Балгасан л бол БҮҮ ЖОЛООД!


А. Мишээл | YOLO.MN
2021-07-13

- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Архи согтууруулах ундаа нь автомашин жолоодож буй хүний оюун ухаан, жолоодох ур чадвар, самбаачлах хугацаа, оюун санаанд шууд нөлөөлдөг учраас согтолт их байх тусам эрсдэл нь өндөр байдаг байна. Нэг цайны халбага буюу 5 мл согтууруулах ундааны зүйл нь баримжаалах чадварыг 25-35 хувиар бууруулдаг гэж үздэг. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодоход жолооч

- хурд хэтрүүлэх,
- гэрэл дохио болон өөдөөс ирэх саадыг анзаарахгүй, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх,
- анхаарал төвлөрөхгүй байх зэргээр өөрийгөө хянах чадварт муугаар нөлөөлж зам тээврийн ноцтой осол гарах үндэс болдог байна. 

Улсын хэмжээнд 2020 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын 97,4 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол бүртгэгдсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ гаргасан осол 1103 байна гэж Монгол Улс дахь Зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэлд бичжээ. Мөн явган зорчигч замын хөдөлгөөнд оролцож өртөж хохирсон осол 174 гарсан байна.

Өнгөрсөн онд онхолдох хэлбэрээр зам тээврийн 1007 осол гарсан бөгөөд эдгээр нь согтуугаар жолоодох, хурд хэтрүүлэх, мотоциклоор хөдөлгөөнд оролцсоноос болсон байна. Тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас орон нутагт 152 хүн, нийслэлд 11 хүн амиа алдсан байна. 

Монгол Улсад 2020 онд гарсан зам тээврийн осол буурсан ч согтуугаар үйлдсэн зам тээврийн ослын гаралт 12,8 хувиар өссөн байна.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 26696 зөрчил илрүүлж учирч болох хор уршгаас урьдчилан сэргийсэн байна. Үүнээс

- 39,2 хувь нь нийслэлд,
- 60,8 хувь нь орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцсон зөрчил байна.

Согтуугаар үйлдэгдсэн ослын улмаас 112 хүн амиа алдаж, 203 хүн гэмтэж бэртжээ. Мөн иргэн, ААН-д 1 тэрбум 643,3 сая төгрөгийн хохирол учирсан байна. ТАНД ЭНЭ ТООГ ТЭГ БОЛГОХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ!

БАЛГАСАН Л БОЛ БҮҮ ЖОЛООД!

- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

#Мэдээ #АюулгүйАзЖаргалтай #Toyota