Монголын Рубикчид улсын дээд амжилтыг 19 удаа эвджээ


Үжин | YOLO.MN
2016-10-06

Хятадын нийслэл Бээжин хотод рубик шооны Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж, 1000 тамирчид оролцлоо. Энэ тэмцээнд Монгол улсаас есөн тамирчин бие даан оролцжээ.

Mongol Cube клубийн тамирчид болох Б.Есүхэй, Ө.Мягмардорж, С.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэмандах, О.Оргил, А.Алтанбагана, Б.Отгонбаяр, М.Баярт, Х.Наранхун нар анх удаа олон улсын тэмцээнд оролцсон нь энэ юм.

Дэлхийн шооны холбоонд бүртгэлгүй гэдгээрээ онцлог бөгөөд их туршлага хуримтлуулжээ. Манай тамирчид нийт 9 төрөлд өрсөлдсөнөөс Mongol Cube клубийн ахлагч Б.Есүхэй 2х2 төрлийн төгсгөлийн шатанд үлдэж, 13 дугаарт байрт орсон аж.

Хэдийгээр олон улсын тэмцээнд өөр амжилт гаргаагүй ч, дээрх тамирчид давхардсан тоогоор улсын дээд амжилтыг 19 удаа эвдэж, шинэчлэн тогтоожээ. Тэмцээнд анхлан оролцож буй тамирчид Дэлхийн шооны холбоонд бүртгэлгүй байдаг бөгөөд Б.Есүхэй нийт тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн тул тусгай шагнал хүртсэн аж.

Анх 2012 онд Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, У.Төгөлдөр нар БНХАУ-ын Шеньжень хотод зохиогдсон тэмцээнд оролцож энэхүү спортын эхлэлийг тавьж, улсын анхны дээд амжилтыг тогтоож байжээ. Харин 2014 онд Токио хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Э.Золбоо, аавынхаа хамт улсаа төлөөлөн оролцож байсан юм.

Л.Эрэлхэгбаатар

#sport #rubic #freetime