Сэтгэцийн эмч, сэтгэлзүйч нарын амьдралыг бодитоор харуулсан ШИЛДЭГ таван цуврал


Аливаа мэргэжлийн онцлогийг харуулсан кинонуудыг танилцуулдаг цуврал нийтлэлийнхээ төгсгөлийн дугаарт сэтгэцийн эмч, сэтгэлзүйч нарын тухай бүтээлүүдийг санал болгож байна. Сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийн адил маш чухал асуудал гэдгийг дараах цувралуудаас хүлээн авч үзээрэй.

СЭТГЭЦИЙН ЭМЧ БА СЭТГЭЛЗҮЙЧИЙН ЯЛГАА

Сэтгэцийн эмч: Сэтгэцийн өөрчлөлтийн шинж байдал, үе шатыг оношлохын тулд өвчтөний мэдээллийг шинжилж дүгнэх ба үзлэг шинжилгээний дүнг задлан шинжилдэг. Мөн оюун ухааны, сэтгэлзүйн болон зан төлөвийн гажуудлыг эмчлэхийн тулд сэтгэц мэдрэлийн эмчилгээ буюу эмийг бичиж эмчилгээг удирдаж хийлгэнэ.

Сэтгэлзүйч: Эрүүл болон сэтгэцийн өвчлөлд хүрэхэд ойрхон болсон хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгөх бөгөөд тэдгээр хүмүүст тулгарч буй  хүндрэл бэрхшээл, стресс, сэтгэл санааны хямрал гэх мэт олон асуудлыг нь шийдвэрлэхэд тусалдаг. 

МОНГОЛ УЛСАД:

Манай оронд энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг цөөнгүй сургууль байдгаас дурдвал,

  • Монгол Улсын Их Сургууль
  • Монгод Улсын Боловсролын Их Сургууль
  • Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  • Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль
  • Дотоод Хэргийн Их Сургууль
  • Отгонтэнгэр Их Сургууль

Үргэлжлүүлэн уг мэргэжлийн онцлог, амьдралыг өгүүлэх Өмнөд Солонгосын шилдэг таван цувралыг танилцуулж байна.

KILL ME, HEAL ME (2015)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Баян гэр бүлийн өв залгамжлагч Cha Do Hyun нь сэтгэц хуваагдах эмгэгтэй бөгөөд түүнд долоон өөр хүний зан араншин илэрдэг. Тэрээр энэхүү өвчнийг даван туулж, хянаж сурахын тулд сэтгэцийн эмчид хандсанаар киноны үйл явдал өрнөх юм.

Онцлох эшлэл: “Айдас гэдэг бидний төсөөллөөс улбаатай. Өнгөрсөнтэйгөө нүүр тул. Хэдийн болоод дуусчихсан өнгөрсөн үеийнхээ тухай төсөөлөлгүй ирээдүйг төсөөл”

IT’S OKAY, THAT’S LOVE (2014)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Хэтрүүлэн бодох эмгэгтэй, алдартай номын зохиолч болон бага насны дурсамжаасаа үүдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг жигшдэг болчихсон сэтгэцийн эмч хоёрын хайрын түүхийг үзээрэй. Тэд эдгээр асуудлаа хэрхэн давж гарсан бол?

Онцлох эшлэл: “Хүн бүрд л сэтгэлийн шарх авах зүйл тохиолдсон байдаг. Гэхдээ бүгд л юу ч болоогүй мэт жүжиглэдэг”

SKY CASTLE (2019)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Хэдийгээр энэхүү бүтээлд дээрх хоёр мэргэжлийн тухай өгүүлэхгүй ч өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэндийн тухай харуулдаг. Тодруулбал, уг цувралд өөрсдийн хүүхдүүдээ хамгийн сайн нь байх ёстой хэмээн үздэг баян гэрийн эзэгтэй нарын өрсөлдөөн гарах юм.

Онцлох эшлэл: “Хүүхдүүд бол чиний дутуу дулимаг байгаагийн чинь төлөө ашиглах эд хэрэглэл биш. Уурыг чинь гаргах элстэй цүнх бүр ч биш”

SOUL MECHANIC (2020)

Ангийн тоо: 32

Ерөнхий үйл явдал: Хөгжилтэй яриа, хошин зангаараа өвчтөнүүдээ эмчилдэг эмч Lee Shi Joon болон сэтгэлзүйн асуудалтай хөгжимчин бүсгүй хоёрын адал явдал өрнөх болно.

Онцлох эшлэл: “Бусдын шаналлыг харж чаддаг хүн өөрөө илүү их зовж байдаг”

IT’S OKAY TO NOT BE OKAY

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Сэтгэцийн эмнэлгийн сувилагч Moon Gang Tae бол аутизмтай ахтайгаа хамт амьдардаг эгэл жирийн залуу. Гэтэл нэгэн өдөр түүний амьдралд алдартай үлгэрийн зохиолч Ko Moon Young гарч ирснээр тэдний амьдрал орвонгоороо эргэдэг.

Онцлох эшлэл: “Хэрвээ эргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргалтай болгомоор байвал чи өөрөө эхлээд аз жаргалаа олох хэрэгтэй”

Энэхүү цуврал нийтлэлүүд маань уншигч танд тус болсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд “Сэтгэлийн анагаагч” болох замналд тань амжилт хүсье!

#Кино урлаг #К-Драма #Сэтгэлзүйч