В. Бэрцэцэг: 15-29 насныхны амиа хорлолтын тэргүүлэх шалтгаануудын нэг нь ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ


Миау | YOLO.MN
2021-06-14

Сүүлийн жилүүдэд манай улсын хүүхэд залуусын дунд үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудал хурцдаж буй тул энэ талаар Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны тэргүүн, үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох зорилготой “Банхар” арт терапи төслийн удирдагч В. Бэрцэцэгтэй ярилцлаа. 

Дараах ярилцлагаас та бүхэн үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудал Монгол улсад ямар түвшинд яваа болон үүнийг хэрхэн шийдэх талаар унших боломжтой. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхний хэрэгжүүлж буй төслийн нэр их сонирхолтой санагдлаа. Уншигчдад маань “Банхар” арт терапи төслийн тухай товчхон танилцуулбал.

- Хүмүүс үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагаа явуулах төслөө яагаад нохойн үүлдрээр нэрлэсэн юм бол гэж их гайхдаг. Нохой судлаачид банхар нохойг шинэ орчинд дасан зохицох чадвартай, сэтгэлзүйн хувьд тайван, аливаа зүйлийг зөнгөөрөө мэдэрдэг, энгийн үед хүн, амьтан руу үсэрч цовхчоод байдаггүй ч шаардлагатай үед хүч чадлаа бүрэн дайчилдаг гэж тодорхойлсон байдаг. Мөн энэ нохой Монголчууд бидэнтэй эрт дээр үеэс хамт байсаар ирсэн, бидний сэтгэлд дотно амьтан учраас төслийнхөө гол дүрээр сонгож авсан. 

Ийнхүү уг дүрээр хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлүүлэх, давуу талыг нь харуулах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох ур чадварт сургахыг хичээн бүтэн нэг жилийг ардаа үджээ. Энгийнээр бол хүүхэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дуу хөгжим, бүжиг, хөдөлгөөн, зураг, бүтээлээр илэрхийлэхэд банхарын дүр тусалсан юм. Бидэнтэй хамгийн ойр амьтныг сонгож байж л дээрэлхэлт, хүчирхийлэлд өртсөн, айдастай, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд тусалж чадна гэж үзсэн хэрэг. 



YOLOҮе тэнгийнхний дээрэлхэлт хэмээх үзэгдэл түүхийн бүхий л цаг үед байсаар ирсэн. Гэвч сүүлийн үед ихээр яригдах болж. Энэ асуудал Монгол улсад үнэхээр анхаарахгүй бол болохгүй болтлоо тулгамдсан юм гэж үү? 

- ДЭМБ-ын 2017 онд хийсэн судалгаагаар Монгол улсын өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтын хувь маш өндөр байсан ба энэ үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас гуравдугаар байранд жагссан байдаг. Мөн 15-29 насны залуучуудын амиа хорлолтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаар байранд үе тэнгийнхний дээрэлхэлт орсон байдаг юм билээ. Ийнхүү уг байгууллагын зүгээс манай улсын засгийн газарт өсвөр үеийнхэн болон залуучуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулах, оновчтой арга техник хэрэглэх зөвлөмжийг хэд хэдэн удаа өгсөн.

Мөн Японы Хүүхдийг ивээх сан (Save the Children)-гийн хамгийн сүүлд хийсэн судалгаанд 1,236 хүүхэд оролцсоноос 19.9 хувь нь амиа хорлох оролдлого хийж үзсэн, 12.4 хувь нь амиа хорлох талаар бодож байсан, 8.6 хувь нь амиа хорлох оролдлогыг хэд хэдэн удаа хийж үзсэн гэсэн хариулт өгсөн байдаг. Энэ бол маш өндөр тоо юм. 

Бидний хувьд уг судалгааны үр дүнгүүдтэй танилцсаны дараа Монгол улсад энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төсөл, хөтөлбөр байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан. Тиймээс ирээдүй болсон залуу үеийнхэндээ анхаарлаа хандуулахгүй бол болохгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрч, өнгөрсөн онд Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран "Банхар" арт терапи төслөө Нийслэлийн гурван сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын есөн сургууль дээр амжилттай хэрэгжүүлсэн. 


YOLOҮе тэнгийнхний дээрэлхэлт хэмээх энэ сэдэв зөвхөн дээрэлхэж байгаа болон дээрэлхүүлж байгаа хоёр хүүхдийн хоорондын асуудал биш гэдэг нь тодорхой. 

- Юутай ч хүүхэд чухам ямар шалтгааны улмаас дээрэлхэлтэд өртөж байгааг судлахад гадаад үзэмжээр нь ялгаварлан гадуурхах шалтгаан дийлэнх хувийг эзэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, өөрөөс нь арай “өөр” төрхтэй, сурлага болон амьжиргааны түвшинтэй зэргээс голчлон гадуурхдаг нь ажиглагдсан.

Хүүхэд дээрх шалтгааны улмаас үе тэнгийнхэндээ гадуурхагдаж, үүнээс болоод сэтгэл нь шаналаад байгаа хэрнээ энэ талаар аав ээждээ хэлж чаддаггүй. Цөөн хувь нь зориг гаргаад хэлсэн ч “За ийм юм байж л байдаг шүү дээ”, “Бид нар ч гэсэн арван жилдээ бие биендээ янз янзын хоч өгдөг л байсан. Одоо доройтсон юм алга л байна”, “Битгий гоншгоноод бай” зэргээр үл тоодог. Нэг удаа ийм хариулт авсан хүүхэд дараагийн удаад ямар нэгэн зүйл болоход эцэг эхдээ ханддаггүй.

Ээж аав нь тоодоггүй юм байж. Хүүхэд энэ асуудлаа ангийнхаа багшид хэлэх гэхээр багш нь хэтэрхий завгүй учраас мөн л анхаарч чаддаггүй. Монгол Улсын боловсролын систем барууны орнуудтай харьцуулахад их ачаалалтай байдаг. Багш нар нь хөтөлбөрийнхөө дагуу хичээлээ заах гэсээр ангийнхаа 50, 60 хүүхдийн нарийн ширийн асуудал руу нэг бүрчлэн орж чаддаггүй. 

Ингээд хүүхэд эцсийн шатанд асуудлаа найз нөхдөдөө хэлнэ. Найз нөхөд нь чухал мэдээллийг нь задруулахаар хүүхэд буцаад л эвгүй байдалд орчихдог. Ийм нөхцөл байдалд орсон хүүхэд сэтгэл санаагаар унаж, нойргүйдэж, хоолноос гарч, улмаар хичээлээ ч ойлгож чадахаа больдог. Тиймээс бид энэ асуудалд зайлшгүй анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Олон нийтэд үе тэнгийн дээрэлхэлтийн тухай хангалттай хэмжээний мэдээлэл өгч байгаагүйн хор уршгаар уг асуудалд холбогдсон хүүхэд, эцэг эх, бүр багш нар нь хүртэл энэ үед юу хийхээ мэддэггүй.



YOLOТэгвэл үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ? 

- Хамгийн гол нь энэ асуудалд гарц, гаргалгаа байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гарц, гаргалгаа нь ердөө л нээлттэй ярилцах. 

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу “Банхар” арт терапи төслийн хүрээнд 603 хүүхдийг үе тэнгийн сургагчаар бэлтгэж, 800 гаруй багш нарт сургалт орж, 780 гаруй эцэг эхэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай мэдээлэл өгсөн. Сургалтын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох, хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх, эцэг эхдээ хэрхэн хэлэх, багш нараасаа яаж тусламж авах талаар зохих ёсны мэдээлэл олгосон.

Мөн дээр дурдсанчлан манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төсөл, хөтөлбөр огт байгаагүй учраас бид хүүхэд, эцэг эх, багш үе тэнгийн дээрэлхэлтийн үед тус тусын зүгээс ямар арга хэмжээ авах талаар шийдлүүдийг тусгасан гарын авлага бэлтгэн гаргасан. 


YOLOМэдээж бодлогын түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй байх? 

- Тийм ээ. Бид тун удахгүй зохион байгуулах чуулга уулзалтаараа сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг дүрэм журамтай болох санаачилгыг гаргах гэж байна. Журмаас дурдвал, хүүхдүүдийн дээрэлхэлтэд хамгийн түгээмэл өртдөг газруудыг камержуулах, сургуулийн удирдлагууд нийт ажилчдадаа дээрэлхэлтийн талаар мэдээлэл өгөх зэрэг багтана. Ийнхүү сургуулийн ажилчид уг журамтай танилцан гарын үсэг зурснаар журам хэрэгжиж эхлэх юм. 

Хүүхэд үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн бол хамгийн түрүүнд сургуулийн сэтгэлзүйчид хандах уу эсвэл нийгмийн ажилтанд хандах уу? Боломжгүй бол эцэг эхдээ хэрхэн хэлэх вэ? Эцэг эх, багш нар тухайн хүүхдийн нууцлалыг хэрхэн хангах вэ гэх зэргээр бүх шийдлийг тодорхой гаргаж өгвөл асуудал шийдэгдэх боломжтой. 


YOLOЗохион байгуулах гэж буй чуулга уулзалтынхаа тухай мэдээллээр ярилцлагаа өндөрлөе. 

- Бид үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоох “Бидэнд шийдэл бий” цахим чуулга уулзалтыг Монгол Контент ХХК-ийн өсвөр үе, залуусын www.yolo.mn сайттай хамтран 2021 оны зургадугаар сарын 16-нд зохион байгуулах гэж байна.

Чуулганы гол зорилго нь олон нийтэд хүүхдийн амь насанд аюул учруулах эрсдэлтэй үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай ойлголт өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгөх, хүүхэд, эцэг эх, багш нарыг энэ тал дээр анхаарлаа хандуулахад уриална. Ингээд чуулганы төгсгөлд сургууль бүхэн үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг дүрэм журамтай болоход уриалах юм. Уншигч та ч бас энэ чуулга уулзалтад оролцоход нээлттэй байх болно. 

“Бидэнд шийдэл бий” цахим чуулга уулзалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

YOLOЯрилцсанд баярлалаа. 

#Ярилцлага #Төсөл #Дээрэлхэлт