл тавилаа. Уг хөтөлбөр бүгдэд ээлтэй, бүгдийг хөгжүүлэх зорилготой гэдэг нь арга хэмжээ дохионы хэлмэрчийн хүрэлцээ сайтай, сайн зохион байгуулалттай байгаагаас шууд ажиглагдаж байна” гэлээ.

Танхимын хойд хэсэгт Сэтгэгдлийн мод болон Аль хэрчимд хэдэн оноо өгөх вэ гэсэн хоёр самбар байрлана. Хүүхдүүд цайны завсарлагаараа пиццаны зүсмэл бүхий “Аль хэрчимд хэдэн оноо өгөх вэ” самбар дээр наалт нааж, арга хэмжээний үйл ажиллагаа бүрд оноо өгч байв. Мөн “Сэтгэгдлийн мод” самбар “Чин сэтгэлээсээ хандаж, тусалж байгаа бүх хүмүүст баярлалаа”, “Залуу хүмүүст тэр бүр олддоггүй мэдээллийг түгээж, бидэнд боломж олгож буй YSC болон Монгол экологи төвийн хамт олонд маш их баярлалаа” гэсэн сэтгэлийн үгсээр дүүрчээ. 

Арга хэмжээний оролцогчид

Арга хэмжээнд оролцохоор 1336 километрийг туулан ирсэн хүүхэд ч байлаа. Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн сурагч Б.Батмэнд “Хөдөө орон нутгийн төлөөлөл болж, энэ арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байна. Хаа байсан Ховдын сургуулийн хүүхэд Улаанбаатар хотын хүүхдүүдтэй найзууд болж, туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж байна. Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд хамтдаа хөгжих боломж олгож байна. Иймд бид ч цаашдаа орон нутаг болон улсаа хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

Харин сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагч Д.Оюунболор “Цар тахалтай холбоотойгоор хоёр жил сургуулийнхаа сурагчидтай уулзаагүй. Өнөөдөр энэ арга хэмжээгээр дамжуулан найзуудтайгаа уулзаж, өөр олон хүүхдүүдтэй танилцаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Мөн нийслэлийн 12 дугаар сургуулийн сурагч Н.Анужин “Баг бүр нэг элч буюу чиглүүлэгчтэй. Элч нараасаа их зүйлсийг сурч, олон найзуудтай болж байна. Найман орны дохионы хэл мэддэг Б. Түвшинжаргал илтгэгчийн илтгэл их таалагдлаа. Нэг дохионы хэлийг бүрэн сурахад 3-4 жилийг зарцуулдаг гэж сонссон. Гэтэл энэ хүн найман дохионы хэл мэддэг гэхээр өөрийн амьдралын маш их хугацааг зарцуулсан байна. Б.Түвшинжаргал илтгэгчээс зорьсон зүйлдээ тууштай байж заавал хүрэх ёстойг ойлгож авлаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. 

YSC хөтөлбөрийн оролцогчид багаараа оноо цуглуулдаг бөгөөд 500 оноо цуглуулсан таван хүүхэд 2023 онд Европын холбооны улсад сурагч солилцоогоор суралцах эрхтэй болох юм. Харин хоёр, гурав, дөрөвдүгээр байранд шалгарсан хүүхдүүд байгалийн цогцолборт газраар аялах юм байна. Мөн 100 оноо цуглуулсан сурагчид хөтөлбөрийн зүгээс зохион байгуулах Монгол улсын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт оролцох боломжтой ажээ. Бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээх хүүхдүүд ийнхүү нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 

#Сурвалжилга #YSC