МГТИС оюутнууддаа сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ


YOLO.mn | YOLO.MN
2021-08-20

БШУ-ны Сайдын 2021 оны тушаалаар батлагдсан “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам”-ыг үндэслэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн намрын семестрт бакалаврын нийт оюутнууддаа сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлтийг үзүүлэхээр боллоо. Энэхүү хөнгөлөлтөд бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчид мөн хамрагдана.

МГТИС нь 2021-2022 оны хичээлийн жилд Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер, Мехатроник инженерийн бакалаврын, мөн "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт элсэлт авч байна. Энэ хичээлийн жилд МГТИС-ийн Тэтгэлгийн хорооноос 951 сая төгрөгийн тэтгэлгийг оюутнууддаа олгохоор төлөвлөжээ. Үүнд,

- МГТИС-ийн нэрэмжит тэтгэлэг,

- ХБНГУ-ын талаас DAAD - TNB: ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд семестр солилцооны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг,

- DAAD - Surplace: нэг хичээлийн жилийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд сар бүр 200 евро олгох тэтгэлэг багтаж байгаа юм.

Дашрамд дурдахад, МГТИС нь 2013 онд байгуулагдсан цагаасаа 2020 он хүртэл оюутнууддаа нийт 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий дээрх гурван төрлийн тэтгэлгийг олгоод байна.

МГТИС-ийн Элсэлтийн цахим бүртгэл болон тэтгэлгүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу.

Элсэлтийн цахим бүртгэл: http://www.gmit.edu.mn/registration.html

Утас: 70232090, 70232086

Вэбсайт: www.gmit.edu.mn

#Боловсрол #Сургалтын төлбөр #Хөнгөлөлт