Хамгийн COOL өсвөр үеийн хүүхэд буюу 13 настай ОЛИМПЫН АВАРГА


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-07-27

Чи 13 настайдаа хаана, юу хийж явсан бэ? Ихэнх хүүхдүүд энэ насан дээрээ үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөж, тоглож явдаг бол зарим онцгой нэгэн нь дэлхийд нэрээ цуурайтуулж байна. Тэдний нэг бол Момижи Нишияа /Nishiya Momiji/ - Японы хамгийн залуу олимпын аварга!

Өдгөө ердөө 13 настай Момижи Нишияа (西矢 椛) энэ жил олимпын төрөлд шинээр орсон скейтбордын (skateboard) төрөлд хүч үзэн өрсөлдөж алтан медалийн болзол ханган Япон улсын түүхэн дэх хамгийн залуу олимпын аварга болсон байна. Мөн тэрээр шинэ спортын төрлийн эхний медалийг эх орондоо авчирсан гэдгээрээ онцлог юм.

Энэ жилийн олимпын наадамд скейтбордын төрөл нэмэгдсэн нь дэлхийн өнцөг буланд энэ спортоор хичээллэж буй хүүхэд залууст итгэл найдвар төрүүлсэн билээ. Скейтбордын төрөл нь дотроо эрэгтэй, эмэгтэй ангилалтайгаас гадна парк (park) болон гудамж (street) гэсэн хоёр талбайтай байна.

Гудамж (street skateboarding) гэх нэршилтэй талбайд шат, бариул, хашлага, вандан сандал, хана, налуу замыг яг л гудамжинд байгаа мэт байрлуулсан байх аж. Харин парк (park skateboarding) нэртэй талбайд хэд хэдэн тэгш хэмтэй ба хэмгүй муруй бүхий хөндий зам болон хашаавчуудыг бэлтгэжээ.

Тэшүүрчин бүр бие дааж тоглолт хийх бөгөөд дээрх хоёр талбайн хэсэг бүрийг ашиглан олон төрлийн ур чадвар буюу уран заль мэхийг (trick) харуулах ёстой. Жишээлбэл, парк төрлийн талбайд хөндий хэсгээс муруй хэсэг рүү хурдтай эгц дээшээ үсрэхдээ агаар дээр эргэлт хийх юм уу уран содон хөдөлгөөн үзүүлэх хэрэгтэй.  

Шүүгчид энэ бүрийг шүүхдээ мэхний хүндийн зэрэглэл, үсэрсэн өндөр, хурд, өвөрмөц содон байдал, гүйцэтгэл, хөдөлгөөний найруулга зэрэг хүчин зүйлийг харгалзан үзнэ. Ийнхүү Момижи Нишияа гудамжны төрлөөр 15.26 оноо авч тэргүүн байранд шалгарсан бол нутаг нэгт Фүна Накаяама 14.49 оноогоор гутгаар байранд оржээ. Тэрээр мөн л залуу тамирчин буюу өдгөө 16 настай билээ. 


Үргэлжлүүлэн Япон улсын хамгийн залуу олимпын аваргын тухай товч танилцуулья. 

Момижи Нишияа 2007 оны наймдугаар сарын 30-ны өдөр улсдаа хүн амын тоогоороо гуравдугаарт ордог Осака хотод төржээ. Тун удахгүй 14 нас хүрэх тэрээр энэ жил бага сургуулиа дүүргэсэн байна. Төрсөн ах нь түүнийг энэ спортоор хичээллэх үндсийг нь тавьсан гэдэг. Момижи 11 настайгаасаа хойш олон улсын тэмцээн уралдаануудад оролцож байгаа бөгөөд:

- 2019 оны скейтбордын ДАШТ-д 11-р байр,

- 2021 оны скейтбордын ДАШТ-д 2-р байранд орсон байна. Ерөнхийдөө 2019 оноос зохион байгуулагдсан нийт найман тэмцээнд оролцохдоо үргэлж эхний 15 байранд шалгардаг байжээ. 

Момижи скейтбордын төрлөөр дэлхийд 153-т жагсаж байсан бол энэ том амжилтын дараа түвшин нь чамгүй байраар дээшлэх нь дамжиггүй.

Тэмцээний дүнгээ мэдсэнийхээ дараа тэрээр NHK телевизэд, 

“Би үнэхээр аз жаргалтай байна. Энэ бол ээж аавын минь мөрөөдөл. Олимпод оролцоно гэдэг нь өөрөө мөрөөдөл шүү дээ. Харин би энэ мөрөөдлийг биелүүлсэндээ их баяртай байна. Эхний хоёр оролдлогоо амжилтгүй гүйцэтгэснийхээ дараа ялахаасаа өнгөрчээ гэж бодож байсан. Гэхдээ бусад оролцогчид маань надад урам өгч, дэмжсэн учраас үзээд алдья гэж бодсон” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Харин ердөө 0.77 оноогоор дутаж гутгаар байранд орсон түүний өрсөлдөгч Фүна Накаяама “Момижитой талбай дээр дахиж олон удаа таарна гэж найдаж байна” хэмээж түүнд баяр хүргэсэн байна.

Залуу тамирчдын адал явдалтай, өрсөлдөөнтэй урт аялал ийнхүү амжилттайгаар эхэллээ. Тэднийг олон олон амжилт гаргаасай гэж хүсэхийн зэрэгцээ уншигч залуусаа скейтбордын төрлөөр олимпод оролцоорой хэмээн уриалъя.

Түүний Инстаграм хаягаар зочлох бол ЭНД дараарай. 

Сонирхуулан хэлэхэд, олимпын түүхэн дэх хамгийн залуу аваргын рекордыг АНУ-ын тамирчин асан Маржори Гестрин (Marjorie Gestring) эзэмшдэг бөгөөд тэрээр 13 нас 268 хоногтой байхдаа 1936 оны Берлиний олимпын наадмын эмэгтэй усанд шумбалтын төрөлд тэргүүлж байжээ. Харин Момижи Нишияа скейтбордын гудамжны төрөлд тэргүүн байр эзлэхдээ 13 нас 330 хоногтой байсан байна.

#Мэдээ #Спорт #Skateboard #Олимп