Сайн дурын ажил хийдэг МОНГОЛ алдартнууд


YOLO.mn | YOLO.MN
2021-08-20

Бид бүгдийн дууг нь шимтэн сонсож, киног нь дурлан үздэг олон алдартнууд чөлөөт цагаараа сайн дурын ажил хийдгийг та нар мэдэх үү? Өөрсдийн цаг зав, мэдлэг, авьяас чадвараа бусдын сайн сайхны төлөө харамгүй зориулдаг есөн монгол алдартныг танилцуулж байна.

1. Б.БАДАМЦЭЦЭГ

“Хэцүү Анги” ОАКиноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танигдсан шүдний эмч, мисс Б.Бадамцэцэг 2017 оноос хойш төрсөн өдрөөрөө бага насны хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг уламжлал тогтоожээ. Энэ жил л гэхэд тэрээр төрсөн өдрөөрөө гурван өөр шүдний эмнэлэгтэй хамтарч 150 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна.

2. Ч.ГАНЖАВХЛАН

Лантуун Дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нь Ид Шидийн Орон, Лантуун Хүү, Гэр Номын Са гэх зэрэг олон төслийг санаачлан хэрэгжүүлж олон мянган хүүхдэд тусалсан билээ. Түүний санаачилсан нийгмийн сайн сайхны төлөөх ажлууд нь олон олон хүмүүст сайн дурын ажилд оролцох, хандив өгөх сэдлийг бий болгосон.

3. Б.БОЛДСАЙХАН

Б.Болдсайхан эмчийн санаачлан хэрэгжүүлсэн Зүрх Мартахгүй төслийн ачаар олон хүүхэд эрүүл саруул өсөн торниж байна. Тус төсөл нь Монголд анх удаа шахуу хүүхдийн зүрхний мэс заслыг танилцуулсан гэхэд буруудахгүй.

4. Г.УНДАРМАА

Жүжигчин Ундармаа 2013 онд Итгэлийн Танхим ТББ-ыг байгуулж таван төсөл хэрэгжүүлсний үр дүнд тусламж нэн шаардлагатай олон эмнэлгүүдэд соёлтой, тав тухтай, эмх цэгцтэй орчин бүрдүүлж чадсан. Үүнээс гадна тэрээр “Хүүхдийн Төлөө Фонд”-ыг дэмжин ажиллаж 43 мянга гаруй ААН, иргэдээс хандив цуглуулж 2 тэрбум 25 сая төгрөгийг ХНХЯ-нд хүлээлгэж өгсөн билээ.

5. Э.УУГАНБАЯР

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн жүжигчин Ууганаа нийгэмд сайн дурын ажил, бусдад туслахын үнэ цэнийг ойлгуулах зорилготой “Тусч Хүү” цуврал нэвтрүүлэг бүтээхэд гар бие оролцож явсан удаатай.

6. Б.БАТТӨР

Ангууч нэрээрээ олонд танигдсан Ододтой Бүжиглэе шоуны ялагч маань есөн дүүгээ ганцаараа өсгөж буй бүсгүйд гурван өрөө байр авч өгөхөд хөрөнгө босгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Мөн тэрээр Ододтой Бүжиглэе шоунаас авсан шагналын мөнгөн дээр хувиасаа мөнгө нэмж Өнөр Бүл хүүхдийн төвд жюү жицүгийн клуб байгуулсан билээ.

7. Б.ОТГОНТУЯА

Хошин урлагт хөл тавин олны танил болсон жүжигчин Отгоо энэ оны эхээр “Сайхан Бүсгүй” Фэйсбүүк группийн гишүүдтэй хамтарч хөрөнгө босгон ГССҮТ-ийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж тохижуулсан байна.

8. Н.БАЯСАА, С.БАТЗОРИГ

Х-Түц продакшны жүжигчид гэдгээрээ танигдсан Баясаа, Зоригоо нар “Өрийн Дэвтэр” нэртэй влогоороо дамжуулан хүнд хэцүү үеийг давж гарах гэж зүдэрч буй айлуудад тусалсан байна. Энэ оны эхэн гэхэд тэд 80 гаруй айлын захын хорооллын ойролцоох дэлгүүрт тавьсан өрийг тэглэж тусалжээ. Тус влогийг дэмжиж олон иргэд мөн хандив өргөсөн байна.

9. Б.БАТБИЛЭГ

Комедиан Батаагийн санаачлан хэрэгжүүлж буй Шамбала-2056 инженерийн суурин байгуулах төсөл нь Монголын говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийн аюулыг даван гарах болон хот дагасан төвлөрлийг багасгахад тус болох юм.

Та ч мөн эдгээр алдартнуудын адил сайн дурын ажилд оролцож, өөртөө болон нийгмийнхээ төлөө үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсвэл https://ivolunteer.mn/ сайтаар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

#Мэдээ #Нийгэм #Сайн