Үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудалд ШИЙДЭЛ олсон нь


Миау | YOLO.MN
2021-06-16

Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх мэдээллийг хүүхэд, эцэг эх, багш нар болон олон нийтэд дэлгэрүүлэх, хүүхдийн оролцоотойгоор үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “Бидэнд шийдэл бий” сэдэвт цахим чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Өсвөр үе, залууст зориулсан контент бэлтгэн хүргэдэг YOLO.mn сайтын хамт олон үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “Банхар” арт терапи төслийн хүрээнд Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоотой хамтран “Бидэнд шийдэл бий” сэдэвт чуулга уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Өмнөговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уг чуулга уулзалтаар дэлхийн өнцөг булан бүрд суугаа хүүхэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид нэгдэж, үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай үзэл бодол болон үүнийг таслан зогсоох боломжит шийдлийг солилцсон юм. Уулзалтыг Zoom Meetings платформоор зохион байгуулахын зэрэгцээ yolo.mn, gogo.mn, Mongolian Professional Art Therapy Association Фэйсбүүк хуудсуудаар шууд дамжуулсан нь 5,000 гаруй хүнд хүрчээ. 

Ийнхүү гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн цахим чуулга уулзалтын үр дүнд оролцогчид үе тэнгийнхний дээрэлхэлт нь зөвхөн хүүхэд хоорондын асуудал биш бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид ч мөн үүнд анхаарлаа хандуулах ёстой гэдэг санаан дээр нэгдсэн. Мөн сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг дүрэм, журамтай болох санаачилга гаргасан билээ.

Та ч мөн уг санаачилгатай санал нэгдэж байвал ЭНД даран гарын үсгээ зурж, бидний хийж буй ажилд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Та “Бидэнд шийдэл бий” чуулга уулзалтыг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дараарай. 


“Бидэнд шийдэл бий” чуулга уулзалтад үзэл бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцсон хүүхэд, эцэг эх, багш нараас гадна Швейцарын Хөгжлийн Агентлагийн суурин төлөөлөгч Стефани Бурри, НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтан Д. Болорчимэг, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хүүхэд, Залуучууд, Ахмад настан, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т. Ням-Очир, Өмнөговь аймгийн Гэр, бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг, Дуучин С.Гантогоо болон бусад удирдлагууддаа гүн талархал илэрхийлье.

#Мэдээ #Боловсрол #Хүмүүжил #Үе тэнгийнхний дээрэлхэлт