YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Аав намайг хүчиндэхийг оролдсон
Сайн байна уу. Аав маань намайг жаахан байхаас л архинд дуртай байсан. 7 настайдаа өвөл гэрээсээ дан фудволкатай хөөгдөж үзсэн. Бас шүүх хурал дээр эцгийнхээ хийсэн хэргийн гэрчээр дуудагдаж үзсэн. За ер нь тэр бүхнийг бичнэ гэвэл их юм болно.
8 насны маань төрсөн өдрөөр надад их том бэлэг ирсэн, тэр юу вэ гэвэл, ээж маань ажилтай аав гэртээ үлдэж таарсан. Өдөржин зугаалж байгаад орой гэртээ ирээд унтахаар хэвтсэн. Төд удалгүй аав дахиад л ууж эхэлсэн. Би ч унтчих байлгүй дээ гэж бодоод зурагт үзээд хэвтэж байсан. Гэвч... ААВ НАМАЙГ ХҮЧИНДЭХИИГ ОРОЛДСОН. Ийм зүйлийг ээж мэдээгүй ч гэлээ аавыг загнасан. Төд удалгүй ээж Солонгос, аав Хятад руу явж ажиллах болж би хөдөө эмээгийнхээ гэрлүү явсан. 10 настайдаа наадмаар хотод ирээд л хамаатнуудтайгаа уулзаад л сайхан байсан. Орой болоход аав "Тэр эх чинь хаана байна, тэр муу я**ан чинь яасан чамайг битгий хэл гэсэн үү" гээд анх удаагаа надад гар хүрсэн. Шөнөөр гүйж гүйж эгчийндээ орж ирээд аавыг ажилдаа явтал 14 хоног тэднийд байсан.
Тэгээд 2020 онд ээж Монголд ирээд л би гэдэг хүн өөрийгөө эгчтэй гэдгийг мэдсэн. Эгч маань 22 настай. Би саяхнаас л дахин хотын сургуульд суралцаж эхэллээ. Хөл хорио эхэлтэл бүгд өглөө гараад орой ирдэг байсан. Харин хөл хорио эхэлснээс хойш би бараг өдөрт 100 удаа өөрийнхөө нэрийг сонсдог. Ээж байнга намайг загнаж зэмлэнэ. Хааяа "гэдсэнд байхад нь алдаг байж" гэж хэлдэг. "Гэрээс гарахгүй дуугүй хичээлээ л хийгээч, юундаа мөнгө нэхээд байгаа юм. Тэнэж явж байж жирэмсэн болчхов" гээд л за мэдэхгүй дээ. Үнэхээр миний төрсөн ээж мөн ч юм уу, биш ч юм уу. Эгч намайг үсдээд л, орилоод л үнэхээр аймар. Дурсамжтай үеүдэд нь хамт байгаагүй байж "би чамайг төрүүлсэн, би чамайг хэнээс ч илүү сайн мэднэ" гэдэг. Хамт амьдарсан нэг жилийн хугацаанд надад ганц ч удаа урмын үг хэлээгүй, ганц ч удаа юу хэрэгтэй байна, зүгээр үү гэж асуугаагүй. Саяхан би ангийнхаа охинтой уулзахаар гарсан. Ож ирэхэд намайг ээж алгадсан. Би ээжийн хүүхэд үү? Гэрийн манаач нохой юу?
ЗӨВЛӨГӨӨ: Чи хэлэхгүй л бол чамд ямар хэцүү байгааг бусад хүмүүс мэдэхгүй.
Сайн уу? Юуны өмнө бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар хэцүү байгаа бол төсөөлж байна. Гэрийнхэн нь чамд муухай сэтгэгдэл төрүүлсэнд харамсалтай байна.
Ээж, эгчдээ өөртөө тулгарч байгаа асуудлаа хэлсэн болов уу? Өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцсан уу? Тэдний хэлдэг үгс чамд ямар хэцүү байдгийг хэлэхийг хичээгээрэй. Чи хэлэхгүй л бол чамд ямар хэцүү байгааг бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тайван орчинд мөн сэтгэл зүйн хувьд тайван байх үедээ ээж, эгчтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Надад хэт таагүй үг битгий хэлээрэй, надад маш хэцүү тусаж байна шүү гэдгээ илэрхийлж хэлээрэй. Мөн өөрийгөө ойлгуулахын тулд маш олон удаагийн оролдлого хэрэгтэй байдаг гэдгийг санаарай.
Хэрвээ чамд гар хүрэх, муухай зүйл хийхийг оролдвол өөр бусад том хүмүүсээс тусламж хүсэж болдог юм шүү. Хүүхдийн тусламжийн утас 108 -г сонсож байсан байх, тэ? Мөн хорооны нийгмийн ажилтандаа хандах боломжтой.
Чиний ирээдүйн зорилго юу вэ? Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ? Хүсэл, зорилгодоо илүү төвлөрч хичээлээ сайн хийгээрэй. Сайхан ирээдүй байгаа гэдэгт итгээрэй. Өөрийнхөө ирээдүйг бүтээгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Нэг бол найз залуугаасаа салах эсвэл ээжид насаараа адлуулж амьдрах бололтой.
Сайн байна уу? Би 20 настай. Гурван жилийн өмнөөс 8-14 насны гурван дүүтэйгээ хамт амьдрах болсон. Аав ээж минь олон жилийн өмнө салсан бөгөөд аав маань Солонгост, ээж маань Японд байдаг. Би найз залуутайгаа үерхээд 5 жил гаран болж байна. Хоёр жилийн өмнөөс бид 4 дээр хааяа ирдэг болж аав ээжтэй танилцсан. Энгийн л амьдралтай.
Асуудал нь манай ээж, найз залуу хоёр тэс өөр хүмүүс. Би дүү нартайгаа байдаг болохоор ээжийнхээ хяналтад 100 хувь байдаг. Бүр гадуур гарч хүнтэй уулзах, юм авахдаа хүртэл зөвшөөрөл авдаг. Уг нь намайг сайн хүн болоосой гэж ингэдэг юм шиг санагддаг ч ойрд улам л хэцүү болоод байна.
Яасан бэ гэхээр би одоо их сургуулийн 4-р курс. Ирэх жил төгсөнө. Ээж аав маань бид хоёрыг төгсөөд Солонгос явж ажилла гээд шахаад байгаа юм. Манай найз залуу явах дургүй, намайг ганцаараа яв гэдэг. өөрт нь Монголдоо ажиллаж амьдрах нь дээр санагддаг гэсэн. Харин ээж маань болохоор “үгүй” гэхээр “ухаан муутай, урагшгүй. Та хоёрыг л бодож байна” гээд уурлаад байх юм. Би бүр яах учраа олохгүй байна. Яг үнэндээ би явъя ч гэж бодохгүй, больё ч гэж бодохгүй байна. Дүү нараа бодвол явж ажиллаж, их мөнгө олох хэрэгтэй гэдэг нь үнэн. Гэхдээ тэгвэл үнэндээ найз залуугаасаа салж л дуусах юм шиг байна. Харин үлдвэл ээжид насаараа л адлуулж амьдрах бололтой.
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч шийдвэр гаргасан түүний үр дүнд ирэх хариуцлагыг үүрэх хэрэгтэй болно.
Сайн уу? Өдрийн мэнд. Юун түрүүнд дүү нараа харж хандаж байгааг нь магтмаар байна.
Аливаа шийдвэрийг гаргахдаа гарч болох эрсдэлийг сайн тооцох хэрэгтэй байдаг. Тооцоолсон эрсдэл тохиолдох үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ мөн бодсон байх хэрэгтэй болдог. Ямар ч шийдвэр гаргасан түүний үр дүнд ирэх хариуцлагыг үүрэх хэрэгтэй болно.
Хэрвээ Солонгост ажиллавал заавал найз залуугаасаа салах ёстой юу? Салахгүй байх боломжгүй гэж үү? Нөгөө талдаа ээжтэйгээ Монголд үлдэж ажилласнаар ямар давуу талтай, юу хийж чадахаа хэлж ойлголцвол болох болов уу? Аль ч сонголтыг хийсэн маш сайн ярилцаж төлөвлөх хэрэгтэй. Шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр хандах нь харамсах магадлалыг нэмэгдүүлдэг.
Захидалд хэрвээ явбал найз залуугаасаа сална. Үлдвэл ээжид насаараа адлуулна гэх хэт хоёр туйлыг хараад сэтгэл хөдлөлөөр хандаад байгаа юм шиг санагдлаа. Тиймээс бодит байдлыг тооцоолж шийдэлд төвлөрч ярилцаарай. Ээж нь та хоёрыг явахгүй гэхээр загнах л байх. Загнаж байгааг нь тусгаж авалгүй ярилцахыг хичээгээрэй. Мөн найз залуутайгаа ч мөн адил хэрвээ чи явахаар болбол цаашдын харилцаагаа хэрхэн авч үлдэх талаараа ярилцах эсвэл хамт Монголд ажиллах бол цаашид яах талаараа нээлттэй ярилцаарай. Шийдвэр гаргахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Өөртөө бага ч гэсэн амралт өгч байгаарай. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг
АСУУДАЛ: Бас миний дотор маш олон би байгаа.. Заримдаа нэг ширээ тойрч суугаад бүгдээрээ хурал хийдэг.
Сайн байна уу? Би 17 настай охин. Ар гэр, найз нөхөд, үеэлүүд маань боловсролтой, ухаалаг, аз жаргалтай. Халуун дулаан хүрээлэлтэй би. Гэвч нэг л зүйл буруу байх шиг байна.
Миний зүүд намайг их зовоож байна. Зүүдэн дэх өвдөлт нь жинхэнээсээ өвтгөж, сэтгэл хөдлөл нь хэдэн өдрийн турш мэдрэгдэж, нэг зүүдээ үргэлжлүүлэн цуврал болгож зүүдэлдэг.
Нэг удаа зүүдлэхэд 3 уулын голд амьдардаг байсан зүүдэнд минь маш дотно (амьдрал дээр огт танихгүй) эгчийн маань хот айл хоёр зүүдэлсний дараа ойн дунд болж нүүсэн байсан. Бас ихэнхдээ би ямар нэг зүйлээс зугтах, тулалдах, дүү нараа хамгаалах, төөрөх, уйлмаар зүүд зүүдэлдэг.
Огт мэдэхгүй газар зүүдэндээ хараад хэдэн өдөр өнгөрсөн ч мартагддаггүй. Хачирхалтай нь хэсэг хугацааны дараа тэр газрын хажуугаар зөрж явдаг. Санамсаргүй зүйл үү, тохиолдол уу?
Бас миний дотор маш олон би байгаа.. Заримдаа нэг ширээ тойрч суугаад хурал хийдэг. Би өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг ч алинаар нь байхаа мэддэггүй. Олон удаа өөрийгөө таних гэж оролдсон боловч одоо хүртэл хариултаа олсонгүй.
Хараач, тэр буланд нэг би чичрээд айчихсан сууж байна. Харин тийшээ харвал бас нэг би галзуурсан юм шиг тогтворгүй, үсээ зулгаагаад байна. Өө, тэр над руу би галзуураагүй гэж хашхичлаа. Нэг талд нь бас л нэг би гуниглаад байна. Шалтгаан нь юу юм бол? Гэхдээ энийг бичиж байгаа би тайван, сэтгэл хөдлөлгүй байна. Би жаахан айж байна, яагаад байгаагаа мэдэхгүй байна. Миний дотор байгаа олон “би”-гийн аль нь жинхэнэ юм бэ?
Би яг хэн юм болоо? Бүх хүмүүс ийм байдаг юм болов уу? Төрснөөсөө хойш 17 жил энэ биед амьдарч байгаа болохоор бусад хүмүүс ямар байдгийг ер мэдэхгүй юм. Би зүгээр л юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Надад туслаач...
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн хэт их төсөөллийг багасгах үйлдлүүд хийж аль болох зүүдээ үргэлжлүүлэн бодохгүй байхыг хичээгээрэй.
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Хүн унтаж эхэлмэгцээ гадаад орчны цочролуудыг хүлээн авахгүй хэдий ч ухамсар, оюун ухаан маань сэрүүн үеийнхээсээ 2-3 дахин илүү ачаалалтай ажиллаж байдгийг төрөл бүрийн тархины бичлэг хийдэг төхөөрөмжүүд баталдаг юм. Харин энэ үеэр зүрхний цохилт нэмэгдэж, булчингийн үйл ажиллагаа улам чангардаг. Унтаж амарч байгаа боловч яагаад заавал энэ үеэр хүний оюун ухаан идэвхтэй ажилладаг нууцыг одоогоор хэн ч олж мэдээгүй байгаа.
Зүүдээ үргэлжлүүлэн цуврал болгож зүүдэлдэг гэж байна. Бид зүүдээ ярихдаа уялдаа холбоотой ярих төрөлх хандлагатай байдаг. Мөн зүүднээсээ айж эмээх нь чиний хэт их төсөөлж ургуулан бодож байгаатай холбоотой үр дүн ч байж болно. Өөрийн хэт их төсөөллийг багасгах үйлдлүүд хийж аль болох зүүдээ үргэлжлүүлэн бодохгүй байхыг хичээгээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам
АСУУДАЛ: Ээж бид хоёрын хоорондын зай холдсоор нэг л өдөр танихгүй хүмүүс болох байх.
Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Ээжтэйгээ амьдардаг. 10 насны зөрүүтэй эгчтэй. Саяхан хойд аавтай болсон. Асуудал гэвэл надтай хэн ч дотор минь юу болж байгаа талаар ярилцахгүй байна. Ээж хүртэл намайг ойлгохгүй байна. Угаасаа л ойлгодоггүй байсан юм байна дөө... Ээжийн жаргалтай байна уу? Асуудалтай байна уу? Надад хамаагүй.
Бие биенийгээ ойлгоё гэж боддоггүй болохоор ярилцдаггүй. Ярилцдаггүй болохоор хайрладаггүй.
