Прокурор, өмгөөлөгчдийн амьдралыг бодитоор харуулсан ШИЛДЭГ таван цуврал


Аливаа мэргэжлийн үнэ цэн, утга учрыг илэрхийлсэн шилдэг кинонуудыг санал болгодог цуврал нийтлэлийнхээ хоёр дахь дугаарт прокурор, өмгөөлөгчийг онцолж байна. Хэрэв уншигч та энэ мэргэжлийг сонгосон эсвэл сонгохоор судалж байгаа бол дараах олон ангит кинонуудыг заавал үзээрэй.

ПРОКУРОР ГЭЖ ХЭН БЭ?

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг хэлдэг.

ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ?

Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульчийг хэлэх бөгөөд хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ.

МОНГОЛ УЛСАД...

Манай улсын хууль зүйн салбарт боловсон хүчин бэлтгэж буй цөөнгүй их сургууль байдгаас дурдвал:

- Монгол Улсын Их Сургууль-Хууль зүйн сургууль
- Их Засаг Олон Улсын Их Сургууль
- Шихихутуг Их Сургууль
- Монголын Үндэсний Их Сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Дотоод Хэргийн Их Сургууль
- Сити Их Сургууль

Үргэлжлүүлэн уг мэргэжлийн тухай өгүүлэх Өмнөд Солонгосын шилдэг таван цувралыг танилцуулж байна.

1. “LAW SCHOOL” (2021)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Өмнөд Солонгосын “Ханкүк” их сургуульд хууль зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, багш нарын тухай өгүүлэх цуврал юм. Уншигч та уг бүтээлээс шударга ёс хуулиар заавал тогтоогдох ёстой тухай сэтгэл хөдөлгөм үйл явдлыг хүлээн авч үзээрэй.

Онцлох эшлэл: “Итгэхийг хүссэн зүйлээ л харж, сонсож болохгүй” – Проф.Yang Jong Hoon

2. “INNOCENT DEFENDANT” (2017)

Ангийн тоо: 18

Ерөнхий үйл явдал: Нэг өглөө сэрэхдээ цаазын ялтан болсон байх прокурорын тухай үйл явдал гарах болно. Тэрээр түр хугацаанд ой санамжаа алдсан бөгөөд өөрийнхөө гэм буруугүйг нотлохоор эцэс төгсгөлгүй тэмцдэг. 

Онцлох эшлэл: “Прокурорын зүгээс ялтанд үзүүлж буй өршөөл бол хуулийн дагуу түүнд шийтгэл оноох явдал юм” –Park Jung Woo

 

3. “SUITS” (2018)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Америкийн ижил нэрт телевизийн цувралаас сэдэвлэсэн уг бүтээлээс уншигч та хуульчийн мэргэжил эзэмшээгүй ч ой тогтоолт сайтай залуу болон чадварлаг, нэр хүндтэй хуульч хоёрын хамтралыг хүлээн авч үзээрэй.

Онцлох эшлэл: “Бид нэг савнаас ус уулаа гээд адилхан болчихгүй. Нэг голоос ус уусан ч үнээнээс сүү, могойноос хор гардаг шүү дээ” –Choi Kang Seok

4. “LAWLESS LAWYER” (2018)

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Киноны гол дүр Bong Sang Pil ээжийнхээ шударга бус үхлийн үнэнийг олохоор өмгөөлөгч болно. Тэрээр Ha Jae Yi нэртэй өмгөөлөгч эмэгтэйтэй хамтарснаар цувралын сонирхолтой үйл явдал үргэлжлэх юм.

Онцлох эшлэл: “Өмгөөлөгч ганцхан прокурорын эсрэг тэмцдэг гэж үү? Тэгээд л болоо юу? Миний бодлоор өмгөөлөгч бол шүүхийн буруу шийдвэрийг эсэргүүцдэг нэгэн” –Ha Jae Yi

5. “I CAN HEAR YOUR VOICE” (2013)

Ангийн тоо: 18

Ерөнхий үйл явдал: Автомашины ослоор аавыгаа алдсан Park Soo Ha бусдын бодлыг унших чадвартай бөгөөд аавыг нь мөргөсөн гэмт хэрэгтнийг бодлоор нь илрүүлдэг. Мэдээж тэр үүнийгээ батлах боломжгүй байв. Гэвч удалгүй тэрхүү ослыг гэрчилсэн охин цагдаагийн газарт мэдүүлэг өгснөөр гэмт хэрэгтэн хуулийн хариуцлагаа хүлээдэг. Олон жилийн дараа хүү, охин хоёр ахин уулзах бөгөөд үргэлжлэлийг та цувралаас хүлээн авч үзээрэй.

Онцлох эшлэл: “Өшөө авалт бүрийн цаана шалтгаан байдаг. Яллагдагчийн төлөө хэн нэгэн уйлж байгаа бол тэнд өөр гэмт хэрэгтэн байх магадлал ч бий”.

Дээрх цувралуудыг үзээд хуулийн мэргэжлээр сурах таны хүсэл улам бадрах болно гэдэгт итгэлтэй байна. Шударга ёсны бэлгэ тэмдэг болох замналд тань амжилт хүсье!

 

#Кино урлаг #Мэргэжил #Прокурор #Өмгөөлөгч