“Асуудлаас гарахыг хүсвэл ХЭН НЭГЭНТЭЙ ЯРИЛЦАЖ сэтгэл санаагаа хуваалцах хэрэгтэй”


Сондор | YOLO.MN
2016-10-05

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би их хаалттай хүн болохоор надад хэцүү гэж хэн нэгэнд гомдоллож чаддаггүй

Сайн уу би зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 20 настай би маш олон зүйлийг тэвчиж ирсэн...Гэхдээ хааяа тэвчээр минь бүр алдагдаж хэнийг ч хамаагүй цохиод авмаар санагддаг... Үүнээс болж маш их сэтгэл гутралд ордог. 

Тэгээд л бөөн ууртай хүн аашаа гэрийнхэндээ гаргаж чаддаггүй болохоор бухимдсаар байтал хумсаа мэрээд дуусдаг надад үнэхээр хэцүү байдаг. Би их хаалттай хүн болохоор надад хэцүү гэж хэн нэгэнд гомдоллож чаддаггүй,  би яах ёстой вэ? туслаач.

 

ЗӨВЛӨГӨӨ: Тэгэхээр тэвчих гэдэг нь асуудлаас гарах арга ердөөсөө биш

Иймээс гутралд орсон хүн нойргүйтэж эсвэл хэт унтаж, сульдаж, өвдөлтийг хүчтэй мэдэрдэг. Гутрал нь цусан дахь стрессний гормон болох кортизол, адреналины хэмжээг ихэсгэдэг.


Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүнд:
1. Эерэг сэтгэл хөдлөл
2. Сөрөг сэтгэл хөдлөл гэж байдаг.

Эерэг сэтгэл хөдлөл гэж баяр хөөр, хайр гэх мэт. Сөрөг сэтгэл хөдлөл гэж уур бухимдал, гуниг, айдас гэх мэт. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлөө удаан хугацаагаар гадагшлуулахгүй явах нь бие махбодид сөргөөр нөлөөлдөг. Таны нойрны тэнцвэрт байдлыг алдагдуулж өвдөлтийг ихэсгэдэг. Хэт их гунигласнаас болж тархин дахь сэротониний хэмжээ багасдаг. Серотонин нь хүний өвдөлтийг багасгаж, сэтгэл санааг дээшлүүлж, нойр болон унтах үйл ажиллагааг зохицуулагч бодис юм.

Иймээс гутралд орсон хүн нойргүйтэж эсвэл хэт унтаж, сульдаж, өвдөлтийг хүчтэй мэдэрдэг. Гутрал нь цусан дахь стрессний гормон болох кортизол, адреналины хэмжээг ихэсгэдэг. Эдгээр гормон нь хэт ихэссэнээр зүрх, судас болон ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж дархлааг муутгадаг. Иймээс гутралд орсон хүмүүст ядарч сульдах, толгой өвдөх, амархан өвчин тусах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Удаан хугацааны гутрал нь цусны даралтыг ихэсгэж зүрхний өвчин тусах магадлалыг улам нэмэгдүүлдэг байна.

Тэгэхээр тэвчих гэдэг нь асуудлаас гарах арга ердөөсөө биш. Үүний оронд та хэн нэгэнтэй ярилцах, сэтгэл санаагаа хуваалцах, асуудлыг шийдвэрлэх боломжуудыг эрж хайх хэрэгтэй.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#family #ЭцэгЭх #teenagers #problem