ЗАХИДАЛ: Манай ээж найз залууд маань үнэхээр ДУРГҮЙ


ССҮТөв | YOLO.MN
2021-06-17

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Шинэ хүмүүстэй харилцаа тогтоохоос зайлсхийдэг

Сайн байна уу? Би 21 настай, эмэгтэй, оюутан. Би өөрийнхөө гадаад төрх болон бодол санаандаа итгэл муутай учраас үргэлж бусдын бодлоос эмээж, шинэ хүмүүстэй харилцаа тогтоохоос зайлсхийдэг. Танихгүй хүмүүсийн дунд түгшиж, тавгүй мэдрэмж авдаг. Тэр хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол? Би ямар харагдаж байгаа бол? Би ингээд хэлчихвэл намайг тэнэг гэж бодох болов уу гэх бодлуудад дарагдаж тухгүйтдэг. 

Цахим орчинд ч ялгаагүй. Өөрийнхөө энэ түгшилтийг засахын тулд сэтгэл судлалын ном уншиж подкаст сонсож байна. Өөрийнхөө эргэн тойрныг бага багаар хүлээн зөвшөөрч, хүмүүстэй нээлттэй байхыг хичээнэ гэж бодох болсон. Бас хэтэрхий гутранги, сэтгэл хөдлөл ихтэй болохоор жижигхэн асуудал гарч ирэхэд л амьдрал маань ингээд дуусчихлаа гээд хүлээн зөвшөөрдөг. 

Өөрийнхөө хүссэн мэргэжлээр сурахгүй байгаа минь ямар нэгэн зүйлээс урам авч чадахгүй, сурах хүсэлгүй болгодог. Ихэнхдээ "Би яагаад өөрийнхөө амьдралыг, залуу насыг хүний хүслээр өнгөрөөгөөд байгаа юм бэ?" гэж боддог. Эцэг эх маань миний хүссэн зүйлийг өөрсдийнхөөрөө тулгаж, маргаан гаргадаг. Өөрийгөө илэрхийлэх гэж хичээхэд минь өөрсдийнх нь бие, өөрсдийнх нь амьдрал юм шиг хуучинсаг бодлоо тулгаад "чиний төлөө л ингэж байна" гэдэг. Миний бодлоор хүн амьдралдаа өөрөө алдаа гаргаж, тэрнээсээ өөрөө суралцаж байж ухаардаг. Ухаарлын үнэ цэн нь амьдрал гэх зүйлийг мэдрэх гэж боддог. 

Одоо бол аль болох хурдхан шиг тусдаа гарахыг хүсэж байна. Гэхдээ тэдэнгүйгээр юу ч хийж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэх ч биш, байх ч биш, яахаа мэдэхгүй болчихлоо. Бас өөрийнхөө хийх дуртай зүйлээ олж чадахгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Харилцаа бол хөгжүүлж болдог чадвар

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлж, тулгарч байгаа асуудлуудаа хүлээн зөвшөөрөхөөс гадна шийдэх арга зам эрэлхийлж байгаа чинь мундаг байна. Харилцаа бол чадвар. Туршлагатай байх тусам чадвар маань тэр хэмжээгээрээ хөгжсөн байдаг. Бид туршлага бий болох үйл явцад алддаг. Энэ бол хэвийн зүйл. Хичээсэн ч өөрийн хүссэн хэмжээнд шууд хүрэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Тиймээс хичээгээд байхад чадахгүй байна гэж өөрийгөө хэт шүүмжлэх хэрэггүй.

Бусдын өмнөөс бодох нь бодлын алдаа юм. Өөрөөр алдаатай бодох хэв маяг гэсэн үг. Үүнийг ч бас өөрчлөх боломжтой. Бусад хүмүүстэй харилцах үедээ тэдний өмнөөс өөрийгөө шүүмжлэхгүй байх, бусдын бодлыг тааж уншихгүй байх, өөрийн үзэл бодлоо бага багаар зоригтойгоор илэрхийлэхийг хичээгээрэй. Чи дотроо өөрийнхөө тухай, өөрийгөө ямар харагдаж байгаа тухай бодож байгаатай адил бусдын толгойд ч мөн адил ихэнх бодол нь тухайн хүний өөрийнх талаар байдаг. Тиймээс дандаа чамайг бодоод л чиний тухай эргэцүүлээд байхгүй гэсэн үг юм.

Мөн асуудлуудыг нэг дор шийдэх гэж хичээх нь хэцүү, болохгүй байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх эрсдэлтэй. Тиймээс бүх асуудлаа бичиж тэмдэглээд чухал болон яаралтай ажлыг ангилаад асуудлаа нэг нэгээр нь шийдэхийг хичээгээрэй. Зарим зүйлсийг шийдэхэд бидний хичээл зүтгэлээс гадна цаг хугацаа шаардагддаг гэдгийг анхаараарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Манай ангийн гайгүй гэсэн болгон нь шилжих боллоо

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Одоо ахлах ангид орно. Манай ангийн найзууд, сайн сурдаг сурагчид гээд гайгүй гэсэн болгон нь шилжих боллоо. Ахлах ангиа дурсамжтай өнгөрөөмөөр байгаа ч дандаа л таалагддаггүй хүүхдүүдтэйгээ нэг ангид сурах болох нь. 

Төлбөртэй, илүү сайн сургууль руу шилжмээр байгаа ч манай гэр бүлийнхэн санхүүгийн бололцоогүй байгаа юм. Өөрөө сайн сураад хичээж байгаад төгсмөөр байгаа ч энэ янзаараа сургуульд явах хүсэлгүй болох юм шиг санагдаж байна. Шинэ сургууль, шинэ найз хэрэгтэй байна. Өөрөөр амьдарч эхэлмээр байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхээ ойлгохыг хичээгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Сургуулийн хүрээлэлд ойр дотнын найзууд ихээхэн чухал байр суурийг эзэлдэг. Дэргэд нь байхад тайван, жаргалтай мэдрэмж авдаг хүмүүсээсээ холдох хэцүү бөгөөд таатай мэдрэмж авахгүй нь үнэн. Одоо үүсээд байгаа асуудлуудаа шийдэхийн тулд өөрөөс чинь юу хамаарах боломжтой вэ гэдгийг бодоорой.

Нас биед хүрээгүй учир эцэг эхээсээ бүрэн хамааралтай байгаа тул сургуулиа шилжүүлэх эсэхээ тэдний шийдвэрээр л шийдэх боломжтой. Одоогоор эцэг эхийн чинь боломж тааруу байгаа бол хэчнээн өөрөө хүссэн ч шилжих боломжгүй шүү дээ. Эцэг эхээ ойлгохыг хичээгээрэй. Одоогийн нөхцөл байдлаа тэдэнд хэлж ойлгуулаарай. Сургуулиас шилжүүлэх боломжгүй ч нэмэлт давтлага авах боломжийн талаар ч асуусан ч болно.

Найз нөхдийн хувьд нэг ангид сурах боломжгүй болсон ч харилцаа холбоотой байх тал дээр анхаарах боломжтой шүү дээ. Өөрийгөө хэт хохирогчийн дүрд оруулж бодохгүй байхыг хичээгээрэй. Ахлах ангид орж байгаа тул мэргэжил сонголт, элсэлтийн шалгалтад бэлдэх гэх мэт олон чухал сонголтод анхаарал хандуулах шаардлага гарна. Иймээс дургүй хүүхдүүдтэй хамт нэг ангид сурах гэсэн бодолд анхаарлаа төвлөрүүлэхээс илүүтэй өөрийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлээрэй. Өөрөө ангийнхаа хүүхдүүдтэй үүрд хамт байхгүй шүү дээ. Ирээдүйд шинэ хүрээлэл, шинэ найз нөхөрлөл өөрийг чинь хүлээж байгаа гэдгийг ойлгоорой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Гоо сайхны хагалгаа хийлгэхэд л болно гэдэг

Сайн байна уу? Би 15 настай. Өсвөр нас эхэлснээс хойш өөрийнхөө бүх зүйлийг голох болсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа түүнтэйгээ эвлэрч хайрлахыг хичээдэг. Гэхдээ төдийгөөс өдийг хүртэл хэзээ ч эвлэрч үзээгүй зүйл бол хамар маань. Хэсэг тоохоо больсон ч хэсэг хугацааны дараа хэзээ ч голж байгаагүйгээрээ голж уйлдаг.

Энэ тухайгаа гэр бүлийнхэндээ, найз нартай хэлсэн боловч том болоод гоо сайхны хагалгаа хийлгэхэд л болно гэдэг. Энэ нь намайг дордуулна уу гэхээс дээрдүүлдэггүй. Ядаж байхад миний хамар нэг нь арай дээр нэг нь арай доор хоёр өөр хэлбэртэй. Заримдаа ядаж ижилхэн хэлбэртэй байхгүй дээ гэж боддог. Өөртэйгөө эвлэрээд амьдармаар байгаа боловч бас ийм хамартай амьдармааргүй байна. Би яг яах хэрэгтэй вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө гоочиллоо гээд хэн ч чамайг урамшуулахгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн гадаад үзэмжид сэтгэл хангалуун бус байдаг бол дараах зөвлөгөөг хүргэж байна:

1. Бусдад хэлээгүй бол тэд анзаарахгүй. Судалгаагаар, би хэн нэгэнд гадаад үзэмжийнхээ сэтгэл хангалуун бус хэсгээ хэлэх үед л тэд анзаарч эхэлдэг гэсэн үр дүн бий. Өөрийн таагүй санагддаг биеийн хэсгээ хүмүүст ярилаа гээд өөрчлөгдөхгүй шүү дээ.

2. Өөрийгөө доош нь хийлээ гээд хэн ч өөрийг чинь урамшуулахгүй. Өөрийгөө доош хийх нь бусдаас шүүмжлэл сонсож байгаатай, заримдаа илүү их хор хөнөөлтэй мэдрэмж төрүүлдэг. Бид нийгмийн олон харилцаа дунд олон хүмүүсээс өөрийн талаар таагүй үгийг сонсдог, сонсох болно. Ийм байхад өөрийгөө хэт шүүмжлэх шаардлагатай юу? Өөртөө зөөлөн хандахгүй бол хэн өөрт чинь зөөлөн хандах билээ. Өөрийгөө хайрлаарай.

3. Бид биеийн гадаад үзэмжээ хүссэн үедээ сольж өөрчилж чадахгүй ч хүссэн үедээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадна. Толинд харж байгаад өөрийн хамрыг хүссэнээрээ засах боломжгүй шүү дээ. Өөрийн хүчнээс давсан зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлэх нь өөрийн үнэлэмжийг л илүү унагана.

4. Дуусашгүй үргэлжлэх бодол. Биеийнхээ энэ хэсгийг л “өөрчилчих юм бол”, “би ийм нүдтэй, хамартай” байсан бол гэх мэт бодлуудаас болж өөрийгөө бодитоор хүлээж авахаас татгалзаж эхэлдэг. Биеийн хэсгээ өөрчиллөө гээд өөрийн чинь амьдралын асуудал цэгцрээд алга болох уу? Би “хэрэв ийм байсан бол…” гэсэн дуусашгүй үргэлжлэх бодлууд угтаа асуултын хариулт биш. Харин өөрийгөө байгаагаар хүлээн зөвшөөрч сурах нь хариулт мөн юм.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Жоохон юм болохоор л уйлах гээд байна

Сайн байна уу? Би 16 настай. Ойрд их ганцаардах боллоо. Яагаад ч юм найзуудтайгаа чаталж байгаад сийндүүлэх аль эсвэл чатны хариу удаж ирэхэд хэрэггүй амьтан болсон юм шиг мэдрэмж төрдөг. Найзуудынхаа гадуур гарсан стори, зургийг хархад гомдох мэдрэмж төрөөд байна.

Ойрдоо ээж аавдаа ч гомддог болоод байна. Жоохон юм болсон ч уйлчих гээд хоолой зангираад байдаг боллоо. Юу ч хийсэн сонирхол төрөхгүй. Утсаар оролдох хүртэл уйтгартай санагдана. Оройд эрт унтаж, өглөөд оройтож сэрээд, өдөр ч бас нойр хүрээд унтаж байна. Би яах ёстой вэ? Яавал бага гомдож хэрэггүй амьтан шиг мэдрэх мэдрэмж алга болох вэ? Яавал юм хиймээргүй байгаа мэдрэмж алга болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Гомдсон мэдрэмжээ ил гаргалаа гээд чи сул дорой болохгүй ээ

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гомдсон, гунигласан мэдрэмжээ ил гаргалаа гээд чи сул дорой нэгэн болохгүй ээ. Гуниг, гомдол, цөхрөл бол сэтгэл хөдлөлийн маань илрэл бөгөөд үүнд муу зүйл байхгүй. Өөрт төрсөн мэдрэмжээ нуух биш эргэн тойрныхоо хүмүүст илэрхийлж байгаарай. Найзуудыгаа хамтдаа сайхан байгааг мэдсэн бол их гоё харагдаж байна, дараагийн удаа хамтдаа уулзъя гэх мэтээр мэдрэмжээ илэрхийлж байгаарай. Өөрийн мэдрэмжийг бусдад илэрхийлснээр тэд өөрийг чинь илүү сайн ойлгох боломжтой.

Мөн өөрт төрсөн мэдрэмжийг цаг тухайд нь зөвөөр илэрхийлж байх нь харилцааны асуудал үүсэхээс сэргийлдэг. Өмнө нь илэрхийлэгдэж гараагүй мэдрэмжүүд байгаа болохоор жоохон юм болсон ч уйлах гээд байж магадгүй. Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлж, хүлээн зөвшөөрсний дараагаар эерэг сэтгэл хөдлөл бий болох суурь тавигддаг. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Энэ миний анхны үерхэл

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 17 настай, эмэгтэй. Найз хөвгүүнтэйгээ үерхээд нэг сар болж байна. Энэ миний анхны үерхэл. Гэтэл бид хоёр сүүлийн үед 7-10 хоног тутам заавал нэг маргалдах, эсвэл нэг нь нөгөөдөө гомдох боллоо. Нэг маргалдахаараа хоёр хоногийн дараа эвлэрдэг. Тэр хугацаанд мэдэрч байгаа зүйлсээ сайн хуваалцдаг ч ярилцах гэхээсээ илүү мэтгэлцэх болоод дуусчихдаг. Хэн нь ч бууж өгч, уучлалт гуйхгүйгээр өөрсдийнхөө үзэл бодол, харах өнцгийг хамгаалсаар л байдаг талтай.

Би сүүлийн үед энэ талаар нэлээн эргэцүүлж, найз хөвгүүнээсээ ч шүүмж сонссоны үндсэн дээр засахаар хичээж байна. Мөн түүнд өөрийнх нь болохгүй байгаа зүйлийг хэд хэд хэлсэн боловч авч хэлэлцдэг эсэх нь тодорхойгүй. Ер нь л надтай насаар чацуу хэдий ч байгаа байдал, бодож сэтгэж байгаа нь хэтэрхий хүүхдээрээ гэх үү дээ. Тиймдээ ч би ганцаараа тэвчиж, би л ганцаараа ойлгохыг хичээгээд байгаа юм шиг санагдаж, заримдаа бүр тэсэхийн аргагүй болох юм.

Үерхлийн эхэн үед угаасаа ингэдэг юм болов уу? Уг нь бид хоёр яаж ч муудалцсан нэгнийгээ уучлах, уучлуулах орон зай үлдээдэг. Нэгэндээ их сайн. Тэгэхээр цаг хугацаанд найдан харилцаагаа үргэлжлүүлсээр байх уу, эсвэл зүгээр л цэг тавих уу? Хэрвээ үргэлжлүүлье гэвэл юунд анхаарах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хосын харилцаа бол хоёр талын харилцаа

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Хосын харилцаа бол хоёр талын харилцаа. Аль аль талдаа нэгнээ ойлгох гэж хичээж, нэгэндээ буулт хийж, нэгнээ хүлээн зөвшөөрөх сэдэлтэй байх хэрэгтэй. Найз залуугийнхаа хүүхдээрээ байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөг үү? Найз залуу нь чамайг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг болов уу?

Та хоёрын өссөн орчин, зан чанар, аливаа зүйлд үзүүлэх хариу үйлдэл гээд олон өөр зүйлс байгаа шүү дээ. Мэдээж хоёр өөр ертөнц нэгнээ ойлгож хамт байхад тодорхой хэмжээний шалгуур, мөн хичээл зүтгэл шаардана. Хосын харилцаанд муудалцах, маргах нь хэвийн зүйл. Гэхдээ нэг л асуудлаасаа болж дахин дахин маргаад байгаа бол тухайн асуудлыг шийдээгүй эсвэл шийдэх гэж алхам хийгээгүй байгаатай холбоотой байх магадлалтай. Ярилцах гэхээр мэтгэлцээн болоод дуусдаг гэсэн байна. Та хоёр ярилцахаасаа өмнө дүрэм гаргаж үзсэн үү? Ярилцах дүрэм:

- Нэгнийхээ яриаг дуустал нь сонсоно

- Нэгнийхээ үзэл бодлыг хүндэлнэ

- Нэгэндээ үзэл бодлоо тулгахгүй, уурлахгүй, гол асуудлаа шийдэхэд чиглэнэ

- Асуудлыг шийдэх хандлагатай байна гэх мэт ярилцахад тулгардаг асуудлаараа дүрэм гаргаж болох юм. Гэхдээ олон дүрэм биш чухал гурван дүрмийг гаргавал илүү ойлгомжтой, амар байх болов уу. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Хүнтэй ярихдаа муу

Сайн байна уу? Би 16 настай. Бага байхаасаа хойш л дотогшоогоо төрлийн хүүхэд байсан. Багадаа ангидаа буруу зүйл хийснээс хойш дотогшоогоо болоод өсчихсөн. Хүнтэй ярихдаа, хүнээс юм асуухдаа муу. Бас ээж аавдаа яг юу хүсэж мөрөөдөж явдгаа хэлж чаддаггүй. Яг хэлье гэхээр дотроос минь нэг юм зулгаагаад байдаг. Зүгээр л хэлж чаддаггүй. Хэлэх гэж зөндөө оролдсон. 

ЗӨВЛӨГӨӨ: Буруу зүйл хийдэггүй хүн гэж байхгүй

Сайн уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өөртөө санаа тавьж захидал илгээж байгаа нь сайн байна. Буруу зүйл хийж байсныг нь аав ээж нь мэдэж байгаа юу? Тэдэнтэй ярилцаж байсан уу? Буруу зүйл хийдэггүй хүн гэж огтхон ч байдаггүй. Хүн бүр л алддаг шүү дээ. Тийм болохоор буруу зүйл хийчихлээ гээд өөрийгөө байнга битгий буруутгаарай. Өөртэйгөө ярьж, өөрийгөө хайрлаж өөрийгөө уучлах хэрэгтэй. Мөн өөрийн бодол санаагаа хэлэхэд хэцүү байвал эхний ээлжид захидал бичээд үзвэл ямар вэ? Мөн тэмдэглэл хөтөлдөг үү? Хэрвээ үгүй бол өөрийн мэдрэмжийг гадагшлуулдаг тэмдэглэлийн дэвтэртэй болоорой. Энэ нь чамайг өөрийгөө илэрхийлэхэд бага ч болов тусална гэж найдаж байна. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам


АСУУДАЛ: Ээж найз залууд маань дургүй

Сайн байна уу? Би 20 настай. Айлын ганц охин. Жилийн өмнө найз залуутай болсон. Ээж маань тэр үед их л сайн байсан. Намар нь найз залуугаасаа түр салаад энэ гуравдугаар сард эргэж нийлсэн. Ээжид эргээд нийлснээ хэлснээс хойш манай найз залууд их дургүй болсон. "Наадах чинь дээр Фэйсбүүк дээрээ өөр охинтой зургаа тавьчихсан байсан шд, салаарай. Хохино шүү" гэж ч худлаа хэлж байсан. Бид хоёрын салсан шалтгаан бүр маш хувийн асуудал байсан болохоор хэлж болохгүй байна.

Тэрнээс хойш намайг гэрээс гарахыг хорьдог болсон. Өмнө нь ч тэр, гэрээс гарах гэхээр л "Яах гээд байгаа юм? Хэнтэйгээ уулзах гээд байгаа юм?" гээд гаргадаггүй, шаардлагатай тохиолдолд муухай харан байж арай гэж гаргадаг байсан. 17:00 цаг болонгуут л залгаад "Хурдан ир" гэдэг байсан. Одоо бүр найз залуутай маань уулзуулахгүй гээд хараанаасаа ч салгахаа болилоо. Яагаад ингээд байдгийг нь ойлгох гэж их хичээдэг ч найзуудтайгаа хүртэл уулзаж чаддаггүй болохоор үнэхээр хэцүү байдаг.

Би ганц охин нь болохоор санаа нь зовдог байх гэж боддог ч хэрээс хэтрээд байгаа юм шиг санагддаг. Ээж маань өөрөө их түргэн ууртай, сөрөг бодолтой, ер нь их бараан талдаа хүн. Юм л бол муу юм яриад, муухай харагдсан болгоноо харааж явдаг хүн. Харин би эсрэгээрээ. Ээжид энэ талаар хэлье гэж их л боддог. Гэхдээ үгийн зөрүүгүй шууд уурлаад миний амыг таглана гэдгийг нь маш сайн мэддэг болохоор хэлэхээс хүртэл их айдаг.

Уг нь би өөрийгөө 20 нас гарсан, биеэ даасан хувь хүн гэж боддог ч ээж маань алхам тутамдаа намайг хянаж, хараандаа байлгах гээд байдаг болохоор хүнтэй ч олигтой ярьж чаддаггүй. Олны өмнө ярина гэж бодохоос ч айдаг. Утсаар ч сайн ярьж чаддаггүй. Ээж маань утас дуугарангуут л "Хэн юм? Юу гээд байгаа юм? Яах гээд байгаа юм? Ямар ядаргаатай юм?" гэдэг болохоор утсаар ярих бүр дургүй болсон. Би үнэндээ одоо яахаа ч мэдэхээ байлаа.

Манай найз залуу намайг юу гэж боддог бол гэж хүртэл бодох юм. Бид хоёр бүтэн сар гарны хугацаанд чатаар л харилцаж байна. Огт уулзаж чадаагүй. Манай хүн намайг гарч чаддаг байсан бол гоё байхгүй юу гэж их л хэлдэг. Ээжийн үгнээс зөрж чадахгүй, тэр маань ч ойлгодог болохоор болоод л байна. Гэхдээ манай хүн гадаадад сурдаг болохоор удахгүй явна. Тэгэхээр бүр ч уулзаж чадахгүй болно. Уулзаж чадахгүй явуулна гэхээр бүр л гуниглаад янз бүрийн юм бодогдоод байх юм. Яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Захидал бичээд үзвэл ямар вэ? 

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Ээж нь яагаад найз залууд нь дургүй болох болсон бэ? Энэ талаар ээжээсээ асуусан уу? Ээжтэйгээ ярилцах оролдлого хийсэн ч бүтдэггүй гэж бичсэн байна. Ээждээ захидал бичээд үзвэл ямар вэ? Энэ бичсэн захидал шигээ нээлттэй дэлгэрэнгүй бичихийг хичээгээрэй.

Мөн сэндвич аргыг ашиглаарай. Энэ нь эхлээд эерэг зүйл бичээд дараа нь өөрийн хүсэж буй зүйлээ бичээд төгсгөлд нь эерэг зүйл бичээд дуусгадаг арга юм. Жишээ нь захидлаа ээждээ баярлаж талархдаг зүйлсээр эхэлж болох юм. Харилцааны асуудлыг бид харилцаагаар л шийднэ. Ярилцаж өөрийгөө ойлгуулахын тулд чамаас 20, 30 удаагийн ч оролдлого шаардагдаж магадгүй. Бууж өгөлгүй өөрөөр яаж ойлголцох гэдэг аргыг хайж туршиж үзэхийг зөвлөж байна.

Ээжийнх нь үйлдлүүд чиний хувийн орон зай руу хэтэрхий их халдаж тэр нь чамайг тухгүй болгож байна гэж ойлголоо. Нөгөө талаас ээж нь чамд санаа зовж байгаа учраас ингэж байгаа гэдгийг чи ч ойлгож байгаа байх. Ээж нь яагаад чамайг гаргадаггүй, яагаад ингэж их санаа зовж байгаа нь цаанаа шалтгаантай байж магадгүй л юм. Магадгүй ээжид нь шийдвэрлээгүй, өмнө нь тохиолдож байсан таагүй явдал гээд асуудал байгааг үгүйсгэхгүй. Юу гэх гээд байна вэ гэвэл ээжид чинь ч мөн адил тусламж хэрэгтэй байж магадгүй юм. Тиймээс чамд хэцүү байгаа ч түүнийг тайвшруулж дараах байдлаар ээжтэйгээ ярилцаад үзээрэй. Бусдыг сонсох нь чамайг сонсох эхлэл юм шүү.

- Юуны өмнө ээжтэйгээ ярих чухал зүйл байна гэдгээ хэлээд ярилцах цагаа тодорхой болгоорой.

- Үүний дараа тэр өдрөө ярих зүйлсээ сайтар бичиж тэмдэглээд, ярилцаж байх зууртаа мартахгүйн тулд жагсаалт гарга. Энд юу ч байж болно. Сэтгэл санаа чинь тавгүй байх шиг байна. Таныг ойрд их л анзаарлаа. Надтай харьцаж байгаа байдал чинь тайван бус, бухимдалтай байх шиг байсан, намайг ингэж их хорих болсон шалтгаан юу байна вэ? Асуудал юунд байна гэх мэт.

- Энэ бүх зүйлс ээжийнх нь дотроо бодож шаналж байсан олон зүйлсийг цэгцэлж өгөх учраас эргээд чамтай ярилцахад ч дөхөм байх болно. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач А. Норовбадам


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter