ЗАХИДАЛ: Аав минь өөр хүнтэй нууцхан уулздаг болсон


ССҮТөв | YOLO.MN
2021-06-11

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Аав минь өөр хүнтэй нууцхан уулздаг болсон

Сайн байна уу? Би 21 настай. Удахгүй их сургуулиа төгсөнө. Ээж, аав, дүүтэйгээ хамт амьдардаг. Сүүлийн үед аав минь өөр хүнтэй нууцхан уулзаж, гэртээ ирэхээ больсон. Гэхдээ би гайхаагүй ээ. Аав маань угаасаа л архи их ууж, ээжийг минь үргэлж харааж, бидэнд мөнгө олж өгч л байвал хангалттай гэсэн байдалтай ханддаг. Уурлахдаа намайг ч бас хараадаг. 

Ааваасаа болж үхээд өгье гэж олон бодсон боловч намайг байхгүй бол ээж, дүү минь хэр их зовох бол гэсэн бодол намайг зогсоодог. Одоо би сургуулиа төгсөж, гэрээ орхих болж байгаа учраас ээж, дүүгээ яах бол гэсэн айдас намайг бүрхэж байна. Би яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Энэ асуудалд чиний буруу байхгүй

Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар хэцүү байгааг төсөөлж байна. Юун түрүүнд энэ асуудалд чиний буруу байхгүй юм шүү. Ээж нь чамайг тухайн асуудлыг мэдэж байгааг мэдсэн үү? Энэ талаар ээжтэйгээ ярилцсан уу? Ээждээ юу мэдрэгдэж байгаагаа хуваалцдаг уу?

Хэдий энэ нь гэр бүлийн асуудал ч, мөн чамд хэцүү байгаа ч зарим зүйлсийг насанд хүрсэн хүмүүс шийдэх хэрэгтэй байдаг. Тиймээс өөрийн хийж чадах зүйлээ хийхэд л хангалттай. Тэр нь юу вэ гэвэл ээжийгээ сонсох, ээжтэйгээ ярилцах, ээждээ цаг гаргах, мэдрэмжийг нь хуваалцах юм. Мөн асуудлаа шийдэхэд нь дэм болох.

Тэрнээс бид хэн нэгний өмнөөс асуудлыг нь шийдэж өгөх боломжгүй шүү дээ. Тиймээс ээждээ аль болох сэтгэлийн дэм өгч, илүү дотно байж, илүү их цаг гаргаж, илүү их сонсоорой. Гэрээсээ явах гэж байгаа гэдэг нь тусдаа гарч байгаа гэсэн үг үү эсвэл гадагшаа явж байгаа гэсэн үг үү? Ээж дүү хоёртойгоо утсаар байнга холбогдож санаа тавьж байж болно шүү дээ. Хэрвээ Монголд байвал хааяа ирж уулзаж байж бас болно. Одоогийн нөхцөл байдалд миний хийж чадах зүйл юу байна гэдгийг хамгийн түрүүнд эргэцүүлж бодоорой.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Буруу зүйл хийчихвэл түүнийхээ тухай бодохгүй байж чаддаггүй

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Би их санаа зовомтгой. Чухал зүйлээ гээгээд ч юм уу эсвэл буруу зүйл хийхээр үнэхээр хэцүү байдаг. Тэр тухай бодохоо больж чаддаггүй. Дотор бачуураад л үнэхээр тухгүй, хэцүү болдог. Тэр хийсэн зүйлийнхээ үр дүнг үнэхээр том болгож төсөөлдөг. Тэр зүйлээ засахгүй л бол зүгээр ч сууж чаддаггүй. Үнэхээр хэцүү.

Аав ээждээ хэлэхээр нэг их хүндээр тусгаж авахгүйгээр зүгээр л “Яагаад тэгж байгаа юм бол доо?” гэх хариулт өгдөг. Энэ үнэхээр хэцүү. Би тайвшир ч чаддаггүй. Урт амьсгал авсан ч зүгээр болдоггүй. Надад яавал зүгээр болохыг хэлж өгөөч. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө зөөлөн хандаарай

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг юм шиг санагдлаа. Бидний үйлдэл бидний бодлын үр дагавар байдаг. Хэрвээ алдаж болохгүй, бүгдийг төгс хийх хэрэгтэй гэж боддог бол алдаа гаргах үед тэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх магадлалтай гэсэн үг юм.

Хүн ямар нэгэн зүйлээ гээх нь хэвийн зүйл мөн үү? Хүн алдаа гаргах нь хэвийн зүйл мөн үү? Мэдээж тийм. Юмаа огт гээхгүй, алдахгүй байна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, төгс зүйл гэж байдаггүй гэсэн үг. Юмыг ийм л байх ёстой, алдаа гаргах ёсгүй гэж хэт бодох нь өөрт болоод бусад хүмүүст хүндрэлтэй байдаг. Ямар нэгэн зүйлийг буруу хийхээр чамд юу гэж бодогдож байна вэ? Тэмдэглэл хөтлөөд үзээрэй. Алдаа гаргах ёсгүй гэдэг бодол байна уу эсвэл өөр бодол байна уу? Дахин захидал бичээрэй. Өөртөө зөөлөн хандаарай. Хүн алдаж болдог. Алдаж байж бид сайжирдаг. Алдах нь хэвийн гэдгийг өөртөө сануулж байгаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


АСУУДАЛ: Хүн болгон, бүх зүйлс ядаргаатай санагдаж байна

Сайн байна уу? Би 15 настай. Ойрын өдрүүдэд хүн болгон, бүх зүйлс үнэхээр ядаргаатай санагдаад байх юм. Хүн алхах чимээ хүртэл дарамттай байдаг. Аав ээж, гэрийнхэн юм асуухаар хэцүү санагдаад, жаахан юманд хүртэл уур хүрээд байна. Гэхдээ гаднаа уурлаж сураагүй болохоор дотроо өөртөө уураа гаргаад л. Хааяа хамгийн чангаараа орилоод, тааралдсан хүн болгонтойгоо хэрэлдчихмээр ч юм шиг.

Өөрийгөө тайвшруулах гэж олон арга хэрэглэж үзсэн. Кино үзэх, шүршүүрт орох, хоббитой болох гэх мэт. Гэхдээ л ямар ч үр дүнгүй. Кино үзэхээр дүрийнх нь өмнөөс стресстэж, шүршүүрт орохоор ус урсаж байгаа чимээ нь хүртэл ядаргаатай. Өөр шинэ зүйл оролдож үзэх гэхээр чадахгүй юм шиг санагдаад,бас л уур хүрдэг. Бүх юмнаас зугтаад, ганцаархнаа дуу сонсоод суумаар санагдаж байгаа ч хөл хорионоос болоод гэрээс ч гарч болохгүй байна.

Найзуудаасаа зай баримаар санагдаад, "Сайн уу" гээд чат бичиж байгаа нь хүртэл үнэхээр ядаргаатай. Мэдээж тэдэнд буруу байхгүй ч зүгээр л харьцмааргүй. Нэг тийм сонин, юм болгоноос уйдчихсан юм шиг. Өдөржингөө чихэвчээр дуу сонсоод, хэвтээд л баймаар. Ойрын үед яахаа мэдэхээ байлаа.

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл хөдлөлөө тухай бүрт нь илэрхийлэхгүй бол дараа нь бүр ч муухайгаар илрэх талтай

Сайн уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөртөө төрж буй мэдрэмжээ бусдад хэлж илэрхийлэх нь бага байдаг гэж ойлголоо. Гэрийнхэндээ уурласан ч гэсэн тэдэнд хэлдэггүй гэсэн байна. Яагаад хэлдэггүй вэ? Бусдад өөрт төрж буй мэдрэмжээ, сөрөг сэтгэл хөдлөлөө, гунигтай хэцүү байгаагаа, яагаад уурлаж байгаагаа хэр их илэрхийлж гадагшлуулдаг вэ?

Бидний дотор аяга байна гэж төсөөлье. Сэтгэл хөдлөлийг ус гэж төсөөлье. Бид эерэг сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ сайн боловч сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, нуух гээд байх талтай. Гэтэл тэр дарагдсан сэтгэл хөдлөл ус байлаа гэж бодоход тэрийг өөрөөсөө гаргахгүй хадгалаад л байвал хэзээ нэгэн цагт тэр аяга дүүрч асгарна. Түүнтэй адил өөрт төрсөн эерэг, сөрөг мэдрэмж, сэтгэл хөдлөлөө тухай бүрт нь гаргаж илэрхийлэхгүй бол дараа нь бүр ч муухайгаар илрэх магадлалтай. Ихэвчлэн түрэмгийллээр илрэх гээд байдаг талтай.

Захидалд уурлаад өөрийгөө тайвшруулдаг гэсэн байна. Тайвшруулж байгаа нь сайн хэрэг ч яагаад дахиад л уурлаад байна вэ? Бид юунаас болж уурласнаа мэддэг ч тайвширсныхаа дараа тэр асуудлыг шийдэхгүй орхичихдог. Тэгээд дахиад тэр асуудлаас болоод уурлах тохиолдол олон байдаг. Энэ үйл явц чамд тохиолдож байна уу? Тайвширсан бол болсон гээд тухайн асуудлыг орхидог уу? Тиймээс аль болох өөрт төрж буй эерэг, сөрөг мэдрэмжээ үгээрээ зөв илэрхийлэх, мөн уурласан шалтгаанаа олсон бол түүнийг шийдэх гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ тэр асуудалд чиний зүгээс хийж чадах зүйл юу байна, тэрийг л хийхэд хангалттай. Харин зарим зүйлс бидний хяналтаас гадуур байдаг тул түүнийг хүлээн зөвшөөрөх нь мөн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байхад тусалдаг. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter