Паркт жижиг хэмжээний амьтны хүрээлэн, төөрдөг байшинг ашиглалтад оруулна


Ш.Мөнхбаяр | YOLO.MN
2021-07-26

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркт 14 тоглоом хэвийн ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссоос тавьж буй зургаагаас доош насны хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шаардлагын дагуу найман тоглоом ажиллахгүй байгаа юм. Ирэх долоо хоногоос жижиг хэмжээний амьтны хүрээлэн, төөрдөг байшинг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Тоглоомын оператор Г.Уянга:

- “Паркийн тоглоом нэг бүрдээ 50 хувийн дүүргэлттэй ажиллаж байна. Ямар тоглоом гэдгээс шалтгаалан хамгийн багадаа хоёроос дөрвөн хүн ажиллаж хяналт тавьдаг. Өнгөрөгч амралтын хоёр өдөр хүн ихтэй байсан ч хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан. Бидний зүгээс амны хаалт зүүсэн эсэхийг хянах, хүн хоорондын зай бариулах, тоглоомын бариулаас барьж аюулгүй байдлаа хангах, хонх дуугарсны дараа тоглоомоос буух, буусны дараа гараа ариутгах зэрэг шаардлагыг үйлчлүүлэгчдэд тавьж байна. Үүдэнд тэдний халууныг шалгаж, тухайн хүний мэдээллийг авч байгаа учраас иргэд тоглоом тус бүр дээр мэдээллээ өгөх шаардлагагүй. Зөвхөн халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлахад л хангалттай.” гэв.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн багц тасалбарын үнэ:

Crazy багц 30,000₮ 12 тоглоом /30 хоног хүчинтэй/
- Super багц 25,000₮ 9 тоглоом
- Cool багц 20,000₮ 7 тоглоом
- Happy багц 15,000₮ 5 тоглоом тус тус тоглох эрхтэй байна.

Багц тасалбар авахгүй тохиолдолд нэгж тоглоомын тасалбарын үнэ дөрвөөс зургаан мянган төгрөгийн хооронд байна. Гэнэтийн хүчин зүйлс нөлөөлөхгүй бол парк аравдугаар сарын 31 хүртэл ажиллах ажээ.

















Гэрэл зургуудыг Г.Өнөболд

#Мэдээ #Соёл #Парк