Том болох тусам бидний хоорондох зай холдсоор л. Нэг өдөр танихгүй хүмүүс болох байх.
ЗӨВЛӨГӨӨ: Ээжтэйгээ нээлттэй ярилцах алхмыг чи өөрөө хийгээд үзээрэй.
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас ээждээ гомдсон юм шиг санагдлаа. Гомдох нь бусдыг биш харин өөрийгөө зовоодог таагүй мэдрэмж. Харилцаа хөндийрөөд байгаа шалтгаан юу вэ? Ээжтэйгээ нээлттэй ярилцах алхмыг чи өөрөө хийгээд үзээрэй. Харилцаагаа сайжруулахын тулд нэг нь эхлээд үйлдэл хийх хэрэгтэй шүү дээ.
Өөрт төрж буй мэдрэмжээ үгээрээ зөв илэрхийлэхийг хичээгээрэй. Байнга гомдол хэлэх нь асуудлыг шийдэхгүй. Жишээ нь та намайг ойлгодоггүй гэж гомдлоод л байвал ээж нь учраа олохгүй байж мэднэ. Тиймээс юу чамд таагүй санагдаад байгаа вэ? Тэрийг яаж шийдэх вэ? Чиний зүгээс юу хийж болох вэ? Ээжийнх нь зүгээс мөн юу хийж болох вэ гэх мэт шийдэлд төвлөрч ярилцахыг хичээгээрэй. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам
АСУУДАЛ: Хүнд туслах тусам туслах албатай юм шиг харьцаад байх юм.
Сайн байна уу? Би одоо 15 настай. Айлын хэнз хүүхэд болохоор ер нь эрх танхи өссөн. Энэ нь намайг хүүхдэрхүү болгосон гэх юм уу даа. Бусад хүүхдүүд намайг жоохноороо, хүүхдээрээ гэж их хэлнэ. Ингээд л бусад хүүхдүүдтэй нийтэч болохын тулд өөрийгөө өөрчилж, дуугүй дотогшоо байсан хүн чинь олон хүнтэй найз боллоо. Гэхдээ итгэсэн хүүхдүүд маань намайг муулж, миний хувийн асуудлыг хамаагүй ярьж, өмссөн зүүсэн хувцсыг маань муухай байна гэх зэргээр намайг өөртөө итгэх итгэлгүй болгочихсон. Тэгээд ч болоогүй намайг гомдоож бусдад итгэх итгэлийг маань ч бас хугалчихсан. Эдгээр нь надад их хүнд тусаж байна.
Хүнд туслах тусам хэцүү болоод байна. Би хүнд аль чадахаараа туслахыг хичээдэг. Эцэг эх маань намайг хүнд туслахад ихээхэн дэмждэг. Гэхдээ хүнд туслах тусам туслах албатай юм шиг надтай харьцаад байх юм. Баярлалаа ч гэж хэлэхгүй мөртлөө туслахгүй бол муу муухайгаар хэлнэ. Сайхан сэтгэлтэй, тусч баймаар байгаа ч ингээд байх нь надад их хэцүү хааяадаа амиа боддог хүн болмоор санагдаад байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чамайг чин сэтгэлээсээ хайрлах нэгэн байхад ашиглах нэгэн нь ч бий.
Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Найзууд нь чиний итгэлийг алдаж чамайг гомдоосонд харамсалтай байна. Мэдээж чи хүүхэд л юм чинь хүүхэд зантай байх нь чухал шүү дээ. Цаг хугацааны явцад хүссэн хүсээгүй том хүн болох л болно. Хүүхэд байх ганцхан насандаа хүүхдээрээ байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй гэж хүсэж байна.
Амьдралд маш олон төрлийн ааш зантай хүмүүс байдаг. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах нэгэн байхад ашиглах нэгэн нь ч бий. Тиймээс эдгээр хүмүүс чамтай хэрхэн харилцах вэ гэдэг тэнцвэртэй байдлыг чи л тогтооно. Заримдаа үгүй гэж хэлдэг байх, бусадтай эелдэг найрсаг харилцдаг ч өөрийн гэсэн зарчим, үзэл бодолдоо үнэнч байх, өөртөө хайртай байх гэх мэт нь тэр тэнцвэрийг бий болгодог. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байна гээд бусдын бодлыг үл хүндэтгэнэ гэсэн үг биш шүү. Өөртөө хайртай байна гэдэг мөн л хувиа хичээнэ гэсэн үг биш. Харин чи ч чухал, тэр хүн ч чухал. Чи бусадтай эн тэнцүү хүн гэдгээр нь хайрлах хэрэгтэй гэсэн үг юм.
Мөн бусдад тусална гэдэг бол үнэхээр сайн чанар. Бусдад туслах нь чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Чамд амжилт хүсье.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх