ДЭМБ-аас коронавирусээр үүсгэгдсэн "COVID-19" өвчний халдвар авахаас урьдчилан сэргийлж, гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвшихийг дэлхийн бүх улс орны иргэдэд зөвлөж байгаа билээ. Мөн гараа угаахдаа хамгийн багадаа 20 секунд савандаж угаахыг онцлон зөвлөсөн. Энэ нь оргүй хоосноос бий болсон тоо биш гэдгийг дараах туршилтаас үзээрэй.
Ихэнх хүмүүс гар нь тоос тортог болчихоогүй л бол бүх зүйл хэвийн байна гэж боддог. Гэвч бидний гар дээр нүдэнд үл үзэгдэх маш их хэмжээний нян, бохирдол оршиж байдаг. Эдгээр нянг хэт ягаан туяаны тусламжтайгаар харах боломжтой ба жүжигчин Кристен Беллийн үүнтэй холбоотой нэгэн зургийг Инстаграм хуудсандаа оруулжээ.
/1. Гараа угаахаас өмнөх; 2. Гараа усаар зайлсны дараах; 3. 6 секундийн хугацаанд гараа цэвэр усаар угаасны дараах; 4. 6 секундийн хугацаанд гараа савангаар угаасны дараах; 5. 15 секундийн хугацаанд гараа савангаар угаасны дараах; 6. 30 секундийн хугацаанд гараа савангаар угаасны дараах/
Дээрх зургаас харахад гараа 6 секундийн хугацаанд савандаж угаах болон 15 секундийн хугацаанд савандаж угаах хоёрын хооронд асар их ялгаатай байдаг аж. Үүгээр ч зогсохгүй гараа 15 секунд савандах нь ч хангалтгүй байна. 30 секунд орчим савандаж угаах нь үр дүнтэй төдийгүй гар дээрх нянг устгах боломжтой байдаг нь харагдаж байна.
ГАР АРИУТГАГЧ БОЛОН ГАРЫН САВАН ХЭРЭГЛЭХЭД ҮР ДҮН НЬ ЯЛГААТАЙ БАЙДАГ УУ?
Business Insider сайтаас гар ариутгагч шингэн болон гарын саван хэрэглэсний дараах үр дүн нь ялгаатай байдаг эсэхийг туршиж үзжээ. Ингэхдээ гартаа glo-germ /Энэхүү бодисыг түрхсэн гадаргуу дээрх нянг тусгай гэрлээр харах боломжтой байдаг/ түрхэж эмийн сан орсон бөгөөд худалдан авалт хийж, картынхаа нууц үгээ оруулахын тулд эмийн сангийн пос-машины товчлуурт хүрсэн байна. Үүний дараа нэг халбага орчим ариутгагч ашиглан гараа ариутгажээ.
Гар ариутгагч нянг устгасан ч саван шиг сайн үзүүлэлттэй байсангүй. Өөрөөр хэлбэл гар ариутгагч нь гаран дээрх нянгийн тодорхой хэсгийг устгасан ч эргээд нян үржих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хэрэв гараа ариутгах шаардлагатай нөхцөлд байгаа бол 60 хувиас дээш спиртийн агууламжтай гар ариутгагч сонгоорой.
Мөн MIT сургуулийн судлаачдын багийнхны хийсэн нэгэн судалгаагаар АНУ-ын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй хүн бүр гараа угааж заншвал коронавирусын халдвараас 60 хүртэлх хувь сэргийлж чадахыг тогтоожээ. Иймээс гараа угааж хэвших нь таныг олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх аж.
Ингээд дараах бичлэгээс гараа зөв угаах дарааллыг үзээрэй.
Эх сурвалж: Busines Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх