Цагдаа, мөрдөгчдийн амьдралыг бодитоор харуулсан ШИЛДЭГ таван цуврал


Бид өмнөх нийтлэлдээ гэмт хэрэгтнийг яллаж, өмгөөлдөг мэргэжлүүд болох прокурор, хуульчдын тухай киног танилцуулсан. Тэгвэл энэ удаа тэдгээр хэрэгтнийг барьж, гэм буруутайг нь нотолдог цагдаа, мөрдөгчийн талаар өгүүлэх Өмнөд Солонгосын шилдэг таван цувралыг онцолж байна.

Уншигч та дээрх мэргэжлийг сонгосон эсвэл сонгохоор судалж байгаа бол дараах таван бүтээлийг заавал үзээрэй.

ЦАГДААГИЙН ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Цагдаагийн алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.

МӨРДӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Мөрдөгч y, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан юм. Тэд нотлох баримт цуглуулж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шүүхэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр бэлтгэдэг.

МОНГОЛ УЛСАД...

Цагдаа, мөрдөгчийн мэргэжлээр манай улсад хоёр сургууль боловсон хүчин бэлтгэдэг. Тэдгээр нь:

- Дотоод Хэргийн Их Сургууль

- Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль

Нэгэн таатай мэдээ дуулгахад Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шинжээч мөрдөгч”, “Цагдаа-урьдчилан сэргийлэх ажил”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эдийн засгийн мөрдөгч” зэрэг хоёр жилийн хөтөлбөрт элсүүлж, мэргэшүүлэн сургадаг аж. Тэгэхээр хүссэн мэргэжлээрээ сурч амжсангүй гэхийн оронд танд одоо ч боломж байгаа гэдгийг санаарай.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Үргэлжлүүлэн шилдэг таван цувралтайгаа танилцъя.

1. TUNNEL (2017)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Мөрдөгч Park Gwang Ho цуврал алуурчны араас хөөж яваад нэгэн хонгил руу орно. Гэвч тэр гэмт хэрэгтнийг барьж чаддаггүй бөгөөд хонгилын нөгөө талд түүнийг 1986 он бус 2017 оны амьдрал угтаж авдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөгч өөрийн амьдарч байсан цаг хугацаанаас 30 жилийн дараах ертөнцөд ирж цуврал алуурчныг олох шаардлагатай болно.

Үзэх шалтгаан: Цаг хугацааны шилжилт болон жихүүдэс хүрэм гэмт хэргүүдийг үзэхийн зэрэгцээ цувралын мөрдөгчидтэй хамтран хэргийн нууцыг тайлах боломжтой.

2. TELL ME WHAT YOU SAW (2020)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Цагтаа шилдэгт тооцогддог хэргийн газрын шинжээч байсан Oh Hyun Jae сүйт бүсгүйгээ алуурчны гарт харамсалтайгаар алдана. Тэрхүү явдлаас хойш Hyun Jae ахиж хэзээ ч хэрэг мөрдөөгүй бөгөөд зөвхөн алуурчныг барихын тулд амьдралаа зориулдаг. Нэгэн өдөр харсан бүхнээ тогтоох чадвартай Cha Soo Young хэмээх цагдаагийн ажилтантай уулзсанаар киноны гол үйл явдал өрнөнө.

Үзэх шалтгаан: Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт буй эд зүйлсээс нэгийг ч үлдээлгүй шинжилж, хэргийн үйл явцыг тодорхойлох чадвартай хүн бол шинжээч. Тэгвэл та уг цувралаас харснаа хэзээ ч мартдаггүй цагдаагийн ажилтан болон чадварлаг шинжээчийн хамтралыг үзэх юм.

3. VOICE 1,2,3

Ангийн тоо: 1-р бүлэг 16, 2-р бүлэг 12, 3-р бүлэг 16

Ерөнхий үйл явдал: Яаралтай дуудлагын ажилтан Kang бол нарийн чимээг ч сонсох чадвартай нэгэн. Гэвч түүний чадвар аавыг нь хөнөөсөн алуурчныг олоход хангалтгүй байсан тул тэрээр тусгай мэргэжлийн сургуульд сурч, сонсох чадвараа илүү сайн хөгжүүлээд эргэн ирдэг. Ийнхүү Kwon Joo цувралын бүлэг бүр дээр өөрийн өвөрмөц чадвараа ашиглан гэмт хэрэгтний араас хөөнө.

Үзэх шалтгаан: Та уг цувралаас нэг секундын үнэ цэн болон багийн ажиллагааны ач холбогдлыг ойлгох болно. Сонирхуулан хэлэхэд тус киноны дөрөвдүгээр бүлэг энэ сарын 18-нд үзэгчдийн хүртээл болох юм.

4. CRIMINAL MINDS (2017)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Өндөр түвшинд бэлтгэгдсэн мөрдөгчид гэмт хэрэгтнийг хэрхэн барьж буй тухай үйл явдал гарах болно.

Үзэх шалтгаан: Америкийн ижил нэрт телевизийн цувралын солонгос хувилбар гэдгээрээ онцлогтой.

5. MOUSE (2021)

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Цагдаагийн ажилтан Jung Ba Reum бол бусдад үргэлж тусалж явдаг нэгэн. Харин мөрдөгч Go Moo Chi нь бага байхдаа цуврал алуурчны гарт эцэг эхээ алдсан бөгөөд үүнээс болж мөрдөгч болохоор шийдсэн билээ.

Та уг цувралаас юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ойлгох болно.

Үзэх шалтгаан: Үйл явдлын гэнэтийн эргэлтүүд таныг нэг хором ч уйдаахгүй бөгөөд психопат алуурчны тухай өгүүлдгээрээ онцлогтой.

Уншигч та цагдаа эсвэл мөрдөгч болохоор шийдсэн бол дээрх таван цуврал танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд нийгмийнхээ аврагч болох замналд тань амжилт хүсье!

#Кино урлаг #Мэргэжил #Цагдаа